Энхтүвшин.Ө 2016.10.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ө.Энхтүвшин: Хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх хэрэгтэй

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр хуулийн үйлчлэх хүрээ багатай байна гэсэн шүүмжлэл зонхилж байна. Ийм саналтай байгаа гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин бөгөөд тэрээр хуулийн төслийг өргөжүүлэх талаар ажлын хэсэг байгуулж, судлах санал гаргасан. Саналын хувьд С.Бямбацогт хэрэв хэлэлцэх эсэхийг дэмжиж, цаашид УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлвэл, нэг дэх хэлэлцүүлгээр гишүүдийн гаргасан саналд үндэслэн хуулийн хүрээг өргөжүүлэх боломжтой гэдгийг хэллээ. 

Хамрах хүрээг өргөжүүлмээр байна

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: "Сонин тоо байна. Улсын төсөвт нийт 30 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлдэг ААН-үүдийн асуудал яригдаж байгаа юм байна. 86 мянган аж ахуйн нэгжээс 4500 гаруй нь энэ хуульд хамрагдаж байна. Тэгэхээр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зааснаар бол 1,5 тэрбум төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлоготой ААН-үүдэд нэг хувийн татвар ногдуулна гэж заасанд асуудал байгаа юм.

...Мөрийн хөтөлбөрөөс харахад бага орлоготой ААН-үүдийг бүгдийг нь хамруулна гэж ойлгосон. Нэр дэвшигчид ч тэгж ойлгоод сурталчилгаагаа хийж байсан...

Тиймээс өнөөдөр хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсэхийг шийдчихээд ажлын хэсэг гаргаж, энэ 4 салбараас гадна ямар ямар салбарыг хамруулж болохыг дахин авч үзсэн нь зүйтэй болов уу. УИХ-ын гишүүн О.Батнасангийн гаргаж буй санал зөв зүйтэй санагдлаа. Нээрээ л модны аж ахуйн эрхэлдэг бизнесийг яагаад дэмжиж болохгүй гэж?

Импортыг орлох бизнесийг хөнгөлөлтөд хамааруулсан гэж байна. Гэтэл импортыг орлох бүх салбарыг хамруулж чадаагүй байна.

Хэдэн ажлын байр бий болгож байгаагаар нь хөнгөлөлтөд хамруулж болохгүй юу? Худалдаа, үйлчилгээний салбар энэ хөнгөлөлтөд хамрахгүй болж байна. Хямралын нөхцөлд ажлын байрыг хадгалж байх нь төрийн том бодлого байх ёстой. Хуулийн төслийн зорилгыг гишүүдэд зөв ойлгуулах тал дээр анхаарлаа хандуулж, ажлын хэсэг байгуулан, хуулийн хамрах хүрээг өргөжүүлье" гэсэн саналтай байлаа.

Саналыг хариуг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өглөө. 

4 гэсэн тоо харагдаж байгаа ч хамрах хүрээ өргөн
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  

"Хуулийн хамрах хүрээг өргөжүүлж болно. Гэхдээ Засгийн газрын барьж буй бодлого бол эхний ээлжинд үйлдвэрлэлээ дэмжих юм. Валютын нөөц, төлбөрийн тэнцэл зэрэг эдийн засгийн голлох үзүүлэлт муу байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэр, нэхмэл болон хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрүүдийг эхний ээлжинд дэмжиж байна.

Монголчууд дотооддоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хувцас, гутлаа оёж чаддаг болсон. Барилгын материалын үйлдвэрлэл гэдэгт ган хийц, бетон арматур гэх зэрэг өргөн хүрээ хамарна. 4 гэсэн тоо харагдаж байгаа боловч цаанаа хамрах хүрээ өргөн.

Гэхдээ хамрах хүрээг илүү өргөжүүлэх шаардлагатай байна гэдэгтээ санал нийлж байна. Ажлын байр нэмэгдүүлж байгаа, үйлчилгээний салбарыг хамруулъя гэсэн санал анхны хэлэлцүүлгээр орж ирвэл тухайн саналуудыг хуулийн төсөлд тусгах бүрэн боломжтой." гэж хариуллаа.