2016.10.11

ХОМ гаргадаг албан тушаалтны хүлээх хариуцлага, шийтгэлийг чангатгана

2012 оны 1 дүгээр сарын 19-нд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд одоогийн байдлаар 6 удаа өөрчлөлт, 1 удаа нэмэлт оруулж, 1 удаа Ерөнхийлөгч хориг тавьж байжээ.

Хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сарын 4-нд өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд өөрчлөлт оруулсан заалтуудыг мөн оны 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Тэгвэл энэ удаа нэмэлт, өөрчлөлт оруулах болсон нь хууль зүйн болон практик шалтгаантай. Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй болон худал мэдүүлэг өгсөн албан тушаалтанд хүлээлгэх үр дүнтэй, дахин ийм байдал гаргахгүй талаас ял шийтгэх ногдуулж, ял шийтгэлийг чангатгах хэрэгтэй гэж олон улсын Авлигатай тэмцэх байгууллагаас манай улсад зөвлөжээ. Мөн үүнээс гадна мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэргийг таслан зогсооход тодорхой арга хэмжээ авна гэж Засгийн газрын ирэх 4 жилийн хөтөлбөрт тусгасан байна.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буураад байна.

Тиймээс иргэдийн итгэлийг сэргээх, Авлигатай тэмцэх газарт ХОМ-ээ өгдөг төрийн албан хаагчдыг гадаад улсын нутаг дэвсгэрт данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зэргийг хориглох практик шаардлага тулгарсны улмаас энэ хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлага нэмэгдэж, авлигын эсрэг хууль тогтоомж нэг мөр цэгцэрнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал зарцуулагдахгүй. Харин Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болж байна.     

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд шинээр 10дүгээр зүйл нэмэх, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтын “11” гэснийг "101, 11" гэж өөрчлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ.

Шинээр нэмж буй 101 гэдэг нь “Гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” нэртэй 5 заалт бүхий зүйл юм. Уг зүйлд:

1. Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.  

2. Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилогдох албан тушаалд нэр дэвшигч тухайн албан тушаалд нэр дэвшихдээ холбогдох байгууллагад гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан эсэхийг урьдчилан мэдээлэх үүрэгтэй.

3. Нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор зохих арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

4. Нийтийн албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах хамаарахгүй.

5. Нэр дэвшигч нь урьдчилан мэдээлэх үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй.

 “11” гэснийг “101, 11” гэж өөрчилснөөр ХОМ гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол нийтийн албанаас хална. 

5 заалт бүхий 1 зүйл нэмэлт, хариуцлага алдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилготой өөрчлөлтийг агуулсан уг хуулийн төсөлд хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацааг хараахан тусгаагүй байна. 

Бичсэн: Г.Мөнхтуяа