МАН манайхнаас ч ширүүн газардана
УИХ-ын гишүүн асан М.Батчимэг
2016.10.10

МАН манайхнаас ч ширүүн газардана

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй ярилцлаа.

-Шинэ парламент бүрэлдээд бүтэн улирал гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр өмнөх УИХ-ын гишүүд халаагаа өгөөд багагүй хугацаа өнгөрчээ. Сонгуулиас хойш та, хаан юу хийж байна?

Би нэг талаас улс төрч боловч нөгөө талаараа магадгүй түүнээс ч илүүгээр судалгааны ажилд шимтэн дурласан хүн. Судалгааны ажил гэдэг халагдаж солигддоггүй, тэтгэвэрт ч гардаггүй ажил шүү дээ.

Зохиолч, яруу найрагч, зураачийн хөдөлмөртэй адил гэх үү дээ. Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажил маань ч унших судлахаас холдоогүй. Сонгуулийн дараах хоёр сард сайхан амарлаа. Есөн сараас эхлээд өмнөхөөсөө багагүй ачаалалтай л ажиллаж эхэлж байна.

-Аль нэг байгууллагад ажиллаж байна уу, эсвэл хувиараа сайн дураараа судалгаа хийж байна уу?

Би гурван жилийн өмнө мэргэжил нэгт нөхөдтэйгээ, судалгааны ажилд дуртай залуустай хамтарч Улаанбаатарын бодлогын судалгааны төв гэж судалгааны жижиг байгууллага үүсгэсэн. Энэ байгууллага маань байгуулагдсанаасаа хойш аюулгүй байдал, засаглалын чиглэлийн судалгааны ажлууд хийгээд явж байгаа.

Судалгааны төвийнхөө үйл ажиллагааг боломжоороо өргөжүүлэх, хараат бус, чанартай судалгаа хийх, хамгийн гол нь бодлогын судалгааны байгууллага учраас шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд тухайн асуудлаар мэдлэг, мэдээлэл өгч байх зорилго тавиад ажиллаж байна.

Бас зөвхөн энэ төвийн хэмжээнд бус, мэргэжил, сонирхол нэгтэй судалгааны хүмүүстэй хамтарч ажиллах, судалгаа хамгийн их дутаж байгаа энэ салбарт үндэсний чадавх бий болгох юмсан гэсэн тэмүүлэлтэй байгаа. Ийм ч бодлоор 9 сараас МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэргэдэх Бодлогын судалгааны төвд зөвлөгөө өгч, зочин профессороор ажиллаж эхэлсэн.

-Та тухайлбал ямар сэдвээр судалгаа хийж байна?

Би сүүлийн хоёр жил Үндсэн хуулийн чиглэлээр хийсэн судалгаандаа үндэслээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг идэвхтэй уриалж ирсэн. Энэ чиглэлийн судалгаагаа үргэлжлүүлж байна. Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийх цаг болжээ гэдгийг нийгэм, олон нийт мэдрэх болсон.

Ирэх онд манай Ардчилсан Үндсэн хуулийн 25 жилийн ой болно. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах ёсгүй. Тиймээс энэ талын судалгаа, олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх ёстой гэж бодож, анхаарч ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр миний хувьд санаа зовж явдаг асуудал бол Монголын төр улам доройтож, суларч байгаа явдал. Үүнд ул суурьтай дүгнэлт хийж, шийдэх, гарах арга замаа зөв тодорхойлж, нийтээрээ санаж сэрж, хичээхгүй бол болохгүй болжээ. Энэ чиглэлд ажиллахыг хичээж байна.

-Үнэхээр л судлаач, шинжээчид өнөөгийн нийгэмд маш их хэрэгтэй байна. Энгийн жишээ хэлэхэд сэтгүүлч бид нарт очоод үгийг нь сонсчих бие даасан, олонд хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, эрдэмтэд ховор болжээ. Ялангуяа эдийн засгийн чиглэлээр хэний үгийг сонсохоо мэдэхгүй болчихоод байна. Улстөрчид бол эрх баригч болоод сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаад байдаг?

Үнэхээр тийм. Бид өнөөдөр Монголын эдийн засаг ирэх онд гурав орчим хувь өсөх гэнэ ээ, Азийн хөгжлийн банк тэгж хэллээ гэх хэмжээнд л байна. Манай төрийн мэргэжлийн байгууллагуудад судалгаа хомс, эдийн засгийн өсөлтөө нарийн тооцож чаддаггүй, ихэнхдээ илүү өөдрөг төсөөлдөг, түүнээсээ болоод төсвийн зарлагаа хэт нэмдэг нь өр төлбөр нэмэгдэх нэг шалтгаан болдог.

Нэг иймэрхүү л байдалтай явж ирлээ. Эдийн засгийн ч бай, гадаад бодлого, улс төрийн ч бай асуудлаар хараат бус, үнэ цэнэтэй судалгаа хийдэг, үг нь үнэтэй байдаг судлаач, судалгааны байгууллага байхгүйтэй адил байна. Үндэсний хэмжээнд ийм чадавх дутаж байна гэдэг чинь улс орон уураг тархигүй байгаатай адил шүү дээ.

-Үүнийг тэгээд яаж засах вэ?

Эрдэм мэдлэгийг үнэлдэггүй хувь хүн ч, улс орон ч урагшилж хөгжихөд хэцүү. Амжилттай, тогтвортой хөгжиж байгаа орнуудын нууц нь хууль, төрийн бодлогыг цээжний бангаар, сэтгэлийн хөдлөлөөр гаргадаггүй.

Маш нарийн мэргэжлийн судалгаанд суурилдагт байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-аар батлуулсан чухал хуулийн нэг нь Хууль тогтоомжийн тухай хууль. Ирэх оны 1 сарын нэгнээс хэрэгжиж эхлэх энэ хуульд, хуулийг заавал нарийн тооцоо судалгаанд үндэслэж боловсруулж байх шаардлага туссан.

Хэр баргийн нэг хоёр УИХ-ын гишүүн тохиолдлын хууль гэнэт санаачилчих боломжгүй болж байгаа гэсэн үг. Ихэнх ачаалал Засгийн газарт ирнэ. Төрийн яамд байгууллагаас тооцоо судалгаа нэхнэ. Үүнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлж чадвал ахиц дэвшил гарна.

