Чойжилсүрэн.Б 2016.10.14 | Сайт: Vip76.mn

90 хувийг буцаан олгох биш 90 хувиар хөнгөлнө

90 хувийг буцаан олгох биш 90 хувиар хөнгөлнө

Өнгөрсөн парламентын үед Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, аж ахуйн нэгжид ногдох татварын 10 хувийг хэвээр хадгалж, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын 90 хувийг буцаан олгоно гэсэн хуулийн төсөл оруулж ирж байсан. 

Тэгвэл одоогийн парламент энэ хуулийн төслийг баталж, хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдэлтэй байна гэж үзээд татварын хувь хэмжээг 90 хувь хөнгөлнө гэсэн хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байна. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүд хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, нэр заасан зарим салбарыг хасч, оронд нь өөр салбарыг оруулж ирэх нь зүйтэй гэх зэргээр зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж байлаа. 

Тэгвэл энэ удаад хуулийн төсөлд яг юу гэж заасан болоод хууль боловсруулагчид төслийнхөө ач холбогдлыг хэрхэн харж байгаа талаар товч мэдээлэл хүргэе. 

Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, илүү таатай эрх зүйн орчин бий болгох шаардлагатай байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байна. Иймээс тодорхой салбарт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг уг хуулиар олгох гэж хууль боловсруулагч, санаачлагчид үзэж байна. 

Хэлэлцүүлгийн явцад татвар бага төлөхийн тулд аж ахуйн нэгжүүд задрах, жижигрэнэ гэж үзэж байгаагаа гишүүд илэрхийлсэн. Тэгвэл хууль санаачлагч энэ эрсдлийг тооцоолж, дараах заалтыг төсөлд тусгасан нь аж ахуйн нэгжүүд жижигрэх, задрах боломжийг хаана гэж үзжээ. 

"Албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно."

"Тайлант жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бөгөөд дор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө" гэж заажээ. Доор дурдсан салбарт 1 хувийн татвар ногдуулах буюу өөрөөр хэлбэл 90 хувиар хөнгөлөх юм. Зөвхөн нэр дурдсан 4 салбарыг татвараар дэмжиж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. 

-Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа
-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл
-Барилгын материалын үйлдвэрлэл

Энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө гэж хуулийн төсөлд тусгажээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой уг хуулийн төсөл батлагдвал эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч, зөөлрөх хүртэл хэрэгжих бололтой.