Дүгэржав 2016.10.27 | Сайт: Vip76.mn

Монголд арбитрыг ашиглах нь харьцангуй бага байна

Монголд арбитрыг ашиглах нь харьцангуй бага байна
ЭмДиЭс Хаан Лекс ХХН-ийн партнер Д.Дүгэржав

УИХ-д Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсантай холбогдуулан ЭмДиЭс Хаан Лекс ХХН-ийн партнер Д.Дүгэржавтай ярилцлаа. Ази Номхон далайн орнуудын шилдэг 500 хуулийн фирмийн жагсаалтад дээгүүрт бичигддэг уг хуулийн фирмийн хуульчид Арбитрын тухай хуулийн төслийг олон улсын загвар хуульд нийцүүлэн боловсруулах ажлын хэсэгт идэвхтэй ажилласан байна.

Хэрэг маргааныг шүүхээс гадна арбитраар шийдвэрлүүлэх боломжтой гэсэн ерөнхий ойлголт иргэд, ААН-үүдийн дунд нэгэнт бий болсон байна?

Иргэдэд ач холбогдолтой гэдэг үүднээс арбитр гэж чухам ямар ойлголт болох талаар товч дурдах нь зүйтэй болов уу. Талууд хоорондын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлдэг. Хэд хэдэн шатны шүүх дамжин хэлэлцсэний үр дүнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг.

Энэ бол төрөөс тогтоосон хуультай процесс. Тэгвэл талуудын дунд байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад маргаан үүсвэл арбитраар шийдвэрлэнэ гэж урьдчилан (маргаан үүсэхээс өмнө, эсхүл маргаан гарсны дараа) тохиролцож, үүнийгээ гэрээндээ тусгасны үндсэн дээр арбитраар маргаанаа шийдвэрлүүлдэг.   

Талууд сайн дураараа харилцан тохиролцсоны үндсэн дээр арбитрыг сонгож, маргаан гарлаа гэхэд арбитрт ханддаг. Арбитрын шийдвэр эцсийнх байдаг. Давж заалдах эрхгүй. Тиймээс талууд эхнээсээ арбитрын талаар тодорхой  мэдлэгтэй болсноор арбитрыг сонгох хэрэгтэй.

Аливаа маргаанаар шүүхэд хандлаа гэхэд хэргийг шүүх шүүгчээ талууд өөрсдөө сонгодоггүй. Цаанаасаа томилогддог. Тэгвэл арбитрын тухайд, талууд арбитрчаа өөрсдөө сонгох эрхтэй. Гэхдээ талууд өөрсдөө сонголоо гээд хэн нэгнийх нь талд үйлчилнэ гэсэн үг биш.

Хараат бус, бие даасан байна гэдэг бол арбитрын цөм зарчим юм. Хараат бус, бие даасан байдлаар арбитрын бүрэлдэхүүн маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдвэрийг үүрэг хүлээгч тал үг дуугүй биелүүлдэг ёстой.

Тиймээс шүүхтэй харьцуулахад харьцангуй зардал, цаг хэмнэнэ. Анхан шатны шүүхээс эхлээд давж заалдах шат, хяналтын шатны шүүхэд хандвал дор хаяж 1-2 жил болох магадлалтай. Энэ онцлогоос шалтгаалан ихэвчлэн арилжааны хэлцлүүдээс үүссэн маргааныг арбитраар шийдвэрлэдэг.

Өмнөх Худалдааны арбитрын тухай хуульд зөвхөн гадаадын элемент оролцсон маргааныг арбитраар шийдвэрлэдэг байсан бол одоо дотоодын хоёр компани ч маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх боломжтой болсон.

Бие даасан, хараат бус, өндөр мэргэжлийн хүмүүсээр маргаанаа шийдвэрлүүлж, арбитрын эцсийн шийдвэрийг биелүүлээд явдаг жишиг олон улсад нэгэнт тогтсон байна.

Улс орнууд өөр өөрийн онцлогтой Арбитрын тухай хууль боловсруулж, батлаад явах юм бол гадаадын элемент оролцсон маргаанаас үүдэлтэй арбитрын шийдвэрийг  хүлээн зөвшөөрөх үү, өөрийн нутаг дэвсгэр дээр шийдвэрийг гүйцэтгэх үү, үгүй юу  гэдэг асуудал тулгарна.

Тийм ч учраас Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцид нэгдсэн гишүүн орон аль ч оронд  уг конвенцийн гишүүн нөгөө улсын арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээдэг.

Монголын шүүхийн шийдвэрийг гадаадад биелүүлье гэвэл маш их хүндрэл, учир дутагдалтай. Ихэнхдээ Тухайн  улстай эрх зүйн туслалцаа  харилцан үзүүлэх талаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр  байгуулаагүй бол шүүхийн шийдвэрийг өөр улсын нутагт хэрэгжүүлэх боломжгүй, эсхүл дипломат шугамаар маш олн дамжлага дамжих зэргээр хүндрэлтэй  байдаг.

Тиймээс ч Арилжааны гэрээ хэлцлүүдээс үүдсэн маргааныг арбитраар шийдэх нь түгээмэл. Энэ утгаараа НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай загвар хуульд нийцүүлэн өөрийн орны Арбитрын хуулиа боловсруулж, батлахыг дэлхий нийтэд уриалдаг. Ингэснээр олон улс нэг хууль дүрэмтэй, нэг хэлтэй, нэг ойлголттой болно гэж үздэг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Арбитрын тухай хуулийн дутагдалтай тал, шинээр найруулсан хуулийн төслийн дэвшилтэт талыг тодруулна уу?