Амжилттай хөгжиж байгаа орнууд Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувьтай тэнцэх мөнгийг шинжлэх ухааны суурь судалгаа болон бодлогын судалгаанд зардаг. Манайд бол судалгаанд мөнгө өгнө гэдгийг сайн ойлгодоггүй, бараг мөнгөний гарз гэж хүлээж авдаг. Энэ сэтгэлгээгээ л өөрчлөх ёстой.

ТӨР СУЛАРЧ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ АЮУЛ
-Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хууль болоод бусад багц таван хуулийг буцаах шийдвэр гаргасан. Эрх баригчид хэлэхдээ баталсан хуулиа ёсчлоогүй нь АН-ынхны алдаа. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ч дутуу, тиймээс буцаалаа гэсэн. Хууль ёсчлоогүй орхисон нь парламентын түүхэн дэх анхны тохиолдол гэж буй бол батлагдсан хуулийг буцаан татсан үйлдэл нь мөн анхных. Энэ мэт ёс бус үйлдлийг зогсооход Хууль тогтоомжийн тухай хууль онцгой үүрэгтэй гэж ойлгож болох уу?

Мэдээж үүрэгтэй. Хууль анх үзэл баримтлал нь бий болохоос эхлээд батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл маш олон хүн, байгууллагыг дамжин боловсрогдож, хууль ёсны болох харилцааг энэ хуулиар зохицуулна.

Тэгэхээр энэ харилцааг нарийвчлан зааж өгсөнөөрөө Хууль тогтоомжийн тухай хууль ямар ч гэсэн дэвшил авч ирнэ гэж итгэж байна. Энд харин нэг зүйлийг онцолмоор байгаа юм. Энэ хууль сайн хэрэгжих эсэх, ерөөсөө их хурлын ажлын чанар, алдаа эндэгдэл бага гарахад хамгийн их нөлөөтэй байгууллага бол УИХ-ын Тамгын газар. УИХ-ын уураг тархи нь ч гэж болно.

УИХ-ын гишүүд бол ирдэг, явдаг. Ийм ч байх ёстой. Бас ямар ч мэдлэг чадвартай хүн гишүүн болоод ороод ирж болно. Ардчилсан орны л амьдрал. УИХ-ын ой санамж болж, хууль хийх, батлах, ёсчлох арга техникийг ягштал сахихыг зөвлөж, манаж байх үүрэгтэй, улс төрчдийн хараанаас дальдчиж биш, төрийн хуулиа сахиад, болно, болохгүй гээд зарчим бариад суух учиртай УИХ-ын Тамгын газар хүчтэй байвал УИХ-ын ажил өөдлөхөд их тус болно. Мандухай сэцэн киноны Сатай сайдыг санаж байгаа биз дээ.

Төрийн түшмэл тэр хэмжээнд байдагсан бол улс төрчид хамаагүй бага алдахсан. Харамсалтай нь өнөөдөр манайд Сатай сайд төрөх ямар ч боломжгүй болж байна. УИХ-ын ажлын алба төрийн бусад албаны нэг адил улс төрөөс бүрэн хараат, халаа сэлгээнд байнга өртдөг болж, чадавх нь дээшлэхгүй төдийгүй улам суларч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албаа зэрэмдэглэх болсны харгай нь энэ.

-Тэгэхээр энэ гарч байгаа алдаанууд УИХ-ын Тамгын газраас их хамаарч байна гэж ойлгож болох уу.

Цаад эзэн нь гэдэг шиг Тамгын газар яагаад сул болсны шалтгааныг би хэллээ шүү дээ. Улс төрчид буруутай. Тэр дундаа УИХ-ын удирдлага үүнд илүү буруутай. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа улам бүр дур зоргын шинжтэй болж, УИХ институцийнхээ хувьд суларч байна.

Тийм чухал багц хууль баталчихаад ёсчилж чадаагүй хаасныг ч, УИХ-ын баталчихсан хуулийг тогтоол гаргаж буцаасныг ч ингэж ойлгохоос өөр арга байхгүй. УИХ-ын дарга гэдэг хурлаа удирдсан шиг удирдаж, парламентын институцийг бэхжүүлэхийн төлөө хуулиа барьж ажиллах л үүрэгтэй хүн.

Гэтэл манайд бодит байдал дээр УИХ-ын дарга Үндсэн хууль, бусад хуулиар заасан үүргээсээ хазайж, огт өөр ажил хийдэг хүн болж хувирлаа. УИХ-ын дарга намын даргын ажлыг давхар хийдэг, намын сонирхлоо УИХ-д тулгадаг, улс орныг, Засгийн газрыг давхар удирддаг туйлын буруу жишиг тогтож байна.

Энэ нь зөвхөн УИХ-ын ажилд муугаар нөлөөлөөд зогсохгүй Үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдлийн хуваарилалт амьдрал дээр улам их алдагдаж, тогтолцооны хямрал гүнзгийрэхэд шууд нөлөөлж байна. Өнгөрсөн 4 жилд манай намаас эхэлсэн буруу жишиг одоо үргэлжилж, улам гүнзгийрч байгаа нь маш их харамсалтай.

Олон ардчилсан оронд парламентын ажлыг тэнцвэртэй явуулах үүднээс УИХ-ын дарга намын харьяаллаасаа түдгэлздэг жишиг байдаг. Бид энэ талаар бодох, хуулиар зохицуулдаг болох цаг болжээ. УИХ-ын эдлэх ёсгүй эрхүүд хасагдах биш, нэмэгдээд байхаар улс улам буруу тийш яваад байна.

-Таны ярианаас УИХ хэт хүчтэй байна. Сулруулах хэрэгтэй гэсэн өнгө аяс харагдаад байх шиг санагддаг.

УИХ-ыг сулруулах тухай яриа байж болохгүй. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Хүчтэй байх ёстой. Би хийх ёсгүй ажилд хутгалдаад байгааг нь л эдлэх ёсгүй эрх гээд байгаа юм. Эдлэх ёсгүй эрх эдэлж байгаагаасаа болоод оногдсон ажлаа өөдтэй хийж чадахаа больж, ялзралд орж байна.

УИХ хуулиа чанартай гаргадаг, үүнээс дутахгүйгээр Засгийн газарт маш сайн хяналт тавьж ажилладаг байх ёстой. Өнөөдөр манай УИХ энэ үүргээ умартаад албан тушаал, мөнгө хуваарилдаг, Засгийн газрын ажилд хутгалддаг байгууллага болчихоод байна.

