Эрдэнэ.С 2016.10.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

С.Эрдэнэ: Аж ахуйн нэгжүүдээ ялгаварлан гадуурхаж байна

2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ


"Аж ахуй нэгжийн орлогын албан татварын асуудал бол өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед маш чухал асуудал. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг бизнес эрхэлж буй салбараар нь ялгаварлан гадуурхаж байхаар шууд ААНОАТ-ын хувь хэмжээг 0 хувь болгочихвол яасан юм бэ? Аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого болгоод явбал илүү үр дүнтэй юм биш үү?

Уг нь 90 хувийн буцаан олголт бол аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлэх бодлого байсан. Ардчилсан намын барьж байсан бодлогыг үргэлжлүүлж болдоггүй юм шиг байна. 90 хувийн буцаан олголт гэж байсныг 90 хувийн хөнгөлөлт болгоод өөрчилж байна л даа. Өмнөх УИХ-ын хийж байсан сайн ажил бүрийг өнөөдөр үгүйсгэж байна. Энэ нь сайн үр дүн авчрах ч юм уу, үгүй ч юм уу?" гэсэн санал хэллээ. 

Саналын хариу болгож УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ингэж хэллээ.  

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 

"Аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан. Хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн үйлдвэрлэгчид, хувцас оёдол, нэхмэл үйлдвэрлэл, хүнсний салбарынхан буюу жилийн 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдэд татварын хөнгөлөлт эдлүүлье гэж байгаа юм. 0 хувийн татвар ногдуулах тал дээр нэгэнт татвар ногдуулчихаад дараа нь буцаан олгож байсан туршлага бий.

Энэ нь процессын хувьд хүндрэлтэй учраас хамгийн зөв хувилбар бол 1 хувийн ногдуулах гэж үзсэн. Энэ нь Засгийн газар гэхээсээ илүү хувийн хэвшлийнхний оруулж ирсэн санал юм. Энэ саналтай холбогдуулан 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой бүх хэвийн хэвшлийн татварыг 1 хувь болгох санал авч болно. Гэхдээ хамгийн гол гэсэн 4 салбарыг Засгийн газар дэмжиж байгаа юм.

Орлого багатай бүх ААН-үүдийг хамруулъя гэвэл 30 тэрбум төгрөгийн татварын орлого яригдана. Аливаа бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед хамгийн амин чухал гэсэн салбаруудаа эхний ээлжинд татварын хөнгөлөлтөд хамруулъя гэсэн бодлого баримталж байна" гэж хариуллаа.