Тэрбишдагва.Д 2016.10.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Тэрбишдагва: Засгийн газар иж бүрэн тооцоо, судалгаатай хуулийн төсөл оруулж ирж, түүнийгээ хамгаалмаар байна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд асуулт асууж дууссаны дараа үг хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэлцүүлгийн үеэр Засгийн газар, ажлын хэсгийн гишүүд хуулийн төслөө хамгаалж чадахгүй байна, иж бүрэн судалгаа, үндэслэлтэй хөдөлбөргүй хуулийн төсөл өргөн барьж байна уу гэдэгт эргэлзэж байна. Хэрэв үнэхээр тооцоо, судалгаа хийсэн бол түүнийгээ хамгаал гэж байлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хэлсэн үг: 

"Засгийн газар оруулж ирж буй хуулийн төслийн ач холбогдол, үндэслэлээ хамгаалахгүй байна. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт харж үзэж болно шүү, та нар хэлэлцэх эсэхийг дэмжвэл хуулийн хамрах хүрээг өргөжүүлж болно гээд байх юм.

Минийхээр бол Засгийн газар хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, татварын орчин, ААН-үүдийн чадавх, чадамж зэргийг иж бүрнээр нь авч үзээд өөр ямар ч салбарыг дэмжих боломжгүй, эхний ээлжинд зөвхөн энэ 4 салбарт татвар хөнгөлнө, дараагийн ээлжинд ийм, ийм асуудал оруулж ирнэ гэж яримаар юм. 

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд УИХ-д орж ирээд унаад байна. Тиймээс “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэгчээр бидний боломж ямар байна, яг тэр боломжинд тохирсон бодлого оруулж ирлээ гээд Засгийн газар өөрсдийгөө хамгаалахгүйгээр тэгж болно, та нарын шийдэх асуудал гээд байвал УИХ-ын гишүүд тойрогтоо тулгамдаж буй асуудлыг тусгахаар чармайна.  

Оюуны өмч, бусад татварын талаар ярилцаж байна л даа. Ажилсаг, хөдөлмөрч, бүтээгч Монголыг дэмжиж, баялаг бүтээсний хэрээр татварт төвлөрүүлэх орлого нь нэмэгдэж, тэр орлогыг нийгмийн хөгжилд оруулдаг байх хэрэгтэй. Оюуны өмч, шинжлэх ухааны салбараас хэдий хэмжээний орлого орж ирснээс шалтгаалж, тэр салбарт орлого хуваарилах болохоос биш шууд татварыг нэмнэ гэсэн асуудал байдаггүй л дээ.

Үйлдвэрлэлээ дэмжиж байгаа энэ бодлогыг дэмжмээр юм шиг мөртлөө Засгийн газар бүх боломжит хувилбараар хуулийн төслийг боловсруулалгүй, зай үлдээчихсэн юм шиг ярьж байна. Бүтээгч хэсгээ дэмжсэнээр л үр дүн нь гардаг болохоос биш 1 хувийн татварыг хавтгайруулан ногдуулж болох юм шиг байдал үүсээд байна. Эсвэл коммунизм байгуулах гээд байгаа юм уу? Нийгмийн бүх салбарыг үнэгүйдүүлж, ААН-үүдийн татварыг 1 хувь болгоно гэхээр улсын төсвийн орлогоо яаж бүрдүүлэх юм бэ?

Засгийн газар иж бүрэн тооцоо судалгаанд үндэслэсэн хуулийн төсөл оруулж ирж, түүнийгээ хамгаалахгүй юм бол татварын хөнгөлөлтөд ААН-үүдийг хязгааргүй хамруулж болох юм шиг ойлгогдоод байна.

Татварын орлого бүрдүүлэлт сайн биш байх нь. Улсын төсвийн орлого тасарч, гадаадын зээл тусламж авахаас өөр аргагүй байна шүү гэсэн иж бүрэн логикийг оруулж ирж, УИХ-ын гишүүдэд ойлгуулж чадахгүй юм бол татварын хөнгөлөлт эдлэх ААН-ийн тоо нэмэгдэх хандлагатай болж байна.

Төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр анх удаа шахуу Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслүүд чуулган дээр унасан. Одооноос оруулж ирсэн хуулийн төслүүд нь өөрчлөгдөж, хязгааргүй нэмэх боломжтой юм шиг нөхцөл байдал үүсч байгаа учраас Засгийн газар тооцоо судалгаатай төсөл оруулж ирсэн эсэхэд эргэлзэж байна. Хэрэв тооцоо судалгаатай оруулж ирсэн бол түүнийгээ баталгаажуулж, хамгаал гэж хэлмээр байна."