Үүнээс болоод Монголд Засгийн газар ч хүчгүй, УИХ ч хүчтэй юм шиг харагдах атлаа үнэн хэрэгтээ чадавх муутай байгууллага болчихоод байна. УИХ өөрийн томилсон сайд, өөрийн хуваарилсан мөнгөө хянах сонирхолгүй, хяналт тавьж чадах ч үгүй. Үүний бурууг 76 хүнээс хэн нь ч үүрэхгүй. Монголд хариуцлага гэдэг зүйл сураггүй болчихоод байгаагийн уг үндэс нь энэ.

-Энэ бүх ярианаас Монголын төр улам л суларч доройтоод байна уу даа гэсэн эмзэглэл лавширч байна.

Бид ерэн оноос хойшхи 26 жилд хаашаа зорьж замд гараад хаана оччихсон яваагаа дүгнэх цаг болж. Улс оронд, нийгэмд, хүмүүсийн амьдралд маш их дэвшил гарсан. Монгол Улс олон улсын хэмжээнд хурдтай хөгжсөн орны тоонд зүй ёсоор тооцогдоно.

Гэхдээ цаашдаа оноо нь биш, алдаа нь улам томроод байх дүр зураг бий болчихов уу гэж би эмзэглэдэг. Зөвхөн би ч биш, маш олон хүн ийм бодолтой байгаа гэж бодож байна. Үүний гол зангилаа нь төр. Төр хүчтэй, зөв бодлоготой байхад улс үндэстэн хөгждөг. Төр суларч дампуурвал үндэстэн мөхөл рүүгээ явна.

Хатуу боловч үнэн. Өнөөгийн том улс төрчид төрд хатуу баримтлах ёстой зарчмуудыг олон түмний нүдэн дээр хайр найргүй гишгэчиж байна. Төрийг хувийнхаа сонирхлоор удирдаж, цаана нь хувь хүмүүсийн дур зоргоороо авирлал, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн сонирхол, нөлөөлөл л бэхжээд байгаа дүр зураг нуух аргагүйгээр тод харагддаг болж.

Энэ бол эдийн засгийн нэг хэсэг хугацааны хямралаас хамаагүй илүү холын үр дагавартай. Төр хямраасны уршгийг Монголын ирээдүй, бидний үр хүүхэд хэдэн үеэрээ амсаж туулна. Түүх, цаг хугацаа бүгдийг шүүдэг. Үүнээс зугтаж гарах нэг ч хүн байхгүй. Үүнийг л төрийн дээд түвшинд ажиллаж байгаа улс төрч бүр бодож явах ёстой гэж боддог.

-Та 26 жилийн түүхээ дүгнэх болсон гэж хэллээ. Бид ер нь хаана оччихоод байна? Сүүлийн үед болж байгаа олон зүйлд ардчилал буруутай мэт бодол газар аваад байх шиг. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна.

Монголчуудын эрх чөлөөний мэдрэмж цусанд нь, генд нь байдаг гэж бий боддог. Тиймдээ ч ардчилал 26 жилд Монголд маш хурдан нутагшсан. Энэ гаднаас зүгээр л импортлоод ирсэн зүйл биш шүү. Харамсалтай нь сүүлийн үед ардчиллын ирээдүйд эргэлзэх яриа сонсогдох болж. Гэхдээ нийгмийн багаахан хэсэгт л дээ.

Судалгаагаар хүмүүс улс төрчдийг шүүмжилж байгаа ч ардчиллыг дэмжсэн хэвээр байгаа нь харагдаж байгаа. Ардчилал легитимт чанараа алдахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол төрийн сул дорой байдал, улс төрчдийн ялзрал. Би хувьдаа төр юм бүхэнд хутгалдаж, аж ахуйн үйл ажиллагаа нь хэт өргөжиж, буцаад социализм руугаа алхаж эхэлсэн нь ийм аюулыг бий болгож байна гэж үздэг.

Монголд төр хэтийдсэн эрхтэй болохын хэрээр иргэний эрх хумигдаж эхлэх дүр зураг харагдаж байна. Улстөрчид албан тушаалыг ч, хөрөнгө мөнгийг ч хуваарилаад эхлэхээр иргэд эрх чөлөөт иргэн гэхээс илүү төрийн дуулгавартай клиент болж хувирах аюул байдаг. Жишээ дурдъя л даа. Саяхан УИХ-д төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэлгийг хасах танах, татвар нэмэх хууль орж ирлээ.

Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа эмч, багш нар, төрийн албан хаагчдаас хэдэн хүн эсэргүүцэж дуугарав? Би гурван эмч гарч ирж нэг жижиг хэвлэлийн хурал хийгээд л таг болохыг харсан. Татвар нэмэх тухай яригдахад ч хувийн хэвшлийнхэн, компани, аж ахуйн нэгжийн удирдлагаас хэд нь дуугарав? Ажлын байраа алдах вий, банкаар дамжаад олддоггүй хөнгөлөлттэй зээлээс мултрах вий, тендерийн боломжоо алдах вий гэдэг айдас хүмүүсийг ийм л болгож байна.

Төр хэт томорсны шинж. “Танд бүхнийг амладаг төр томрон томорсоор танд байгаа бүхнийг булаан авах болно” гэсэн алдартай үг байдаг. Улс төрчид үүнийг мэдэхгүй биш, мэдэж л байгаа. Гэхдээ өөрчлөх хүсэлгүй байна. Төрийн өмчит компаниудыг хувьчилж, төрийн эдийн засгийн оролцоог хумих ёстой.

Төрийн хэт том, үрэлгэн зардал, улс төрчдийн гарын салаагаар урсах мөнгө эргээд татвар төлөгчид, ард түмний нуруун дээр өр болж ирж байгааг зогсоох ёстой. Манай өмнөд хөршид гэхэд л эдийн засгаа либералчлах, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг аажмаар хувьчлах бодлогыг тууштай явуулж байна. Гэтэл бид?

-Манай улс төрчид, эрх баригч намууд үүнд нухацтай дүгнэлт хийж, өөрчлөхгүй байгаа нь зөвхөн эрх мэдлээ алдахаас айсных уу, эсвэл өөр давхар шалтгаан бий юу?

Нэг талаас тийм. Нөгөө талд нь надад сүүлийн үед төрийн үйл ажиллагааг харахаар Дархлалын олдмол хомсдол (ДОХ) гэдэг шиг манай төрд Бодлогын олдмол хомсдол буюу БОХ гэдэг өвчин нүүрэлчихэж гэж бодогдоод байх болсон.

Олдмол гэж байгаа нь Монгол улсад бодлого ойлгох, боловсруулах чадвартай хүн байхгүй болчихоод байгаадаа биш, харин төрийн тогтолцоонд үүссэн гажгаас болоод бодлогын чадавхгүй болчихоод байна. Би нэг жишээ хэлье л дээ.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2017 оны төсөвт ирэх оноос хүүхэд харах үйлчилгээнд төрөөс мөнгө олгохыг зогсооно, 10 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн санал орж ирсэн байгаа. Гэтэл 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байгаа улс шүү дээ.

Хэмнэх гээд байгаа мөнгө нь төсвийн алдаглынх нь 0,5 хувиас ч хамаагүй бага мөнгө. Гэтэл Төрийн ордон засахад 2,2 тэрбум төгрөг зарна гэсэн байгаа. Хүүхэд харах үйлчилгээний цаана бусадтай адил төрөөс цэцэрлэгийн мөнгө авах эрхтэй хэчнээн хүүхдийн хууль ёсны эрх зөрчигдөж, хэчнээн хүн хөрөнгө оруулалтаараа шатаж, ажлын байраа алдаж, хэчнээн аав ээж ажил хийх боломжгүй болж, хамгийн гол нь хэчнээн хүүхэд гэртээ цоожтой үлдсэнээс болж амь нас нь аюул эрсдэлд орж байгаа нийгмийн зардлыг судалж тооцсон хүн байна уу.

Би энэ тоог тавьж оруулж ирсэн хүмүүсээс лав байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол ганцхан жишээ. Бодлогогүй санаачлага оруулж ирээд амруугаа алгадуулаад буцдаг жишиг Засгийн газарт тогтоод олон жил болж байна. БОХ өвчнөөс болоод бид зөв өөрчлөлтийг зоригтой төлөвлөж, тууштай хэрэгжүүлэх чадваргүй болж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛ ЗӨВХӨН ДАРГА СОЛИХ ТУХАЙ ЯРИА БИШ
-За яриагаа нийгмийн нэг халуун сэдэв байсаар байгаа танай намын шинэчлэлийн асуудал руу хандуулах уу? Эхлээд асуухад Ардчилсан нам УИХ-д есхөн суудалтай үлдлээ. Сонгуульд ялагдсаны шалтгаан юу байв?

Энэ талаар олон хүн ярьсан даа. Надад нэг их шинэ зүйл байхгүй. Алдааг бид эхлээд бусдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Өөдлөе гэвэл шүү дээ. Ардчилсан нам бол Монгол Улсын өнгөрсөн 26 жилийн хөгжилд их хувь нэмрээ оруулсан нам. Үүнийг хэн ч баллуурдаж чадахгүй.

Үүнийхээ нөгөө талд алдаа ч багагүй гаргасан. Бид улс төрийн тогтвортой институц болж ажиллаж чадахгүй, үг хэлээ олохгүй хоорондоо тэмцэлддэг гэсэн ард түмний шүүмжлэлийг хүлээж авахаас аргагүй. Энэ бол ялагдлын нэг том шалтгаан. Эдийн засгийн нөхцөл байдал сонгуулийн дүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй.

Сонгуулийн хуулийг будлиантайгаар өөрчилсөн нь бас нэг том алдаа. Холимог тогтолцооноос ухарсан нь маш том ухралт болсон. Би хувьдаа чуулган дээр үүнийг нэлээд олон удаа хэлж шүүмжлэлтэй хандаж байсан. Олон хүн ийм байр суурьтай байсан ч дийлдээгүй дээ.

Жижиг мажоритар бол нийт сонгогчдын саналыг харьцааг тусгаж чаддаггүй орхигдуулдаг, яг л энэ жилийн сонгууль шиг савлагаа үүсгэдэг тогтолцоо. Дээр нь сонгуульд мөнгөний нөлөө их байсан. Бас л жижиг тойргийн сул тал. Зарим нам, нэр дэвшигчид сонгогчдын бүртгэлээс эхлээд л санаатай будлиан, муу арга их хэрэглэсэн. Энэ бүгдээрээ нийлээд Ардчилсан намын ялагдлын шалтгаан болсон.

-АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хэд хэдэн удаа товлосон ч хуралдсангүй. Хурлаа хийж чадахгүй байгаагийн шалтгаан юү вэ?

Зарим хүмүүсийн огцом өөрчлөлтөөс болгоомжлох, эмээх сэтгэлзүй нөлөөлж байна гэж бодож байна. Нөгөө талаас зарим хүнд Ардчилсан намыг өмчлөх сэтгэлзүй хүчтэй байгаагийн илрэл болов уу. Зөвхөн энэ удаагийн ҮЗХ биш, манай нам Их хурлаасаа эхлээд шат шатны хурлаа хийж чадахгүй явж ирсэн шалтгаан нь дарга нар, фракцууд нөлөөгөө алдахгүй байхыг хичээж ирсэнтэй холбоотой.

Тэр нь яван явсаар тогтоол ус ялзарч мууддаг шиг үр дагаварт хүргэж, нам доторх ардчиллыг үгүй хийж байна. Одоо ч хуучнаа хадгалах эрмэлзэл байсаар байгаа учраас ҮЗХ, Намын их хурлаас болгоомжлох, бүх гишүүдийнхээ дунд марафон хийж дарга тодруулахаас болгоомжлох байдал харагдаж байна.

-АН-ыг цөөн хэдхэн хүн хүслээрээ залуурдсан хэвээр байна гэсэн үг үү?

Би 2012 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараахан намуудад, тэр дундаа манай намд ч “Улс төрийн товчоо” бий болчихоод байгаа тухай ярилцлага өгч, түүнийхээ төлөө намынхнаасаа ч багагүй зэмлэл хүртэж байлаа. Гэтэл 4 жилийн хугацаанд тэр байдал даамжирсаар цөөн хүн нийлж, олон буруу шийдвэрийг ар араас нь гаргасаар ямар үр дүнд хүрэв.

УИХ-ын гишүүдийн олонх нь бүлгийн хурал дээрээ санал хэлэх, бухимдлаа илэрхийлэхээс хэтрэхгүй л явж ирсэн. УИХ-д сууж байсан намын гишүүд бидний дуу хоолой, нөлөө тэр хэмжээнд байхад намын жирийн гишүүдийн үг хаана хүрэх вэ? Гэтэл улс төрийн нам ямар байх нь зөвхөн даргад хамаатай биш. Монгол Улсын иргэн бүрийн амьдрал, хувь заяанд нөлөөлнө.

