Дорлигжав 2015.12.22 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив.

Арбитрын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.22/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Арбитрын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив.

Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга бөгөөд Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг зохицуулсан БНМАУ-ын Арбитрын байгууллагын тухай, Гадаад худалдааны арбитрын тухай зэрэг хуулиуд үйлчилж байгаад 2003 оноос Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн юм. 2003 оны Арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан ч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байдаг байна.


Тиймээс Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судлан, шинэлэг зохицуулалт тусган боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Үүнд арбитрын ажиллагааны харьяалал, шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ, санхүүгийн баталгаа, зардал хохирол гаргуулах, хэрэглэгчтэй холбоотой маргаан, цахим хэлбэрээр хийх хэлэлцээрийн талаарх зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн арбитрын хэлэлцээр бүхий гэрээний аль нэг талтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

Эдгээрээс гадна хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн Загвар хуульд нийцэхгүй байгаа зарим зохицуулалтыг шинэчлэн найруулсан бөгөөд дэвшилтэт зохицуулалтыг хадгалсан болохыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа