“АН гүтгэж байна”
2016.10.13

“АН гүтгэж байна”

МАН-аас орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан нарын хүмүүс оролцсон юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан хэлэхдээ “МАН олон бусармаг зүйлийг засаж, залруулах олон төрлийн ажил хийж байгаа. Наад зах нь гадаад, дотоодын зээл тусламж, өрийг зориулалтын бусаар зарцуулсан хууль бус үйлдэл илэрсэн.

Үүнийг залруулахын төлөө Засгийн газар ажиллаж байгаа. Жишээ нь Чингис бондын зарцуулалтаар хийсэн шалгалтын үр дүнд 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа, ажил хариуцаж байсан хүмүүсийн хууль бус үйлдэлтэй холбоотой гэж харагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-аас хуулийн байгууллагад хандаж байгаа.

Төсвийн тодотголоор өнгөрсөн оноос хойш олон нийтэд хүрэх ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдлээ. Үүний дунд оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийн асуудлаас эхлээд олон зүйлийг засаж залруулж оруулж ирсэн.

АН-ын зүгээс “МАН амлалтаас буцаж, мөрийн хөтөлбөрөөсөө ухарлаа” гэсэн мэдээлэл цацаж байна. Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 хувь тусгасан. Үүний хэрэгжилтийн үр дүнг 2020 оны сонгуулийн өмнө танилцуулна. АН-ынхан дараагийн дөрвөн жилд МАН-аас хэрэгжүүлж байгаа бүх ажлыг анхан шатны нэгжид гацаах зорилготой сурталчилгаа явуулж байгаад хамарсалтай байна.

Яг өнөөдөр цалин тэтгэвэр нэмэх нь битгий хэл хасах хэмжээний байдал бий болсон. Гэтэл МАН иргэдийн цалинг хасах байдлаар асуудлыг шийдэх нь буруу, харин цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэх шаардлагатай юм гэж үзэж байгаа. Ингэхийн тулд эдийн засгийг сэргээх арга зам авч байна. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд нэгдүгээрт, Олон улсын валютын сангаас тусламж авах.

Хоёрдугаарт, маш бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авах. Гуравдугаарт, бондын хугацааг сунгах боломж бий. Гэхдээ бондын эргэн төлөлтийн хугацааг сунгах гэхээр хүүгийн хэмжээ нэмэгдэх асуудал бидний өмнө тулгарчхаад байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нар эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд албан айлчлал хийж, энэ асуудлаар ярилцаж байгаа. Дээрх гурван замын аль нэгийг сонгож эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн байдлаар ажиллаж байна” гэлээ.