Тэгээд ч нам гэдэг нийгмийн том хүчийг нэг хоёрхон дарга босгочихдог юм биш. Намын гишүүд, дэмжигчдийн зүтгэлээр л нам амьдардаг. Нам ямар байх нь эргээд намын олон зуун, мянган гишүүдийн ажил, амьдралд ч нөлөөтэй. Гэхдээ энэ бол ганц манай намын асуудал биш. Намуудыг удирдлага нь хувийнхаа компани шиг өмчлөх гээд байдаг хандлага Монголын хэмжээнд газар авсан.

Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын байр байдал зарим талаар манайхаас ч дор харагдаж байна. Эрх баригчид томруулдаг шилэн доор байдаг учраас МАН-ын урд анзаарагдаагүй олон асуудал улам тодорч байх шиг байна. МАН энэ эрчээрээ явбал дөрвөн жилийн дараа манай намаас ч ширүүн газардаж магадгүй.

-Фракц бүлгүүдээ эвлүүлж чадахгүй бол АН задарвал таарна гэсэн хатуу үг намын гишүүд дундаас сонсогдох боллоо. Ардчилсан нам задралын ирмэг дээр байна уу?

АН-ын задралыг Монголын ард түмэн, намын олон зуун мянган жирийн гишүүд хүсч байгаа гэж огт бодохгүй байна. Ардчилсан нам бол ард түмний бүтээл, алдаатай оноотой ч өнгөрсөн 26 жилд Монголчуудын буй болгосон нэг үнэт зүйл. Энэ намын төлөө сонгууль болгоноор нохойд хөөгдөж, цас бороо ялгалгүй зүтгэж ирсэн жирийн гишүүдийн хичээл зүтгэлийн үр дүн.

Дэмжиж санал өгч ирсэн сонгогчдын итгэл, хүлээлт цаана нь бий. Хэдэн дарга, улстөрчид үг хэлээ ололцохгүйгээсээ болоод, тойрч сууж хэлэлцээд тараачихдаг зүйл биш. Намыг тараана гэж ярьж байгаа бол тэр нь нөгөө л өмчлөх сэтгэлгээний л үр дагавар. Улс төрийн намгүй улс орон байхгүй, хоёроос дээш нам оршин тогтнодоггүй ардчилал гэж байхгүй.

МАН гэж үнэмлэхүй хүчтэй нам гараад ирчихсэн байхад нөгөө талд нь АН хөл дээрээ бат зогсож байж Монголын ардчилал амьд байна, цаана нь монгол хүний эрх эрх чөлөө хангагдана. Хүн өөрийн гэсэн өмчтэй байх, зах зээлийн эдийн засаг хөгжих, хүнлэг энэрэнгүй иргэний нийгэм байгуулах гээд Үндсэн хуулинд байгаа бүхий л үнэт зүйлс АН-тай холбоотой.

Тиймээс намыг задлах тухай ярина гэдэг бол дэндүү хариуцлагагүй яриа. Бид том эрх ашгаа хараад, тойрч суугаад ярилцах юм бол зодолдох биш эвлэрэх шалтгаан маш олон байгаа. Харин өөр өөрсдийн явцуу эрх ашгийг харах юм бол нийлэх, уулзах цэг улам багасна. Өөрчлөгдөх, шинэчлэгдэх гэсэн тэмүүлэл, тэмцэл дунд үнэхээр болохгүй байгаа нэг хэсгээсээ салах шаардлага байхыг харин үгүйсгэхгүй.

-Танай намын удирдлагад үе солигдох цаг ирсэн гэж хэлэх хүмүүс улам олон болж байна?

Санал нэг байна. Бид өнгөрсөн хугацаанд унтарч доройтсон олон зүйлийг өөрчлөх, сэргээхийг, нам дотроо шинэ, дэвшилттэй харилцаа, хандлага бий болгохыг хүсч байгаа. Үүнийг удирдлагын түвшинд шинэ хүч гарч ирэхгүйгээр хийж чадахгүй байна. Гэхдээ үе солигдох гэдэгтэй холбоотой нэг зүйлийг онцлон хэлмээр байна.

Энэ бол Ардчиллын төлөө тэмцсэн, энэ намын түүхийг алдаа оноотой нь хамт бичиж ирсэн ахмад үеэ хөөгөөд явуул гэсэн үг биш гэдгийг. Ардчилсан нам бол үе үеийн олон хүний бүтээл гэж түрүүн ярьсан. Үүнийг мартсан шинэчлэл бол дараагийн шинэ алдааны л эхлэл болно.

Саяхан манай намын дарга асан Н.Алтанхуяг Ардчилсан намд анх удаа ахмад, дунд, залуу гурван үе гар нийлж ажиллах цаг ирлээ гэж хэлсэн байна лээ. Энэ бол үнэтэй үг. Бидний шинэчлэлийн тухай яриа ийм л гараанаас өрнөх ёстой гэж боддог.

-Таны хэлээд байгаа үнэт зүйлсийг сэргээх лидер хэн байх бол?

Хүн нэрлэмээргүй байна. Бид ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, тогтоох л гэж байгаа бол намын даргаа шударга сонгуулиар сонгох ёстой. АН удирдлагаа сонгохдоо жирийн гишүүдээ оролцуулж, сунгаа хийж, нам даяар хүлээн зөвшөөрөгдөх лидертэй болох ёстой.

-Ардчилсан намд залуучуудын шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдсан. Тэдний зорилго, үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?

Намын залуус нэгдэж, намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулагдсанд баяртай байгаа. Цаг заваа, хөрөнгө хүчээ сайн дураараа зараад намын шинэчлэлийн төлөө зүтгэх ийм залуус байна гэдэг Ардчилсан нам ямар ирээдүйтэй нам болохыг, дотроосоо өөрийгөө засч залруулах хүч байгааг харуулж байгаа хэрэг.

Би хувьдаа тэдэнд урам өгч, амжилт хүсч, хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Залуучууд намын дүрмийн шинэчлэлд их ач холбогдол өгч байгаа нь их чухал. Энэ хэлэлцүүлэг нам даяар хийх хэлэлцүүлэг болж өргөжих, зөвхөн намын дүрэм бус, намын үзэл баримтлалын асуудлыг хамарсан хэлэлцүүлэг болж өрнөх ёстой гэж бодож байгаа.

