Бямбасайхан.Б 2016.10.06 | Сонин: Өдрийн сонин

Б.Бямбасайхан: Эдийн засгийн ирээдүй болсон эрчим хүчээ энэ өдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй

Б.Бямбасайхан: Эдийн засгийн ирээдүй болсон эрчим хүчээ энэ өдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй
“Новотерра ” компанийн захирал Б.Бямбасайхан

“Новотерра ” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол”- ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

Хоёр зүйлд анхаарч ажиллалаа. Төрийн өмчит компани гэдэг хэв маяг, уламжлал, тэнд хэрэглэгддэг байсан стандартуудыг яаж олон улсын стандартад нийцсэн, арилжааны зарчмаар ажилладаг бизнес болгох вэ гэдэгт анхаарч ажилласан.

Багануур гэж 40 жил ажилласан уурхайг нэг хоногийн дотор өөрчилж шинэчлэх боломжгүй л дээ. Хамгийн түрүүнд хүмүүс нь ойлгож итгэх учиртай. Компани улам сайжирна гэдгийг ухаарч байж үр дүнд хүрнэ. Энэ процесс явж байгаа.

Зарим хүний хэлдгээр темасек болгох суурийг тавих ёстой. Тэр суурийг тавих хамгийн гол зүйл бол хүн. Хүн нь ойлгодог, итгэдэг, туршлагатай, чадавхитай байх юм бол шилжилт хурдасдаг. Тэгэхээр хүнээ чадваржуулах хэрэгтэй.

Шаардлагатай гэвэл чадвартай хүнийг ажиллуулах учиртай. Ингэхийн тулд хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой. Өнөөдөр Монголд бизнес босгож, удирдаж чаддаг хүмүүс бий. Гагцхүү тэр хүмүүсийг төрийн өмчтэй компаниуд руугаа яаж татах вэ гэдэг л чухал.

-Бизнес босгож чадах хүмүүст ажил санал болгоход хамгийн түрүүнд юуг хардаг вэ?

Тийм хүмүүс олон зүйл хардаг. Очлоо гэхэд засаглалын орчин ямар байгаа, компани шиг байж чадах эсэхийг харна. Аль нэг шийдвэр гаргаж, тэрийг үг дуугүй биелүүлдэг орчин байвал, өнөө шийдвэр арилжааны бус байвал хэцүү. Ийм орчинд чадвартай хэр барагтай ирдэггүй. Бас өнөөгийн зах зээлд үнэлэгдэж байгаа хэмжээний ин чухал. Үүнийг хийх гэж зорилоо. Хоёр дахь нь гэвэл Оюутолгой.

Оюу толгойд шинээр 2000 ажлын байр бий болсон. Хөрөнгө оруулалт ажил нь эхэлчихсэн яваа. Оюу толгойн гүний уурхайн ээн байгуулалт эдийн засагт хамгийн хэрэгцээтэй лтийг авчрах, ажлын байр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт авчрах сайн талтай. Хэрвээ энэ асуудлыг шийдээгүй бол бүх зүйл гацсан хэвээр өнөөг хүрэх байсан. Бизнесийн зарчмаар, тоогоо харж, судалгаагаа хийж байгаад шийдвэрүүд гаргасан. Ингэсний хүчинд гүний уурхайн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. 2000 хүн шинээр ажилд авна гэдэг бол эдийн засагт байгаа бодитой жишээ.

-Ирэх жилүүдэд энэ ажлыг л үргэлжлүүлж хийгэ сэй гэсэн бодол байгаа байх. “Эрдэнэс Монгол”-ын дараагийн удирдлагын үргэлжлүүлэх учиртай ажил гэвэл та юуг онцлох вэ?

“Эрдэнэс Монгол’’-ыг төслийг эхнээс нь дуустал нь хийдэг, төсөл эхэлсэн бол дуусгаж чаддаг төв болгох хэрэгтэй байгаа юм. Том төслүүдийг Монголд хэрэгжүүлэх гээд үзэж л байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаануудаас олон зүйл ажиглагдаж байгаа. Эхлээд анхаарах зүйл бол түрүүн ярьсан хүний чадавхи.

Чадвар дутмаг байдаг сул тал бий. Чадвартай хүмүүсийг авч ажиллуулах нөхцөл нь бүрдээгүй байдаг. Сүүлийн 25 жилд Монголд янз бүрийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлж, амжилттай, амжилтгүй хийсэн туршлагаас судалсан. Энэ компанийн хувьд өнөөгийн хөрөнгийн нөөцөд нь тулгуурлах ёстой гэж үзсэн.

Хөрөнгийн нөөц гэдэг нь Багануур, Шивээ Овоо, Таван толгой, Оюу толгой. Эд бол үнэтэй хөрөнгүүд. Үүнийг стандартын дагуу үнэлэх боломж байдаг. Үүн дээрээ үндэслэж хөрөнгө босгож, босгосон хөрөнгөө дэд бүтцийн салбар руугаа оруулах хэрэгтэй. Уул уурхай дээрээ түшиглэж дараагийн алхмаа хийх ёстой, уул уурхайгаа босгож байж бусад салбараа хөгжүүлэх боломжтой гэж ярьсаар ирсэн нь ийм учиртай.

