Энхбаяр.Ж 2016.10.26 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Манай залуучууд үүнийг хийж чадна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

"Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам.долларт эргэлддэг. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэр болон ХАА, үйлдвэр, худалдаа гээд бүх салбар ороод энэ хэмжээнд хүрнэ. Гэтэл дэлхийд програм хангамжийн салбар үсрэнгүй хөгжиж, улс орнуудын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон. Ухаалаг гар утасны апплейкшнүүд эрэлт ихтэй байна. Олон улсын томоохон компаниудаас илүү үнэ цэнэд хүрч, дэлхий ертөнц өөрчлөгдсөөр.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд улсын төсөвт төвлөрөх татварыг багасгаж болохгүй. Мэдээллийн технологи гэсэн энэ салбар татварын орлого бүрдүүлэгч нэг бүрэлдэхүүн хэсэг болоогүй байна. Тиймээс Монгол Улс програм хангамжийн үйлдвэрлэлд оролцох хэрэгтэй. Интернэтийн сүлжээг ашиглан хязгааргүй өргөн зах зээлд нэвтрэх боломж байна. Энэ боломжийг ашиглах ёстой. Монголын залуучуудад боломж олгох хэрэгтэй.

Монгол Улсын хүн амын 80 хувь нь залуучууд. Залуучуудад газар байхгүй, уурхай байхгүй. Орчин үетэй хөл нийлүүлэн алхаж, оюунаа хөгжүүлж буй залуучуудад боломж олгох юм бол импортыг орлох програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадна.

Эхнээсээ манай залуучууд дэлхийн зах зээл дээр гарч байна. Дэлхийн томоохон компаниудад өөрсдийн тодорхой байр суурийг олжээ. Одоо энэ залуусыг Монголдоо авчрах хэрэгтэй. Мэдээллийн технологийн төвүүд, дата сан байгуулахад Монгол Улс уур амьсгал, газарзүйн байршлын хувьд боломжтой. Мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал шинэ эдийн засгийн боломж бий болно.

“Чингис” гэсэн нэрээ ашиглаж 1,5 тэрбум ам.доллар босгосон. Гэтэл ухаалаг гар утасны апплейкшн хөгжиж, хүмүүсийн анхаарлыг татаж байгаа энэ үед манай улс шинэ салбарыг нээж, эрх барьж буй МАН залуучууддаа урам өгөх нь зүйтэй. Энэ бол маш зөв бодлого болно. Манай залуучууд үүнийг хийж чадна. Гагцхүү бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.

Статистикийн мэдээнээс харахад, дэлхийн нийтээр 223 тэрбум ам.долларыг зөвхөн програм хангамжийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан байна. Гэтэл уул уурхайн салбарт ийм хэмжээний хөрөнгө оруулаагүй.

Улс орны ирээдүйд хэрэгтэй, залуучууддаа боломж олгох үүднээс энэ салбарыг дэмжээч гэж хүсч байна."