-Шинэчлэлийн тухай яриа өрнөх нь үү гэтэл гацаад нэг л явж өгөхгүй харагдах юм. Хэзээ эрчээ авч нам даяар хөдөлгөөн болж өргөжих юм бол?

Удаашраад байгаа нь сайн ч, муу ч аль аль талтай. Нэг талаас юу юугүй хоорондоо үзэлцээд задраад явчих биш, биеэ биеэ сонсох, хүлээцтэй хандах, нийгэм, улс төрийн үйл явцыг ажих, аль болох задрах биш, эвлэж урагшлах гарцыг хайх эрмэлзэл хаана хаанаа байгаагийн шинж байх.

Ардчилал гэдэг бол хүлээц тэвчээр, зөвшилцөл, ойлголцлыг шаарддаг удаан, амаргүй үйл явц. Саяхан миний хүндэлж явдаг нэгэн ахмад дипломатч тааралдаад “Заан төрөхдөө их удаан, хүндрэлтэй төрдөг. Гэхдээ л заанаас заан л төрдөг. Түүн шиг Ардчилсан намыг шинэчлэгдээсэй гэсэн хүлээлт нийгэмд их байхад та нар удаан байна.

Удаж нягталсны эцэст заан шиг үр дүн гаргаж байвал ч бас ч яах вэ хө” гэж хэлж байсан. Нийгэмд манай намыг шинэчлэгдэж зөв төлөвшөөсэй гэсэн хүлээлт ямар их байгааг бид алхам тутамд мэдэрч байгаа. Өнөөдөр бид эрх бариагүй байгаа нь дотоод асуудалдаа алхам, алхамаар нухацтай хандах боломжийг олгож байгаа.

Нөгөө талаас заавал хурц зөрчилд орохгүйгээр өрнөөд явах ёстой хэлэлцүүлэг, үйл явцыг удаашруулж байгаа нь намын удирдлагад хоосон орон зай үүсч, манлайлал дутаж байгаагийн шинж.

Нөгөө л өмчлөх хандлагын ч илрэл. Ийм байдлыг зориудаар бариад байлгаад байх сонирхол намын өмнөх удирдлагуудад байна гэж бодож байгаагаа хэлсэн. Гэхдээ их удаан барих боломжгүйг хаанаа хаанаа ойлгож байгаа байлгүй дээ.

-Та намын үзэл баримтлалын хэлэлцүүлэг хийх, үзэл баримтлалыг төлөвшүүлэх тухай ярьлаа. Ардчилсан нам байгуулагдаад хорь гаруй жил болоход үзэл баримтлал төлөвшөөгүй явж ирсэн гэж ойлгож болох уу?

Ардчилсан нам олон нам нэгдэж байгуулагдаад өнөөдрийг хүртэл үзэл санааны сууриа батжуулж чадаагүй байгаа нь хамгийн том алдаа. Барууны чиглэлийн үзэл баримтлалын суурьтай гэгддэг манай нам зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар олон төрийн өмчит компани байгуулж, төрийн аж ахуйн үйл ажиллагааг тэлсэн бэ, нийгмийн халамжийг хэрхэн хавтгайруулсан бэ, тэр нь ямар үр дагаварт хүргэсэн бэ гээд ярьвал олон зүйл ярина.

Нэг талаас хувийн хэвшил, үйлдвэрлэлээ дэмжих гэж их хичээсэн ч нөгөө талдаа түүнийхээ эсрэг олон алдаа хийсэн. Хувийн хэвшил төртэй өрсөлдөж чадахгүй сөхрөхөд хүрч байна. Ганц Ардчилсан нам биш. Өөрсдийгөө нийгмийн чиг баримжаатай, социал демократ гэдэг МАН-ыг хар.

Нийгмийн халамжийн суурийг гэнэт цочроосон, бага, дунд орлоготой хэсгийнхээ татварын ачааллыг огцом нэмэх бодлогыг ямар ч хэлэлцүүлэг, эргэлзээ тээнэгэлзээгүйгээр шууд оруулаад ирж байгаа биз дээ.

Энэ бүхэн чинь намуудад тогтсон үзэл баримтлал бэхжээгүй явж ирсний тод илрэл. Бид улс орны хувь заяаг үүрч, төрийн эрх мэдлийг барих намыг бүү хэл хамтран ажиллах хүнээ сонгохдоо үзэл бодол, ноён нуруу, байр суурийг нь хардаг шүү дээ. Өнөөдөр хэлснээ маргааш үгүйсгээд, нөхцөл байдалд тохируулсан олон ааш аяг гаргадаг хүнийг монголчууд “Хаврын тэнгэр” шиг ааштай гэдэг.

Гэтэл төр барьж байгаа улс төрийн хүчин хаврын тэнгэр шиг байр суурьтай байж болох уу. Монгол Улс хөгжих гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Өнөөдөр бүтээж байгуулснаа маргааш нэг нь гарч ирээд л ор мөргүй нураачих гээд байгаа нь үүнээс л болж байгаа.

Тиймээс намын шинэчлэлийн асуудалд намын үзэл баримтлалын хэлэлцүүлэг маш чухал. Ийм яриа манай намд удахгүй эхэлнэ. Өргөн хүрээтэй ярина гэж найдаж байна. Би ч ийм шинэчлэлд илүү идэвхтэй оролцохыг хүсч байна.

-Гэхдээ Монголд төдийгүй бусад ардчилсан орнуудад ч улс төрийн намуудын үзэл баримтлалын ялгаа багасч байна гэж ярьдаг?

Үзэл баримтлалын ялгаа бага байх, тогтсон үзэл баримтлалгүй байх хоёр ялгаатай. Ялгаа багасч байгаа нь үнэн. Өнөөгийн дэлхий ертөнцөд хэт туйлширсан хандлага амжилт олох боломжгүй. Иймээс намуудыг барууны, зүүний гэхээс илүү баруун төвийн, зүүн төвийн гэж ангилах нь түлхүү болсон.

Ардчилсан нийгэм дэх төлөвшсөн намууд нийгэм дэх өөрийнхөө үзэл санаа, дэмжлэгийн суурийг баттай хадгалаад илүү, нейтрал дундын хэсгийн саналыг авахын төлөө өрсөлддөг, хоёр талаасаа нэлээд ойртсон бодлого явуулдаг болсон гэсэн үг. Манай намуудын байдал үүнээс өөр.

