М.Энхболд: Өөрөө удирдах ёсны байгууллагаа байгуулахад иргэд идэвхтэй оролцоорой
УИХ-ын дарга М.Энхболд
2016.10.19

М.Энхболд: Өөрөө удирдах ёсны байгууллагаа байгуулахад иргэд идэвхтэй оролцоорой

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд байрлах Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог,  2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. 

Энэ үеэрээ УИХ-ын дарга М.Энхболд:  "Өнөөдөр 10 дугаар сарын 19-ний өдөр. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу орон нутгийн сонгууль явагдах ёстой өдөр.  Би Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг. Тиймээс хорооныхоо нутаг дэвсгэр дэх санал авах байранд ирж саналаа өглөө.

Улсын хэмжээнд сонгуульд оролцох насны нийт иргэддээ хандаж хэлэхэд, өмнөх орон нутгийн сонгуулийн ирцийг өнөөдрийн сонгуулийн ирцтэй харьцуулвал ирц  хүрэхгүй байж болохуйц байдал ажиглагдаж байна. Иймээс иргэд, олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол 4 жилийн хугацаанд тухайн орон нутгийн хөгжлийн болоод хүндрэл бэрхшээлтэй асуудлыг дээд шатны байгууллагадаа хүргэдэг. Дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжилтийг нь хангадаг чухал байгууллага юм. Өөрөө удирдах ёсны энэхүү байгууллагаа байгуулахад иргэд бүрэн эрхийнхээ дагуу идэвхтэй оролцох нь зүйтэй юм" гэв.