Монгол Улс Арбитрын тухай хууль хэрэгжүүлж байсан туршлагатай л даа. Социализмын үед ч Арбитрын хуультай байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ч тэр Худалдааны арбитрын тухай хууль баталж, хэрэгжүүлж байсан. Хамгийн сүүлд 2003 онд Арбитрын тухай хууль баталж, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байна. Цаг хугацааны явцад энэ хуулийг шинэчлэх хэд хэдэн шаардлага тулгарсан.  

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төслийн шугамаар 2 жилийн өмнөөс боловсруулсан. Одоо хэрэгжиж буй хуулийг олон улсын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан гэдэг боловч НҮБ-ын олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын загвар хуулийг нутагшуулсан орон гэж Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөггүй байна. Загвар хуулийг нутагшуулсан орны тоонд багтдаггүй учраас гадаадын элемент оролцсон арилжааны хэлцлээс үүссэн маргааныг Монголын арбитраар шийдвэрлүүлэхээр сонгохыг гадаадын харилцагчид  төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй.

2006 онд олон улсын загвар хуульд орчин үеийн шаардлага, мэдээллийн технологийн хөгжил, арбитрын шийдвэр баталгаатай хэрэгжиж байх нөхцлийг бүрдүүлэх, аль нэг талыг үндэслэлгүйгээр хохироохгүй байхад чиглэсэн томоохон нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Тиймээс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Арбитрын тухай хуульд зайлшгүй тусгах шаардлага тулгарсан юм.

Мөн 2016 оны эхний найман сарын байдлаар Иргэний хэргийн анхан шатны шүүх 21 мянга гаруй иргэний хэрэг маргаан шийдвэрлэсэн байхад арбитр ердөө 58 маргаан шийдвэрлэсэн байх юм. Эндээс үзэхэд Монголд арбитрыг хангалттай ашиглахгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ нь нэг талаас Монгол Улсын 80 орчим хуульд хэрэг маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан, нөгөө талаас арбитрын байгууллагын хөгжил, чадавх чадамж олон улсын түвшинд хүрсэн үү, үгүй юу гэдэг асуулт ч гардаг байж болох юм. Монголд байнгын үйл ажиллагаа явуулдаг нэг арбитр байдаг.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр он гарсаар 110 маргаан хүлээн авснаас 58 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Уул уурхайн үндэсний ассоциацийн дэргэд тус тус арбитр байдаг ч шийдвэрлэсэн маргаан нь гарын 5 хуруунд багтах төдий байх жишээтэй.

Тиймээс Арбитрын хууль олон улсын жишигт нийцсэн байвал арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр сонгох байдал идэвхжиж, тэр хирээр байнгын  арбитрын байгууллага бэхжиж хөгжих, шүүхээр шийдвэрлэх маргааны тоо буурах, шүүхийн ачааллыг харьцангуй хөнгөлөх, маргааныг цаг, зардал багатай шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Таны ярианаас хэд хэдэн асуулт урган гарч байна л даа. Юун түрүүнд талууд гэж хэн байж болохыг тодруулаач? Жишээ татан асуухад, хувь хүмүүс хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үүсэх маргааныг арбитраар шийдүүлж болох уу?

Бололгүй яахав. Арбитр нь арилжааны хэлцлээс үүссэн маргааныг шийддэг арга механизм юм. Зээлийн гэрээ, худадлах худалдан авах гэрээ гэх мэт  иргэд, хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээнээс үүсэх маргааныг арбитраар шийдвэрлэнэ гэж талууд тохиролцож болно.

Зөвхөн гадаадын элемент оролцсон биш дотоодын иргэд, хуулийн этгээд хоорондын арилжааны хэлцлээс үүссэн маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж талууд тохиролцож, маргаан үүссэн тохиолдолд арбитр ажиллаж эхэлнэ.

Гагцхүү хүмүүс арбитрын тухай мэдлэг хомс учраас тэр үү, үгүй юу арилжааны  гэрээ хэлэлцээр байгуулахдаа маргаан үүсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж ихэвчлан тохиролцсон байдаг. Дахин хэлэхэд, арбитр нь шүүхтэй харьцуулахад зардал, цаг хэмнэдэг, шийдвэр нь заавал хэрэгждэг онцлогтой.

Гэхдээ арбитрыг сонгохдоо арбитрын тухай  сайтар ойлгож, судалсны үндсэн дээр сонгох хэрэгтэй. Бид хоёрын хэлцлээс үүссэн маргааныг хараат бус, бие даасан хүмүүс шийднэ. Тэр шийдвэр нь эцсийнх байна, тэр шийдвэрийг биелүүлнэ гэдгээ талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Нөгөө талаар Арбитрын тухай загвар хуульд ч тэр, манай улсын Арбитрын хуульд ч тэр ямар тохиолдолд шүүх оролцох вэ гэдгийг нарийн тусгаж өгсөн байдаг. Мэдээж аль болох шүүхийг оролцуулахгүй, шүүхийн оролцоог багасгах талаас нь бодолцож уг хуулийг боловсруулсан. Арбитрын хэрэг маргаанд зайлшгүй шүүх оролцох, туслалцах тохиолдол гэж бий. Тиймээс тухайн улсын шүүх байгууллага нь арбитраа дэмждэг байх хэрэгтэй. Шүүх байгууллага нь арбитраа дэмждэг орны арбитр нь сайн хөгжиж, бэхжсэн байдаг.