-АН-д фракц, бүлгүүдийн эвийг сахиулах эмэгтэй дарга хэрэгтэй болж гэж хэлэх хүн цөөнгүй байна. Үнэхээр эмэгтэй хүний эв эеийг сахиулах, нарийн ухаанаар намыг залахад алдах зүйлгүй мэт санагдаад байгаа юм? Та намын даргад нэрээ дэвшүүлэхгүй юу?

Манай намд мэдлэг, боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүд цөөнгүй бий. Тэднээс намын даргад нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа. Миний хувьд энэ дөрвөн жилд өөр төлөвлөгөөтэй байгаагаа дээр хэлсэн шүү дээ. Намдаа ч, улс орны хэмжээнд ч бодлогын чадавх бий болгохын төлөө зорьж ажиллая гэж бодож байна.

ИРГЭД АН-Д САНАЛ ӨГӨХ НЬ АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨ БИШ, ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗӨВ СОНГОЛТ БОЛНО
-Цаг үеийн шинжтэй зарим асуудал руу оръё гэж бодож байна. Орон нутгийн сонгууль хаяанд ирээд буй эгзэгтэй мөчид хүмүүс сонголтоо хэрхэн хийх вэ гэж эргэлзэж байгаа. Нэг хэсэг нь бүх шатандаа МАН гарвал тууштай ажиллах болов уу гэж горьдож байхад нөгөө талд АН-д өгөх нь зөв гэх хүмүүс ч олон байх шиг. Бүр сонгууль өгөхгүй, хэн нь ч ялаад хэрэг алга гэж цөхөрсөн бүлэг хүмүүс ч бий. Та сонгогчдод хандаж юү хэлэх вэ?

Өнөөдөр бидний амьдралд улс төрийн нөлөө дэндүү их болж. Ийм нөхцөлд улс төрд хэт хайхрамжгүй хандах нь өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйг хайрахгүй байгаатай адил. Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдох л болно гэдэг шүү дээ. Тиймээс би хүмүүсийг илүү идэвхтэй байгаасай. Гэхдээ ухамсартай идэвхтэй байгаасай гэж боддог.

Тавь, зуун мянган төгрөгөнд хууртаж саналаа худалдаж байгаа иргэд маргааш өөрийнхөө ирээдүйг зараад явуулчихсан байх вий гэдгээ эргэцүүлж бодох нь чухал. Сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ гэдэг бол иргэн хүнд хамгийн ойр байдаг, иргэнд шууд үйлчлэх үүрэгтэй, сонсох үүрэгтэй, шууд ардчилал хэрэгждэг гол талбар шүү дээ.

Тиймээс дээр байгаа дарга нарынхаа даалгаврыг биелүүлдэг гэхээс илүү, иргэдэд ойр, чих зөөлөн байж, эрх барьж байгаа намд шаардлага тавих чадвартай цөөнх болсон намыг сонгох нь иргэд бидэнд л хэрэгтэй. Тиймээс орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялах нь Ардчилсан намд гэхээс илүү иргэдэд л тустай. Сум дүүрэг бол төрийн яамдтай бодлогын цэц булаалдаад буруу хараад суудаг зэрэгцээ бүтэц угаасаа биш, шийддэг асуудлынх нь түвшин ч өөр.

-Сонгуульд нэр дэвшигчид харьцангуй залуужжээ. Үүнийг залуучууд улс эх орныхоо төлөө зүтгэх зориг зүрхтэй болсны шинж гэж эерүүлж болох ч хар багаасаа нам хүчний гар хөл, дарга дагалдагч болж, улстөржиж байгаа нь сайн хэрэг биш санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Хэн ямар бодол тээж, ямар итгэл үнэмшлээр нэр дэвшиж байгаа нь л сонин болохоос насны залуу хөгшинд учир байгаа юм биш. Залуучууд зөв юмны төлөө нэгдэж тэмцэх, зүтгэх хүч байя гэж шийдсэн бол улс төрд орох нь сайн хэрэг.

Улс төрчдийн гар хөл, харанхуй аялдан дагалдагч болж яваад эрх мэдэл, мөнгө төгрөг хуваарилалтад багтах хүсэлтэй байгаа бол улс төрд бий болсон ялзралыг л нэмнэ гэсэн үг. Урт хугацаандаа өөрсдийнхээ ирээдүйг хорлоно уу гэхээс сайн зүйл авч ирэхгүй л болов уу.

-Ойрын үед олны анхаарлыг татаж байгаа бас нэг халуун сэдэв бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал. Эрдэнэтийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан хүний хувьд танаас энэ талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ид өрнөж байгаа маргааны талаар та ямар бодолтой байгаа вэ?

Эрдэнэт үйлдвэр бол улс орны эдийн засгийн ачааг олон жил үүрч яваа их айл. Тэр ч утгаараа олны анхаарлын төвд байж, олон нийт үнэн мөнийг мэдэхийг шаардаж байгаа нь зүй ёсны хэрэг. Энэ асуудал өмнөх УИХ-ын түвшинд огт яригдаж байгаагүй болохоор миний хувьд хэвлэлийн мэдээлэл, олны ярианаас илүү гарах мэдээлэл алга.

Тиймээс эрх барьж байгаа МАН энэ асуудлыг үнэн мөнийг тодруулж бодит байдлыг олонд мэдээлээсэй гэж хүсч байна. Эрдэнэтийн асуудлыг шалгаж тодруулна гэсээр гурван сар боллоо. Гэтэл тэр шалгалт нь юу болсон нь сайн тодорхойгүй хэвээр байна.

Оронд нь олныг улам төөрөгдүүлсэн, улс төржсөн мэдээлэл л улам газар авч байна. 65 суудалтай, бүх эрх мэдлийг барьж байгаа нам үүнийг тодорхой болгох, алдаа оноо байгаа бол засах үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой. Дээр нь миний санаа зовж байгаа нэг асуудал бол үйлдвэрийн өмчлөлд өөрчлөлт гарсан гээд Эрдэнэтийн иргэд, үйлдвэрийн ажилчдын эрх ашгийн хохироох вий, хомроголон халаа сэлгээ хийх вий гэдэг болгоомжлол.

