УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.10.21

Олон улсын валютын санг хүлээгээд байх шиг

2016 оны 10 дугаар сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 

"Эдийн засаг хүнд үед төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. ДНБ-ий бодит төсөөлөлд 1,3 хувь байгаа нь төдийлөн өсөхгүй 3 хувь болно гэж байна. Төсвийн алдагдал 2,6 их наяд төгрөгт хүрсэн. ДНБ-ий 9,9 хувьд хүрээд байна. Төлбөрийн тэнцэл 490 орчим сая ам.долларын алдагдалтай байна.

Нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 1,8 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр нь 4,7 тэрбум ам.доллар, хувийн хэвшлийн өр 17 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 88 хувьтай тэнцэх хэмжээнд байгаа энэ хязгаарлагдмал нөхцөл төрөөс мөнгөний бодлогоо хэлэлцэж байна.

Төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх асуудал удааширч байгаа нь урьдчилан тооцоолоогүй тоонууд гарч ирээд байгаатай холбоотой. Санаа зовоож байгаа асуудал бол чанаргүй зээлийн хэмжээ. Энэ мэт олон том асуудлыг иж бүрнээр нь авч үзсэний үндсэн дээр УИХ-ын эрхэм гишүүд 2017 оны төсөв, мөнгөний бодлогыг хооронд уяж, хүндрэлээс гарах арга замаа харилцан авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Одоо болохоор Олон улсын валютын санг хүлээгээд байгаа юм шиг, УИХ-д оруулж ирсэн мөнгөний бодлого өөрчлөгдөх ч юм шиг нөхцөл үүсээд байна. Магадгүй одоо энэ чигээр нь батлачихаад олон улсын зээл тусламж орж ирэхээр ямар салбарт хөрөнгө оруулах вэ гэдгээ том зургаар нь харах хэрэгтэй байна.

Мөнгөний бодлогын хүрээнд төр засаг, хувийн хэвшил хооронд хэлэлцүүлэг өрнүүлж байж хамтаараа нэг ойлголцолд хүрэх ёстой. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч төрөөс мөнгөний бодлогын баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж байна."