Энхбаяр.Ж 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Энхбаяр: Мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийн татварыг 1 хувь болгооч

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы хуралдааны үеэр уриалга гаргалаа. Түүний уриалгын гол агуулга нь мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдааг хөгжүүлэх нь зүйтэй. Хөгжүүлэхийн тулд "Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд энэ салбарыг ч бас хамруулж, нэг хувийн татвар ногдуулах хэрэгтэй байгааг дурдлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гаргасан уриалга: 

"Төсвийн ерөнхий байдлыг харахад, бид ирэх жил 2,5 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн буруу бүтэцтэй. Үүнийг тойрсон үнийн өсөлт, бууралтаас шалтгаалсан Монголын эдийн засаг савладаг байдал бий боллоо. Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй салбаруудыг гаргахад, мэдээлэл технологи, интернэт худалдааны салбар орсон байна. Эдгээр салбар дэлхийн эдийн засгийн дийлэнх хувийг эзэлж байна. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хэмжээнд програм хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдааны хөгжил үнэндээ алга. Энэ салбарыг эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь 0,001 хувь ч хүрэхгүй байна.

Дэлхийн нийт мэдээлэл технологи, програм хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдааг хөгжүүлж чадсанаараа ирээдүйн хөгжлийн гол манлайлагч, эдийн засгийн хувьд хүчирхэг улс болж буй дүр зураг харагдаж байна. Саяхан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөвт суусан байна. Хувцас нэхмэл, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэг хувь болгохоор оруулж ирсэн нь маш зөв зүйтэй. Энэ 4-н салбар дээр програм хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдааны салбарыг оруулж өгөхийг та бүхнээс хүсч байна. Энэ саналыг УИХ-ын гишүүд бид та бүхнийг дэмжиж өгөөч гэж хүсч байна. Энэ салбарын хөгжил эхний шатандаа явж байна. Гэхдээ Монгол Улсын ирээдүй уул уурхайгаас хамааралгүй, шинэ эдийн засаг бий болгоход энэ салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улс далайд гарцгүй, бөглүү орон. Интернэт зах зээл бол орон зайн хязгаарлалтгүйгээр дэлхийн зах зээлд хүрэх, өрсөлдөх боломжийг өгч байна. Оюу толгой, Таван толгой нийлээд нийлээд бид 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улс шүү дээ. Гэтэл бидний сайн мэдэх алдарт "Candy Crush" гэж тоглоом, гар утасны апплейкшн сая 5,9 тэрбум ам.доллараар зарагдсан байна.  

2010 онд Оюу толгойн гэрээг үзэглэсэн. Тухайн үед 80 ам.доллараар эхэлж байсан компани одоо 30 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй болсон байна. Энэ компани ердөө зочид буудлын бүртгэл хийдэг компани. 2016 оны тоо баримтаар аль салбарт хамгийн их хөрөнгө оруулж байна вэ гэсэн судалгаагаар, зөвхөн технологийн чиглэлээр 2016 оны эхний хагаст 223 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт мэдээллийн технологи, интернэт худалдааны салбарт хийсэн байна.

Эндээс харахад, бизнест оруулж буй хөрөнгө оруулалтын дийлэнхийг технологид суурилсан салбар эзэлж байгаа энэ цаг үед Монгол Улс энэ салбараа бодлогоор хөгжүүлэхгүй юм бол дэлхийн нийтийн хөгжлөөс хоцорч, хөрш орнуудынхаа түүхий эдийг бэлтгэдэг, түүнийгээ тойрсон сэдвээр хэрүүл, тэмцэл хийдэг улс болж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүйтэй холбоотой асуудал. Тиймээс мэдээллийн технологи тэр дундаа програм хангамжийн үйлдвэрлэлд бизнесээ эхлэх, дэлхийн зах зээл дээр гарах бололцоог Монголын төр олгоё, 10 хувийг татварыг 1 хувь болгож өгмөөр байна. Энэ бол Засгийн газраас мөнгөгүйгээр хийх бодлогын дэмжлэг.

Дэлхийн зах зээлд гарсан залуучууд мэдээллийн том баазууд, сүлжээний компаниуд, програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх байх гэж бодож байна. Ганцхан жишээ хэлэхэд, Эстони улс бидний сайн мэдэх “What's up” апплекшнийг хийсэн нь тус улсын эдийн засгийг 1 дахин өсгөсөн. Гар утасны ганцхан апплейкшн тухайн улсын эдийн засгийн бүтцийг өөрчилж болдгийн ганцхан жишээ.

Хөгжлийн энэхүү хандлагад хүрэхийн төл Монгол Улс ямар ч алхам хийхгүй байна. Тиймээс мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлд нэг хувийн татвар ногдуулах талаар хуулийн төсөлд нэмээд оруулаад ирээч. Энэ нь төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй, Монгол Улсын ирээдүй болсон залуучууд их том боломж олгож байгаа хэрэг юм."