Эрдэнэтээс олон хүн надад хандаж энэ талаар айдас, болгоомжлол, гомдлоо хэлж байна. Сахил хүртээд шал дордов гэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай байсан үйлдвэр 100 хувь Монголын талд ирээд иргэдээ ажилгүй болгож, орон нутгийн эрх ашгийг хохироогоод эхэлбэл хүмүүс эсэргүүцэж тэмцэхээс аргагүй байдалд хүрнэ.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилж, таны өөрийн чинь талаар ярилцвал болох уу. Тантай уулзахаар ихэнхдээ ажил ярьсаар байгаад таардаг. Энэ оны сонгуульд таныг ялна гэж итгэж хүлээж байсан олон хүн бий. Харамсалтай нь сонгуулийн дүн өөрөөр гарсан. Та сонгуулийн дүнг хэрхэн хүлээн авсан бэ?

Сонгуульд ч, уралдаан тэмцээнд ч ялалт, ялагдал гэсэн хоёр үр дүн хүлээж байдаг. Ялна гэж өрсөлдөөнд ордог ч, цаана нь ялагдах магадлал байдгийг бодохгүй, сэтгэлзүйн огт бэлтгэлгүй ордог хүн цөөн байх. Нэгэнт зорьсон л болохоор би сайн баг, хамт олон, найз нөхдийн хүч, ханийнхаа дэмжлэгээр өөрөөс хамаарах бүх талаар хичээж ажилласан.

Тиймээс харамсах зүйл байхгүй. Сонгуулийн үр дүн хүссэн хэмжээнд гараагүй ч хувь хүнийхээ хувьд урам хугарч гутарсан зүйл үгүй. Өөртөө гэхээс илүү нам хэтэрхий зөрүүтэй ялагдсанд л харамссан. Хоёр том нам аль аль нь хэт ширгэчихгүй, бие биедээ хяналт тавих чадавхтай байх нь улс оронд, бид бүгдэд л хэрэгтэй. Миний хувьд сонгуулийн үеэр хүмүүсээс маш дэмжлэг мэдэрч байсан даа.

Нас, хүйс, намын харьяалал, тойрог үл хамаараад намайг маш олон хүн дэмжсэн. Тэр дундаа манай Эрдэнэтчүүд өөр тойрогт дэвшсэн гэлтгүй маш олноороо дэмжиж урам нэмж байлаа. Би тэгнэ гэж бодоогүй байсан. Би өмнө нь намын жагсаалтаар гишүүн болсон болохоор миний хувьд анхны сонгууль шүү дээ. Сонгууль өнгөрөөд хэдэн сар болж байгаа ч хүмүүсийн урмын үг тасрахгүй байгаа нь хойш сууж болохгүй хариуцлага байгааг мэдрүүлж байна.

-Байнга дагаж байдаг телевизийн дуран, олны анхаарлаас холдож, дуртай ажлаа хийх сайхан байгаа болов уу гэж бодогдож байна. Амьдрал аль хэр сонирхолтой байна?

Байнгын хурлын цагийн хуваарь, олон нийтийн ажлын цагт баригдахгүй өөрөө ажил амьдралаа төлөвлөх мэдээж сайхан байлгүй яах вэ. Гэрийнхэнд маань ч таатай л байгаа.

Би нэлээд хугацаанд йогоор тогтмол хичээллэе гэж бодоод тэр бүр амжихгүй яваад байсан. Одоо хүссэн зүйлээ хийх цаг гарч байна. Йогийн хичээлд явж, өглөө бүр 6 цагт босч цаг гаруй йог хийж байна. Өөрийгөө ялан дийлэх мэдрэмж их гоё байдаг шүү дээ.

-Таныг буудлагын спортоор хичээллэдэг гэж сонссон. Хоббигоо орхиогүй биз дээ?

Би чинь сонирхогч шүү дээ. Мэргэжлийн тамирчин шиг байнгын бэлтгэл хийж, тэмцээнд ордоггүй. Гэхдээ багш нар авьяас байна, хөгжүүлэх хэрэгтэй гэж урам өгдөг юм. Буудлагын спорт хүнд зөвхөн өөртэйгээ байх, төвлөрөх, өөрийгөө удирдаж сурах чадварыг өгдөгөөрөө гайхалтай спорт санагддаг.

Энэ утгаараа йог, бясалгалтай илүү ойр спорт. Буудах гэхээр хүмүүст гох дарах тухай бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Гэтэл багш нар сайн буудъя гэвэл гох дарах тухай бодох биш, хийх ёстой үйлдлээ л дарааллын дагуу маш тайвнаар гүйцэтгэхийг зөвлөдөг. Өөрийгөө, үйлдлээ тооцоолж, хянаж сур л гэсэн үг. Байнга биш ч таслахгүй бэлтгэл хийж байхыг хичээж байгаа.

-Нууц биш бол танаас нэг зүйл асуух уу. Саяхан нийгмийн сүлжээгээр таныг улс төрч эмэгтэйчүүдийн дотор биеэ сайхан авч явдаг, имэж стиль сайтай улс төрчөөр тодруулаад авсан. Та хувийн стилисттэй юу?

(Инээв.) Нуух юм байхгүй дээ. Надад өмсөх зүүхээ байнга зөвлөөд байдаг хувийн стилист байхгүй. Эмэгтэй улс төрчид байнга олны нүдэн дээр байдаг, хамгийн гол нь Монголын нийт эмэгтэйчүүдийн нүүр царай, төлөөлөл болж байдаг учраас эрчүүдэд ирдэггүй олон дарамт, хариуцлага хүүхнүүдэд маань ирдэг. Гоёж гангалахыг урьдал болгоод явахгүй ч эмэгтэй хүнийхээ хувьд илүү мэдрэмжтэй, гоё сайханд тэмүүлж, амьдралыг чимж явах нь бидний нэг үүрэг л юм болов уу даа.

-Ном бичиж байна уу?

Ном бичиж байгаа. Үндсэн хуульт байгуулал ба үндэсний аюулгүй байдлын сэдвээр ном гаргана гэж бодож байгаа. Монгол төрийн оршин тогтнол, үндэсний аюулгүй байдлын уялдаа холбоог түүхэн уламжлал, өнөөгийн нөхцөл байдал, онол, практиктай нь хослуулан буулгахыг зорьж байгаа. Жил хагасын дараа гэхэд уншигчдынхаа гар дээр шинэ ном тавина аа.

-Ярилцсанд баярлалаа.