Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулийг хүлээлгэн өглөө
2016.10.06

Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулийг хүлээлгэн өглөө

УИХ-аар 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан билээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо.

DSC_1040

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ-ын удирдлагууд болон 300 орчим албан хаагч оролцов.

DSC_0991

Ёслолын ажиллагааны эхэнд Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд гардуулан өгсөн юм.

Батлан хамгаалахын багц хуулийг хүлээлгэн өгөх ёслолд  оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ цэргийн бодлогын шинэчлэлийн ач холбогдлыг чухалчлан гурван зүйлийг онцолж байв.

DSC_1099

“Нэгдүгээрт, Монгол Улсын батлан хамгаалах бодлого бол Монгол Улсын бүх салбарт хамаатай. Үүнийг зааж өгсөн. Батлан хамгаалах бодлого бол ийм өргөн хүрээтэй гэдгийг шинэчлэлийн баримт бичигт тусгаж өгсөн.

DSC_1021

Хоёрдугаарт, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үйл ажиллагааны хамгийн чухал зүйл нь хүний хөгжил юм. Монгол цэргийн хөгжил бол монгол хүний хөгжил юм. Мэргэшсэн цэрэгт суурилсан тогтолцоотой болъё гэдэг нь мэргэшсэн өндөр чадвартай хүнийг хөгжүүлэхтэй холбогдсон тал бүрийн хөгжлийг хэлж байгаа юм.

DSC_1142

Гуравдугаарт, улс оронд гарч байгаа техник, технологийн дэвшил, үйлдвэрлэлийн дэвшил бол батлан хамгаалах салбарт мөн явагдаж байх ёстой. Зарим оронд техник, технологийн дэвшил цэргийн салбарт эхэлж туршигдаад, дараа нь иргэний салбарт шилжиж байдаг. Монгол Улс цаашдаа энэ зам руу тууштай алхах хэрэгтэй байгаа юм” гэлээ.

DSC_1150