О.Баасанхүү: 4 асуулт асууж байхад ипотекийн зээлийг тойроод л ярьчихлаа
2016.10.20

О.Баасанхүү: 4 асуулт асууж байхад ипотекийн зээлийг тойроод л ярьчихлаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрвөн асуудлын хүрээнд сонирхсон асуултандаа хариу авахыг хүслээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Нэгдүгээрт, Миний ойлгож байгаагаар Монголбанкнаас ипотекийн зээлийг дэмжихгүй юм байна гэж ойлгож байгаа. Сангийн яамнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж ярьсан. Хэн нь үнэн яриад байгаа юм бэ? Хэрэв үргэлжлүүлэх юм бол мөнгөний эх үүсвэр нь хаана байгаа юм бэ?

Хоёрдугаарт, Оюу толгой төслийн борлуулалтыг хянадаггүй. Миний мэдэж байгаа хуулиар бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аливаа аж ахуйн нэгж Монголын банкаар дамжуулан ашиг орлогоо шилжүүлээд тодорхой хувиар татвар төлдөг. Гэтэл одоогийн байдлаар Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын ямар ч банк хянадаггүй, мэддэггүй. Хэрэв энэ их хөрөнгө, ойролцоогоор 300-аас дээш сая ам.долларын хөрөнгө Монголын аль нэг банкинд байвал мөнгөний бодлого тэр дундаа валютын ханшид нааштай нөлөөлөх байсан юм биш үү?  

Гуравдугаарт, Стэнд бай хөтөлбөрт нэг эрсдэл байна. Олон улсын валютын сангийнхан мөнгө өгчихөөд эргүүлээд авчихвал яах вэ? Хятадаас мөнгө авъя гэхээр төрийн бодлого яваад байна. Монголын эдийн засагт гадны бодлоготой мөнгө оруулж ирэх нь зөв үү, үгүй юу? Гэсэн хоёр талтай байна. Wall Street гээд яриад байгаа юм л даа. Бид өөрсдөө юмаа зараад мөнгө босгох боломж байдаггүй юм уу? Англиар биш санхүүгийн зах зээлийн хэлээр ярьдаг хүн байна уу? Гадныхантай ярихад мөнгөний бодлогын тухай ярьдаг хүн нь ганцхан Золжаргал байсан юм шиг яриад байна. Золжаргал гэдэг хүн их буруу зүйл хийсэн юм шиг бид яриад байдаг. Гэтэл мөнгөний бодлогыг энэ хэмжээнд бариад явна гэдэг гэж үнэлээд байна. Бид бодит байдалтай нүүр тулгараад байна. Гурав дахь эх үүсвэрээс мөнгө босгох асуудлыг яаж тооцож байгаа вэ? Бид зах зээлийг хянахгүй, гадныхан манай зах зээлийг хянаад байна. Тиймээс гадныхнаар хянуулахгүйн тулд бид өрсөлдөгч оруулж ирмээр байна. Оюу толгой төслийн хувьд Рио Тинтотой өрсөлдөх өрсөлдөгч оруулж ирмээр байна.

Дөрөвдүгээрт, олон улсын арбитрын шийдвэрээр Монгол Улс хэдэн ам.долларын өр төлбөр төлөхөөр болсон бэ? Өмнөх Засгийн газрын үед миний санаж байгаагаар 70 сая ам.долларын төлбөр төлж байсан санагдана. 70 сая ам.доллар гараад явж байна гэдэг валютын ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлнө шүү дээ. Мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байгаа энэ үед энэ мэтчилэн өр төлбөрийн асуудал байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулж асуумаар байна.

Эдгээр 4 асуултын эхний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулсан. 

Нэгд, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Монголбанк ипотекийн зээлийг дэмжиж байна. 5 хувь, 8 хувь гэсэн хоёр төрлийн ипотекийн зээл байгаагаас 5 хувийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ 5 хувийн зээл авах хүсэлтэй 1000 гаруй иргэний хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн. Цаашид ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэргүй байна. Энэ хөтөлбөрийг яаж үргэлжлүүлэх тухай хууль эрх зүйн орчин тодорхойгүй байна. Ипотекийн зээл нь "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байсан бол одоо энэ хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссан. Гэсэн хэдий ч төрөөс тодорхой бодлого баримталж энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх болно. 

Ипотекийн зээлийн талаар асуултад үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуусан асуултууддаа бүрэн хариулт авахыг хүссэн ч цаг дууссан юм.