Шүүхээр шийдвэрлэсэн 21 мянга гаруй иргэний хэрэг, маргааны дотор хэдэн хэрэг маргааныг арбитраар шийдвэрлэх боломжтой байсан бол?  

Эдгээр иргэний хэргийг төрлөөр нь задалж, ангилсан нарийн судалгаа надад хараахан алга байна. МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар шийдвэрлүүлж буй хэргийн дотор ихэнх нь гадаадын элемент оролцсон, Монгол талтай хэлцлүүд байдаг.

Иргэний хэрэг дотор арбитртай ямар ч хамааралгүй  жишээ нь гэр бүл цуцлах зэрэг хэргүүд зонхилох нь мэдээж. Арилжааны хэлцлээс үүссэн маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж анх гэрээ байгуулахдаа, эсхүл маргаан үүссэний дараа талууд арбитрын хэлэлцээр байгуулаагүй л  бол маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх болдог.

Талуудын хооронд байгуулсан арилжааны хэлцлийн хамт арбитрын хэлэлцээр байна уу, үгүй юу гэдэг их чухал. Арбитрын хэлэлцээртэй л бол арбитр маргааныг шийдэх ёстой. Арбитрын хэлэлцээр хийгээд арбитрын ажиллагааны бие даасан байдлын маш чухал зарчмууд байдаг.

Нөгөө талаар Арбитрын тухай хууль нь Монгол Улсын бусад хуулиудаас ялгагдах маш том онцлог байна. Монгол Улсын бусад хуулийг зөвхөн Монгол Улсын шүүх хэрэглэдэг. Тэгвэл арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс байна гэж заасан тохиолдолд Монголын Арбитрын тухай хуулийг гадаадын арбитрын байгууллага ч хэрэглэнэ гэсэн үг.

Олон улсын загвар хуульд одоогийн шинэчилсэн хуулийн төсөл хэр нийцсэн бэ? Хуулийн төсөл батлагдлаа гэхэд загвар хуулийг нутагшуулсан орны тоонд багтана гэсэн баталгаа бий юу?

Энэ хуулийн төслийг боловсруулахад Хууль зүйн яам, шүүх, арбитрын зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсэгт манай “ЭмДиЭс Хаан Лекс” хуулийн фирмийн хуульчид голлон хамтран ажилласан. Түүнчлэн АНУ-ын “Sidley Austin” хуулийн фирмийн арбитраар мэргэшсэн, маш туршлагатай хуульч Дэвид Рони сайн дураараа уг хуулийн төсөл боловсруулахад санал зөвлөмжөө өгч хамтран ажилласан.

Хуулийн төсөл дээр хоёр  жил ажиллах явцад НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комисстой холбоо тогтоож, хуулийн төслийн орчуулгыг илгээсэн. Энэхүү хуулийн төсөл нь Загвар хуульд нийцсэн, боломжийн байна гэсэн хариу авсан байгаа. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын өргөн барьсан хуулийн төслийг эвдэхгүйгээр баталж өгөөсэй гэж хүсч байна.

Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад ороход Арбитрын тухай хууль маань  Загвар хуультай нийцсэн байхаас гадна тус олон улсын байгууллагын шийдвэр гаргах нөлөө бүхий  улс орнуудын төлөөллийн байр суурь, бусад хүчин зүйлсийн харгалздаг байхыг үгүйсгэхгүй. 

Эдгээр хүчин зүйлсийн нэгд Монгол Улсын шүүх арбитрыг хэр ойлгодог эсэх, Монголын арбитрын байгууллагын чадавх чансаа нөлөөлдөг байх? Ер нь Монголын шүүх арбитрыг хэр хүлээн зөвшөөрдөг вэ?

Монголын шүүх арбитрыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг гэж хэлнэ. Би чинь шүүхийг шүүмжлэх эрх хэмжээтэй ч  хүн биш. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүхийн оролцоо хаана, ямар тохиолдолд байхыг нарийн тусгаж өгсөн. Одоогийн хуульд ч тухайн зохицуулалт бий.

Шинэчилсэн найруулгын төслийг хуульчдаар хэлэлцүүлж байх явцад хэд хэдэн асуулт гараад байна л даа. Тухайлбал, арбитрын хэлэлцээрийг загвар хуульд хоёр янзаар тодорхойлсон байдаг. Манайх шиг хөгжиж буй орнууд А хувилбарыг сонгодог бөгөөд уг хувилбарт арбитрын хэлэлцээрийг маш ойлгомжтой тодорхойлсон.

Нэгд, талууд гэрээ байгуулахдаа ямар ч байдлаар харилцан тохиролцож болно. Жишээлбэл, маргаанаа хэдэн арбитрчаар шийдвэрлүүлэх үү, арбитрчид нарийн мэргэжлийн шаардлага тавих уу, арбитрчаасаа ямар үндэслэлээр татгалзах вэ, арбитрын ажиллагаагаа яаж явуулах, арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс байх уу, өөр улс байх уу, хурлаа хийхдээ мэтгэлцээнд биечлэн оролцох уу эсвэл цуглуулсан нотлох баримтад үндэслэн арбитрч шийдвэрээ гаргах уу гэх зэргээр бүх зүйлийг талууд тохиролцох эрхтэй.

