Саранчимэг.Б Д.Тогтохсүрэн Цогзолмаа.Ц Чинзориг.С Л.Элдэв-Очир 2016.10.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүдийн хамтран санаачилж, боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.10.07/ Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Л.Элдэв-Очир нар өргөн мэдүүлэв. 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь нийт ажиллагчдын 47,5 хувийг эзэлж байна гэсэн үг. 

...Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна...

Энэ байдал үргэлжилвэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсөж, төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай юм байна. 

Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагыг харгалзан Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцууллаа.

Тус хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын санд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх,  нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх эерэг нөлөөтэй хэмээн үзсэн байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой аж. 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдана.

Нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрөх боломжтой юм байна. Хуулийн төсөл батлагдсан нөхцөлд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.