Тэгэхээр ингэж хөгжихөд “Эрдэнэс Монгол” чухал үүрэг гүйцэтгэх газар. Хөрөнгөө зөв үнэлж, ашигтай ажиллуулбал асуудал байхгүй. Том зургаар харвал арав, хорин жилийн дараа энэ компани эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно. Мэдээж энэ процесс цааш үргэлжлээд явна гэдэгт итгэж байна. Ингэхийн тулд компанийн засаглал их чухал. Өмнө хийж байсан аргаараа бүгдийг хийх гээд байвал ажил урагшлахгүй.

Шийдвэрүүдээ зоригтой гаргаж, стандартуудаа эргэлзэлгүйгээр авч хэрэгжүүлээд шилжилтийн үеэ аль болох хурдан хугацаанд давах хэрэгтэй л дээ. Дүлгэнэж суусаар байгаад шийдвэр гаргадаггүй, амжилтад хүрдэггүй, эдийн засагт өгөөж авчирдаггүй маш олон жишээ бий. Ямартай ч бид зам дээр нь гаргачихлаа. Цааш үргэлжлүүлээд явбал тав, зургаан жилийн дараа нэлээд өөр болно. Тав, зургаа ч биш бүр хоёр жилийн дараа өөрчлөлт мэдрэгдээд эхэлнэ.

-Та бүхний эхлүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд төрийн өмчтэй уул уурхайн компаниудад чадвартай хүмүүсийг ажиллуулж байж үр дүнд хүрэх нь гэж ойлголоо...?

Хүмүүс мэргэжлийн гэж яриад байдаг. Миний хувьд аливаа бизнесийг удирдах чадвартай, туршлагатай, олон улсын янз бүрийн стандартуудыг ойлгодог, хэрэглэж үзсэн хүмүүс байвал асуудал гарахгүй. Багануур, Шивээ Овоо, Таван толгой дээр өчнөөн асуудал ярьдаг. Яг нарийндаа бүх зүйл л хүнтэй холбоотой байдаг.

Хүн нь туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй бол алдаа гаргадаг. Хаана ч адилхан. Тэгэхээр зөв хүнээ л ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ чадвартай, туршлагатай хүн олон түмний тусын тулд гээд зүгээр ирээд ажиллахгүй. Цалин урамшууллыг нь өрсөлдөхүйц хэмжээнд өгөхгүй бол чадвартай хүнээ хулгай хий гэж байгаатай л ялгаагүй юм болно. Олон нийт ч ойлгох хэрэгтэй санагддаг. Иргэд ойлгохгүй бол энэ шинэчлэл

гавьтай явдаггүй тал бий. Энэ компани иргэдийн өмч учраас сайн ойлголттой байх хэрэгтэй. Хэрэггүй хэдэн нөхөр өндөр цалин аваад байна гэдэг сэтгэлгээ арилахгүй бол чадваргүй хүмүүсийг авч ажиллуулна л гэсэн үг.

Ганц нэг гэрээ нааш нь цааш нь болгоно гэсэн бодлоор ажиллавал үнэ цэнээ бий болгож байгаа хэрэг биш л дээ. Үнэ цэнийг бий болгоно гэдэг огт өөр ойлголт. Өрсөлдөөнтэй орчинд мэддэг, чаддаг юмаа хийж уралдаж байж бий болгодог. Дараагийн хорин жил тийм байх болов уу. Тэгж байж л бид өнөөдрийн байгаа орчноосоо сална.

-Ажлаа өгчихлөө, одоо ямар чиглэлээр ажиллах бодолтой байна вэ?

Эрчим хүчний салбар бол Монголын ирээдүй гэдэгт анхнаасаа бат итгэлтэй байсан. Одоо ч итгэсэн хэвээрээ. “Салхит”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. Дараагийн төслийн хувьд санхүүжилтийн гэрээ нь саяхан зурагдсан Цэций. Санхүүжилт нь шийдэгдчихээд байгаа. Нарны, салхин станцуудын төсөл хэрэгжүүлнэ гээд төлөвлөчихсөн.

Ер нь сэргээгдэх буюу цэвэр эрчим хүч Монголын хувьд өндөр боломжтой. Байгаа юман дээрээ бүгдээрээ очиж зодолдох биш шинэ бизнес бий болгох хэрэгтэй. Том зах зээл дээр ажиллахыг зорьж байна. Бүс нутгийн эрчим хүчний зах зээл гэдэг бол асар том. Бас бөөн боломж. Технологи нь сайжирч хямдарч байна.

Улсуудын эдийн засаг өссөн хэвээр байна. Энэ бүхнийг нийлүүлээд тооцоод үзвэл маш том боломж харагдаж байгаа. Эрчим хүчнээс гадна эрчим хүчтэй холбоотой дэд бүтэц байна. Энэ бүхэн Монголын эдийн засгийн ирээдүй. Ирээдүйгээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гомдоллоод суух эрх бидэнд байхгүй.

Сүүлийн таван жилд санхүүжилт их өөрчлөгдсөн. Банкууд цэвэр эрчим хүчийг санхүүжүүлнэ гэдэг болсон. Тэр бүхэнд бид дасч зохицох хэрэгтэй. Бүх шаардлагыг нь биелүүлдэг байх хэрэгтэй; Миний сурсан мэдсэн, талхаа олж иддэг салбар энэ л дээ. Тэнд байгаа мөнгийг яаж энд байгаа төсөл рүү авчрах вэ гэдэг бол миний ажил. Төсөл хэрэгжээд эхлэхээр орлого бий болно, татвар төлнө. Татвар төгсөн мөнгөөр сургууль цэцэрлэг барина. Үнэ цэнэ гэдэг зүйл тэгж л бий болдог.