Харин хуулийн төсөлд талууд өөрөөр тохиролцоогүй бол, арбитрын хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол... гэх зэргээр онцлох зохицуулалт хийж өгсөн. Жишээлбэл, арбитрчийн тоог талууд тохиролцоогүй бол хоёр тал нэг нэг арбитрчийг сонгоно, хоёр арбитрч гурав дахь арбитрчийг сонгоно.

Гурав дахь арбитрч нь арбитрын хуралдааны даргалагч байна гэж хуулийн төсөлд тусгасан байх жишээтэй. Энд талуудын тохиролцоог хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх чухал зарчим явж байна. Тухайэ харилцааг талууд арбитрын хэлэлцээрээр зохицуулаагүй тохиолдолд хэрхэхийг Арбитрын тухай хуульд заасан.

Хоёрт, арбитрын хэлэлцээрийн бие даасан байдал гэж бий. Арбитрын хэлэлцээрийг тусад нь бие даасан баримт бичиг хэлбэрт оруулж, гарын үсэг зурж болно. Эсвэл худалдах, худалдан авах гэрээндээ “Маргааныг шийдвэрлэх” гэсэн бүлэг оруулж байгаад, “Талуудын хооронд маргаан үүсвэл эвийн журмаар шийднэ. Нөгөө талдаа мэдэгдэнэ. Тодорхой хугацаанд найрсгаар шийдэх бүхий л арга замыг эрэлхийлнэ.

Тэр хугацаа өнгөрсөн тохиолдолд МҮХАҮТ-ын дэргэдэх Арбитраар маргаанаа шийдвэрлэнэ” гэх мэт зааж өгсөн тохиолдолд энэ нь арбитрын хэлэлцээр болно.  Харин аль нэг байнгын арбитрын байгууллагыг нэр заан дурдаагүй боловч арбитраар шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон байвал энд түр арбитр (ad hoc)  маргааныг шийдвэрлэх юм байна гэж ойлгодог байгаа.

Арбитрын хэлэлцээр бие даасан байна гэдэг нь тухайн ( жишээ нь, худалдах, худалдан авах) гэрээ хүчингүй болсон ч арбитраар маргаанаа шийдвэрлэнэ гэсэн заалт бүхий арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн үг.

Талууд тодорхой арбитрын байгууллага сонгодог. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын болон үндэсний арбитрыг сонголоо гэхэд тухайн арбитрын байгууллагын журмыг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн, талуудын тохиролцоо гэж үздэг. Өөрөөр хэлбэл, арбитрын байгууллагыг сонгохдоо дүрмийг нь судлах ёстой. Арбитрын байгууллагаа сонгосны үндсэн дээр арбитрчаа сонгоно.

Бизнес эрхлэгчдийн хамгийн түгээмэл алдаа бол гэрээ байгуулахын өмнө, байгуулах явцдаа хожим ямар нөхцөл байдал үүсэх, ямар эрсдэл дагуулахыг ер боддоггүй. Ажил бүтлээ, зээл авахаар болчихлоо, хөрөнгө орж ирлээ, техник тоног төхөөрөмж шийдэгдлээ гэж баярлаад ямар ч хуулийн зөвлөгөө авалгүй гэрээнд гарын үсэг зурчихдаг.

Гэрээ хэрэгжих явцад ямар нэгэн маргаан гарлаа гэхэд ийм заалт байсан гэж үү гэж гайхсан, мэдэн будилсан шинжтэй байдаг. Гэтэл гэрээ байгуулахын өмнө хуулийн зөвлөгөө авснаар хэлцэлд оролцогч талууд гарч болзошгүй эрсдлүүдийг урьдчилан тооцоолж, мэдэх боломжтой болдог.

Маргаанаа арбитраар шийдвэрлэхээр гэрээндээ тусгалаа гэхэд арбитрын хэлэлцээрийг бие даан хийх үү, гэрээний нэг заалт хэлбэрээр оруулах уу, нарийн мэргэшсэн арбитрч шаардлагатай эсэх зэрэг асуудлыг урьдчилан мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байж хэлэлцээрт орох нь зүйтэй юм. Тухайлбал, нарийн мэргэшсэн арбитрч байна гэж гэрээндээ тусгаагүйгээс болж шинжээч томилох, шинжээчийн ажлын хөлсийг төлөх гээд нэмэлт зардал гаргах шаардлагатай болдог.

Арбитрын хэлэлцээрийн бие даасан байдлаас гадна арбитрын ажиллагааны бие даасан байдлын зарчим гэж бий. Арбитрын ажиллагаа явагдаж байх явцад шүүхэд хандах тохиолдол гарна. Тухайлбал, гэрээний аль нэг тал нь  гэрээ  зөрчсөн гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол байж болно.

Гэтэл энэ тохиолдолд  маргаан үүсвэл арбитраар шийдвэрлүүлнэ гэж гэрээндээ тусгасан бөгөөд  нөгөө тал анхны тайлбар гаргахаасаа өмнө арбитраар л маргаанаа шийдвэрлүүлнэ гэдэг байр сууриа хамгаалж болно. Энэ тохиолдолд шүүх ажиллагааг дуусгавар болгож, арбитрт хэргийг шилжүүлэх ёстой.  Шүүх уг асуудлыг хянаж байх хооронд арбитр хэрэг үүсгэж, ажиллагаагаа үргэлжлүүлж, үндсэн шийдвэрээ гаргах бүрэн эрхтэй.

