Тэрбишдагва.Д 2016.10.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Тэрбишдагва: Хямралаас гаргах онцгой хөтөлбөртэй уялдсан төсөв оруулж ирнэ гэж хүлээж байлаа

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс хэд хэдэн асуулт асуулаа. 

Тэрээр өмнөх төсвөөс ялгагдахгүй төсөл болохыг дурдаад төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай уялдсан, хямрал хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийн хамтаар 2017 оны төсвийг хэлэлцэх нь илүү бодитой болохыг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

"УИХ-аар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд 2017 оны төсвийн төсөл орж ирээгүй байна л даа. Төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцээгүй байна, төсвийн хүрээний мэдэгдлийн хэмжээнд боловсруулаагүй байна. Үүнийг Сангийн яам юу гэж үзэж байна?

Санхүү, эдийн засгийн хямрал болоод байна гэж их ярьж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Ерөнхий сайдын мэдэгдэл, эдийн засгийн тоо баримтуудаас харж байна. Засгийн газраас эдийн засгийн хямралаас гаргах бодлого, хөтөлбөрөө гаргаагүй байхад 2017 оны төсвийн төсөл ороод ирлээ л дээ.

Хямралаас гаргах бодлого, хөтөлбөртөө уялдсан төсвийн төсөл оруулж ирвэл бодитой төсөв болох болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, өмнөх төсвөөс ялгагдахгүй төсөл ороод ирлээ.

...Шинэ Засгийн газар бүрэлдээд оруулж ирж буй анхны төсөв учраас зоригтой алхам хийсэн, хямралаас гаргасан төсөл оруулж ирэх ёстой...

Хэлэлцүүлгийн явцад төсөл нилээн өөрчлөгдөх байх. 2017 оны төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байна гэж үзэж байна уу?

Гэтэл хэдэн сарын өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар засчихсан шүү дээ. Ер нь ингэж явц дундаа засаад байдаг юм чинь Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ямар хэрэгтэй юм бэ гэж бодоод байна л даа. Төсвийн хүрээний мэдэгдлээ ярьж байж дараа нь төсвөө ярьдаг шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөөд байдаг. Үүнийг юу гэж үзэж байна?

Үндэсний аудитын газрын санал дүгнэлтэд төсвийн зарцуулалт хангалтгүй байгаа талаар дурдсан. 2015 оны санхүүгийн тайлангаар өр авлага 2,9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ их авлагыг яах вэ? Мөнгө байхгүй гэсэн атлаа авлагаа авч чаддаггүй.

2015 оны 7 дугаар сард гарсан УИХ-ын тогтоолоор төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг баталсан. Тогтоолд олон төрийн өмчит компаниудыг өөрчлөх тухай оруулсан. Энэ хувьчлал, өөрчлөлтөөс олсон орлогыг төсвийн төсөлд тусгасан уу? Төрийн өмчит объектуудыг хувьчлах уу?

Орлого нэмэгдүүлэх талаар олон зүйл хиймээр байна. Тодорхой татварыг нэмэхгүй байх нь зөв боловч архи, тамхи, алтны татварыг нэмэх цаг нь болчихсон юм биш үү?" 

Гишүүний асуусан асуултууд: 

- 2017 оны төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байна уу?

- Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль байх хэрэгтэй гэж бодож байна уу?

- Авлагаа яаж авах вэ?

- Төрийн өмчит объектуудаа хувьчлах уу?

- Архим, тамхи, алтны татварыг нэмэх цаг нь болчихсон юм биш үү?