Учрал.Н 2016.10.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Н.Учрал: Газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн 2 салбарыг хасах хэрэгтэй

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор 4 салбарт ААНОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар ид хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх эсвэл зарим нэг салбарыг хасаад оронд нь мэдээллийн технологи, програм хангамж зэрэг оюуны үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэж байгаа бол сөрөг хүчин бага орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх хэрэгэтй гэж үзэж байна. 

Ингээд уншигч танд УИХ-ын гишүүн Н.Учрал ямар байр суурьтай байж, ажлын хэсгээс ямар асуулт асуусныг хүргэж байна. 

Уламжлалт салбаруудаа биш инноваци нэвтрүүлж буй сайн үйлдвэрлэлийг хөнгөлөлтөд хамруул

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Төсвийн тодотголоор татвар нэмэхтэй холбоотой асуудлыг буцаасан. Гэхдээ бид цаашид архи, тамхи, алтны татварыг нэмэх ёстой. Ард түмний амьжиргаа руу халдсан татварыг нэмэхгүй байх ёстой болохоос биш архи, тамхи, алтны татварыг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнтэй холбоотой саналыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ч хэлж байсан.

ААНОАТ-ын хувь хэмжээг бусад улс оронтой харьцуулахад энэ төрлийн татварын хувь дунджаар 23,68 хувь байна. АНУ гэхэд 40 хувьтай, хамгийн бага хувийн татвар ногдуулж байгаа нь Ирланд, 12,8 хувийн татвар ногдуулж байна. Азид бол манай улс ААНОАТ-аараа хамгийн бага татвартайд тооцогдож байна. Нэгдсэн дүнгээр бол 250 гаруй төрлийн татварын хөнгөлөлтийг ААН-үүдэд эдлүүлж байна.

Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлж буй Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 4 салбар онцолж байгаагаас газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэлийг хасах ёстой гэж үзэж байна.

...Өнөөдөр газар тариалангийн салбарт хангалттай хөнгөлөлт, тусламж авч байна. Улаан буудайн 1 тн тутамд тодорхой урамшуулал авч байна. Түүний оронд урамшууллаа ав эсвэл татвараа хөнгөлүүл гэсэн хоёр сонголт санал болгомоор байна. Ингэхгүй бол цаашид Монгол Улс эдийн засгийн чөлөөт бүс болох дүр зураг харагдаж байна...

Хуулийн төслийг яг энэ хэвээр нь хэлэлцэн баталбал үйлдвэрүүд улам жижгэрэх болно. Жижгэрэх тусам үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар мууддаг. Стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлнэ. Тиймээс газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн хоёр салбарыг хуулийн төслөөс хасах ёстой гэж үзэж байна.

Харин үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ гэж байгаа бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын хэлсэнчлэн мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих замаар ирээдүйгээ бодъё.

Оюуны экспортыг бүтээж буй олон залуу байна. Ашигтай загвар, шинэ бүтээл гаргаж буй гар утасны апплейкшн бусад эрэлт хэрэгцээтэй програм үйлдвэрлэдэг оюуны бүтээл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Инноваци, техник технологийн дэвшил нэвтрүүлж буй салбарыг дэмжихгүй юм бол бид цаашид уламжлалт хэдэн салбараасаа өөр ахисан зүйлгүй улс болох нь ээ. Шилэн кабель, троллейбус зэрэг сайн үйлдвэрлэл явуулж буй ААН-үүдээ дэмжье гэсэн байр суурьтай байна.

Татварын хөнгөлөлт үзүүлснээрээ яг хэдэн хэдий хэмжээний ажлын байрыг бий болгох вэ? Хуулийн үзэл баримтлалаас харахад татварын орлого буурна гэж тооцоолсон атлаа хэдэн ажлын байр бий болох нь харагдахгүй байна. Тиймээс хэдэн ажлын байр шинээр бий болж, манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?" гэдгийг ажлын хэсгээс асуусан. 

Хуулийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө дунд, урт хугацаандаа гарна
Ажлын хэсгийн гишүүн:

"Одоогийн байдлаар хуулийн үйлчлэх хүрээнд татварын хөнгөлөлтөд 4678 ААН хамрагдах юм. Хэрэв ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл хувираа бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид нь ААН-ийн хэлбэр рүү шилжих боломжтой болно. Энэ агуулгаараа дунд, урт хугацаандаа хуулийн нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нь илүү тодрох болно. ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлснээр татварын орлогын бууралтыг 1 тэрбум төгрөг гэж тооцоолсон." гэж хариуллаа.     

Ажлын хэсгийн гишүүний хариултыг сонссон УИХ-ын гишүүн Н.Учрал нэмэлт 1 минут авч, өөрийн асуусан асуултандаа илүү тодорхой хариулт авахыг хүслээ.