Өөр нэг тохиолдолд арбитрчаас татгалзах хүсэлтийг шүүх  хянаж байх хооронд арбитр хэрэг үүсгэж, ажиллагаагаа үргэлжлүүлж, үндсэн шийдвэрээ гаргах бүрэн эрхтэй. Шүүх энэ хуульд заасан тодорхой процесс ажиллагаанд оролцож байгаа. Маргааныг агуулга руу бол орох эрхгүй. Процесс зөрчигдсөн эсэхийг арбитрын үндсэн шийдвэр гарсны дараа ч шүүх хянах боломжтой.

Хэлэлцүүлгийн явцад шүүх болон арбитр дээр нэгэн зэрэг процесс яваад байна, зөрчилтэй зохицуулалт байна гэсэн асуулт олон удаа гарсан. Маргааны агуулга нөхцөл байдлыг хянан судалж, шийдвэрээ гаргах арбитрын ажиллагааны бие даасан байдал бол анхдагч зарчим бөгөөд энэ нь арбитрын хэлэлцээрийн бие даасан байдлыг зөвшөөрч, хүндэтгэх агуулгаасаа урган гарч байгаа юм.

Арбитрын шийдвэрийг шүүх хүчингүй болгох хэдхэн үндэслэл бий. Хүчингүй болгох талаар шүүхэд хүсэлт гаргалаа гэхэд шүүх маргааны агуулга руу орох эрхгүй. Зөвхөн процессыг хянадаг. Тухайлбал,  арбитрын хэлэлцээрийн тал нь эрх зүйн чадамжтай юу, арбитрын хэлэлцээр нь хүчин төгөлдөр үү, талуудыг нотлох баримтаа бүрэн гаргаж өгөх, тайлбараа хийх  бололцоогоор хангасан уу, хуралдаан болох, ажиллагаа явагдах өдөр, цагийг талуудад цаг тухай бүрт нь мэдэгдсэн эсэх, талуудыг харилцан мэтгэлцэх боломжоор хангасан уу гэх зэрэг процессын шинжтэй хяналтыг шүүх тавьдаг.

Шүүхийн оролцоо ийм байхад арилжааны хэлцэл хийж буй Монголын бизнесүүд арбитрыг ойлгох, хүлээн зөвшөөрөх соёлд хэр суралцсан байна?

Арбитрын давуу болон сул талыг хуулийн фирмүүд, хуулийн зөвлөхүүд бизнесүүдэд хэлж өгөх хэрэгтэй байна. Арбитрын шүүхээс ялгарах онцлог, давуу талуудыг сайтар ялгаж, салгаж ойлгуулах нь зөв.

Монголд үйл ажиллагаа явуулж буй арбитрын байгууллагын арбитрч нарын хараат бус, бие даасан, мэргэжлийн өндөр түвшинд маргааныг хянан шийдвэрлэж байна уу гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Арбитрын шударга байх зарчмыг арбитрын байгууллага дотооддоо хэрхэн, яаж хангаж ажиллаж байгаа нь маш чухал үзүүлэлт. Тиймээс арбитрын байгууллагыг бэхжүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэж байна. 

Тухайлбал, яг ямар заалт нь арбитрын байгууллагыг бэхжүүлэхэд тус дөхөм болох юм бэ?

Загвар хуульд арбитрын байгууллага гэж зааснаас биш арбитрын байгууллагад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тусгаагүй байдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуульд МҮХАҮТ-ын дэргэд эсвэл Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дэргэд арбитр байж болно гэсэн заасан.

Олон улсын туршлагаас харахад ихэвчлэн тухайн орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд байнгын арбитр байдаг. Гагцхүү манайд арбитрын байгууллага байгуулж буй процесс нь зөвхөн нэг хүнээс хамааралтай юм шиг. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга нь арбитрч нарын нэрсийн жагсаалтыг баталснаар арбитр байгуулагдсан гэж үзнэ гэж одоогийн хуульд заасан байдаг. Тэгэхээр одоогийн байнгын арбитр нь МҮХАҮТ-ын дэргэдэх нэг байгууллага эсвэл тус байгууллагын нэг хэлтэс нь юм уу, бие даасан байгууллага юм уу гэдэг нь ойлгомжгүй. Тийм учраас өрсөлдөгч байнгын арбитрын байгууллага бий болох ёстой.

Шинэчилсэн хуулийн төсөлд МҮХАҮТ-ын дэргэд болон үйлдвэр, үйлчилгээний байгууллагын харьяа байнгын арбитр байж болно гэж заасан. Байнгын арбитр нь өөрийн байр, хүний нөөцтэй байна гэсэн шаардлыг шинээр нэмсэн.

Олон улсын туршлагаас харахад, тухайн арбитрын байгууллагын дүрэм маш чухал байдаг. Дүрэм нь ойлгомжтой бөгөөд хэрэглэхэд хялбар байх ёстой. Арбитрч нараа шударга, хараат бус ажиллах боломжийг бүрдүүлсэн бодлого, механизмтай байх нь чухал. Бизнесүүд тухайн арбитрын байгууллагын бэхжилт, арбитрчдын чадавх, туршлага зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж сонголтоо хийдэг.

Монголын арбитрын байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж буй нь арбитрын ажиллагааны харьяалал нь зөвхөн Монгол Улс байна гэж сонгосон гэсэн үг биш.

Арбитрын ажиллагааны харьяалал (place/site of arbitration), хэрэглэгдэх эрх зүй  нь аль ч орон байсан манай арбитрч тэр улсын хуулийг баримтлан маргаан шийдвэрлэх мэдлэг, туршлага, чадавхитай байх нь чухал.

Дээр дурдсан 58 маргааны арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс байсан уу?

Талуудын хэлэлцээрээс хамаараад Монгол Улсын хууль, олон улсад түгээмэл хэрэглэдэгддэг дүрэм,  конвенци гээд янз бүр байгаа боловуу гэж бодож байна.  58 маргааныг шийдвэрлэсэн гэдэг нь бусад улстай харьцуулахад тийм ч бага тоо биш.

Гэхдээ үйл ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөгч арбитрын байгууллага бий болох ёстой.  Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд шинээр байнгын арбитр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг энэ дашрамд уншигчдад хүргэх нь зүйтэй санагдлаа.

Ер нь арбитрын ажиллагааны харьяалал болоод асуудлыг шийдвэрлэх арбитрын байгууллага нь өөр өөр байж болно. Хонконгийн арбитрын төв маргааныг шийдвэрлэнэ, арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс байна, гэрээндээ Япон Улсын хуулийг хэрэглэнэ гэж зааж болно. Энэ бол талуудын өргөн сонголт.

Ингэж заасан тохиолдолд Хонконгийн арбитр нь Японы иргэний болон худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан хуулийг баримтлан, арбитрын ажиллагааны процессоо Монголын Арбитрын тухай хуулийг барьж, өөрийн орны арбитрын байгууллагын дүрмээр шийдвэрлэнэ гэх зэрэг сонирхолтой олон боломжийг Арбитрын тухай хууль олгож байдаг.

Монголын арбитрчид хэр хараат бус, шударга, бие даасан байна вэ?

Арбитрч  бусдаас хараат байна, шударга бус байна, бие даасан байдлаар асуудалд ханддаггүй гэх нотолгоо надад байхгүй. Хараат бус, бие даасан байдаг гэж ч нотолж чадахгүй.

Арбитрын маргаанд арбитрчаар оролцож байсан тохиолдол бий юу?

Өмгөөлөгчийн хувиар оролцож байсан тохиолдол бий. Арбитрын ажиллагаанд оролцоход их онцлог. Арбитрын хуралдаан маш чөлөөтэй явагддаг. Арбитрч талуудад байнга эвлэрэх боломжтойг сануулна. Маш тайван, чөлөөтэй байдлаар маргаж мэтгэлздэг.

Шүүх дээр ч тэр, арбитр дээр ч тэр ажиглагдаж буй нэг зүйл бол маргааныг шийдвэрлэж буй арбитрч, шүүгчид орчин үеийн олон улсын санхүүгийн зах зээлд өрнөж буй хэрэг маргааныг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй, энэ төрлийн маргааныг хэрхэн шийдвэрлэж буй олон улсын жишгийг судлахгүй байна уу даа гэсэн байдал ажиглагддаг.

Шийдвэр гаргаж буй шүүгч ч бай, арбитрч ч бай өөрийгөө маш их хөгжүүлэх шаардлагатай. Хараат бус байх нь маш чухал. Ялангуяа арбиртч хүн олон улсын чиг хандлагыг байнга мэдэрч, судалж, ойлгож байх хэрэгтэй. Өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбоо хөгжихийн сацуу арилжааны хэлцлүүд ч шинэ шатанд гарч, инженерчилсэн бүтэц схем, бүтээгдэхүүн рүү яваад хөгжөөд  байна.

Ялангуяа санхүүгийн салбарт арилжааны маш олон үе шаттай, олон талууд оролцсон хэлцлүүд хийгдэж, санхүүгийн шинэ шинэ бүтээгдэхүүнийг цогцод нь бий болгон арилжиж буй өнөө үед аль нэг шатыг нь орхигдуулж, эсхүл дундаас нь тасалж ойлгон (өөрийнхөө хэмжээнд ойлгон) шийдвэр гаргах нь их аюултай.

Олон улсын санхүү, арилжааны зах зээл хуулиас түрүүлж хөгжиж байгаа учраас арбитрч нар тэдэнд зориулсан олон улсын хурал, чуулга уулзалт, сургалтуудад сайтар хамрагдаж, шинэлэг зүйлийг соргогоор мэдэрч, уншиж, судлан өөрийгөө хөгжүүлж, бэлтгэх хэрэгтэй байна.  Зөвхөн Иргэний хууль, бусад цөөн хэдэн хуулийн хүрээнд асуудал баригдахаа больсон байна.

Арбитрын давуу талууд гэхээр цаг хугацаа, зардал хэмнэдэг гэж хэд хэд дурдлаа. Тэгвэл цаг хугацаа, зардлыг хэрхэн, яаж хэмнэснийг бодит жишээ татан ярих боломж бий юу?

Шүүхийн гаргаж буй бүх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Талууд тэмдэгтийн хураамж төлөөд шүүхэд ханддаг. Ингээд харахаар шүүх зардал багатай юм шиг. Арбитрт хандахаар тэмдэгтийн хураамжаас гадна арбитрын байгууллагын зардал, арбитрчийн хөлсийг талууд төлдөг гэхээр зардал өндөр юм шиг харагддаг.

Гэхдээ зарцуулж буй цаг хугацааны үнэ цэн, шүүхийн олон шатаар явах цаг, зардал, сэтгэлзүйн нөлөөллийг  тооцвол арбитр нь давуу талтай. Гэвч арбитр дээр хэрэг удааширдаггүй гэсэн үг биш, гол нь тоглоомын дүрмээ өөрсдөө зохиож, түүгээр замнаж байгаа нь бас их ач холбогдолтой.

Цаг хугацааны хувьд нэг сарын дотор маргааныг тас гээд шийдчихдэг үү гэвэл бас тийм биш. Маш их цаг хугацаа авдаг арбитрын ажиллагаанууд байна.

Олон улсын арбитрын байгууллага арбитрын ажиллагааны процессоо бүтэн жилээр төлөвлөх нь бий. Гол нь шүүх байгууллагатай харьцуулахад давж заалдах 2-3 шат гэж байхгүй.

Таны ажиллаж байсан арбитрын маргаан хэдий хэр хугацаанд шийдвэрлэгдэж, талуудаас хэдий хэр зардал гарч байв?

Жил орчим болсон шүү. Нотлох баримт нэмж цуглуулах шаардлага тулгарсан. Мөн талуудын нэг нь насан өөд болсон учраас өв залгамжлалын асуудал нь шийдэгдэхгүй удах зэрэг бодитой шалтгаан байсан учраас удааширсан.

Шинэчилсэн хуулийн төсөлд түр арга хэмжээ авах тухай шинэ бүлэг орсон байх юм. Энэ бүлгийн ач холбогдлыг тодруулж өгнө үү?

Түр арга хэмжээ авах арбитрын бүрэлдэхүүний бүрэн эрх бол Арбитрын тухай хуульд шинээр орж ирж буй бүлэг. 2006 оны олон улсын загвар хуульд орсон гол өөрчлөлтүүдийн нэг нь энэ юм. Дотроо 11 зүйлтэй уг шинэ бүлэг нь Арбитрын хуулийн маш шинэлэг тал гэж би хувьдаа хэлнэ. Одоогийн хуулиар бол арбитр, арбитрын бүрэлдэхүүнд тийм эрх байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнээс хамаагүй өргөн агуулгатай арга хэмжээ юм.

Жишээлбэл, маргаан гарч байх явцад тухайн компанийн нэг хувьцаа эзэмшигч хувь эзэмшлээ шилжүүлсэн байлаа гэхэд ач холбогдолтой гэж үзвэл маргааныг шийдвэрлэх хүртэл өмнөх байдлыг сэргээх арга хэмжээ авч болно. Эсвэл арбитрын маргаан шийдвэрлэгдэх хүртэл хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үүрэг өгч болно. Гэхдээ түр арга хэмжээ авах хүсэлт гаргаж байгаа тал өөрөө маш том хариуцлага үүрэх болно. Өөрийгөө ялах магадлалтай гэж үзээд нөгөө талд түр арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаж байгаа учраас түр арга хэмжээ авах шаардлагатай гэдгээ арбитрын бүрэлдэхүүний өмнө батлах ёстой.

Би ялах магадлалтай байна. Гэтэл түр арга хэмжээ авахгүйгээр арбитрын шийдвэр гарахыг хүлээвэл эсвэл гарсны дараа би илүү их хохирох гээд байна гэсэн үндэслэлээ арбитрын бүрэлдэхүүний өмнө нотлох ёстой.

Арбитрын шийдвэр эсрэгээрээ нөгөө талд гарч болно. Түр арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан тал заавал ялна гэсэн үг биш. Арбитрын ажиллагааны бие даасан байдал хэрэгжиж байгаа нөхцөлд хараат бус, бие даасан, шударга, үнэн зөв шийдвэр гаргах ёстой.

Түр арга хэмжээ авч, нөгөө талын үйлдвэрийг зогсоосон ч арбитрын шийдвэр хүсэлт гаргасан талд биш нөгөө талд гарах магадлалтай тул жишээ нь,  үйлдвэр зогсоосноос гарах хохирлыг хүсэлт гаргасан тал санхүүгийн баталгаа гаргах замаар хариуцах болдог. Санхүүгийн баталгаа болгож, тодорхой хэмжээний мөнгийг тодорхой дансанд байршуулж болно.

Энэ бүлэг заалтуудыг их зөв ойлгож, зөв хэрэглэх ёстой. Түр арга хэмжээ авах уу, үгүй юу гэдгээ арбитрын хэлэлцээрээр тохирно. Түр арга хэмжээ авч болно гэж тохиролцож болно, түр арга хэмжээ авахгүй гэж тохиролцож ч болно.

Хэрэв түр арга хэмжээ авахгүй гэж тохиролцвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөрөнгийг битүүмжлэх, зарлагын гүйлгээг хаах зэрэг арга хэмжээ авч болно.

Түр арга хэмжээний төрлүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээнээс  энэ хуульд илүү өргөн хүрээтэй тусгагдсан.

Алтан Дорнод Монгол, Ханресурс гэсэн гадаадын элемент оролцсон арилжааны хэлцлүүдээс үүдэлтэй маргаанаар Монгол Улс олон улсын арбитрт дуудагдаж байсан шүү дээ. Уул уурхайн том төсөл хөтөлбөр хэрэгжихийн хэрээр энэ мэт олон улсын арбитрт дуудагдах тохиолдол хэр өсөх бол?

Таны хэлсэн хоёр тохиолдлын аль алийг яагаад олон улсын арбитрт дуудагдсан талаар сайн мэдэхгүй болохоор хариулах боломжгүй байна. Гэхдээ талууд гэрээ хийх үедээ өөрийн үүргээ хэр сайн ойлгосон, тухайн үүргийг 100 хувь биелүүлж чадах уу гэдгээ сайтар бодолцож үзсэний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй.

Нэг талаас, зарим тохиолдолд тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс болж, хариуцагч тал үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Нөгөө талаас үүрэг, хариуцлагынхаа эзэн болох тухай асуудал юм л даа. Хэлсэн амандаа эзэн болох нь хамгийн чухал.

Миний хэлэх гээд байгаа санаа бол манай хүмүүс гэрээ хийхдээ маш хайхрамжгүй хандаж байна. Хуулийн зөвлөгөө авахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх сургаар бодит боломжоосоо давсан амлалт, хэтэрсэн үүрэг хүлээдэг. Ингээд амлалтаа биелүүлж, үүргээ хүлээж чадахгүй болоод ирэхээрээ арбитрт дуудагддаг. Дуудагдахаас өөр яахав дээ.

Олон улсын арбитрт дуудагдана уу, Монголын арбитрт дуудагдана уу ялгаа байхгүй. Гэрээ хийхийн өмнө л талууд өөр хоорондоо өгөх амлалт, үүрэг хариуцлагаа сайн бодож тунгаах хэрэгтэй.

Гадаадын оролцогч  Монголын арбитрыг сонгох сонирхол байдаггүй. Учир нь нэгдүгээрт, олон улсын загвар хуулийг нутагшуулах орны тоонд Монгол Улс багтахгүй байна, хоёрдугаарт, гадаадын оролцогч тал нь илүү туршлагатай гэдэг утгаар нь олон улсын арбитрыг сонгодог.

Аливаа арилжааны хэлцэл хэр амжилттай болох нь тухайн бизнес орлогоо хэрхэн төлөвлөсөн, аль үе шатанд юу хийж чадах вэ гэдгээ нарийн сайн төлөвлөсөн, байгууллагын зорилго, алсын хараагаа зөв тодорхойлсон байдалтай шууд холбоотой. Нэгэнт бүх нөхцлийг нарийн сайн тооцоолж, үүргээ ягштал биелүүлж байгаа бол арбитрт дуудагдах шаардлага гарахгүй. 

Хуулийн төслийн уншихад ойлгомжтой, хэрэглэхэд дөхөм байдлыг та юу гэж үнэлж, дүгнэх вэ?  

Боловсруулж, хэлэлцүүлэх явцад сайн уншигдахгүй байна, орчуулгын байна гэсэн шүүмжлэлүүд гарч байсан. Илүү оновчтой, боловсронгуй болгох санал дээр  ажилласааар байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт шүүгч, арбитрч, судлаачид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон. Нилээн нухсан. Хууль зүйн яамны ажлын хэсэгт 10 гаруй хүн ажилласан.

Шүүгч, шийдвэр гүйцэтгэлийнхэн хүртэл оролцсон. Олон улсын загвар хуулийн нэр томъёог Монголд нутагшуулах асуудал бий. Нэр томъёоны тухайд орчуулагч болгон өөр өөрийн гэсэн саналтай байдаг, хамгийн оновчтой руу л бид тэмүүлсэн дээ. Олон улсын хуульч, арбитрч нартай нэг ойлголт, нэг хэллэгтэй болохыг л хичээсэн.

Арбитрч гэдэг тусдаа, бие даасан мэргэжил байдаг уу? Заавал хуульч, өмгөөлөгч байх, тэр талын мэдлэгтэй байх шаардлагатай юу?
Арбиртч гэж тусдаа бие даасан мэргэжил биш. Барилга, уул уурхайн инженер байж болно. Мэдээллийн технологийн мэргэжилтэн, хуульч байж болно. Ер нь хэн ч байж болно.

Хуулийн төсөлд арбитрчид тавих гурван үндсэн шаардлага бий. Нэгд, талуудын тохиролцсон мэргэжлийн шаардлага хангасан байх, хоёрт, бие даасан, хараат бус байх, гуравт, арбитрчаар ажиллахыг хуулиар хориглоогүй бол... гэсэн шаардлагуудтай. Өөрөөр хэлбэл, тухайн салбараар мэргэшсэн, бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай хүн байвал арбитрчийн шалгуурт нийцлээ гэж үзнэ. Прокурор, шүүх, УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч гэх зэргээр арбитрч байхыг тус тусын хуулиар нь хориглосон ажил, албан тушаалууд бий.

Талууд анх арбитрын хэлэлцээр хийхдээ, эсвэл маргаан гарсны улмаас арбитрч сонгохдоо дээр дурдсан мэргэжлийн шаардлагууд тавьж, арбитрчаа сонгох эрхтэй.

Байнгын арбитрын байгууллага бол бие даасан байгууллага. Тэгвэл тухайн арбитрын маргааныг шийдвэрлэх зорилгоор түр байгуулагдсан арбитр байж болно. Гэхдээ арбитраар мэргэших маш чухал. Арбитрч бол зүгээр нэг дотоодын хууль хэрэглээд явдаг хүн биш. Тиймээс олон улсын арбитрын сургалт, дамжаанд хамрагдаж, уншиж, судалж мэргэшсэн байх ёстой.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn