Ц.Даваасүрэн: Бид яагаад ард түмэндээ таалагдаж болохгүй гэж
2010.03.16

Ц.Даваасүрэн: Бид яагаад ард түмэндээ таалагдаж болохгүй гэж

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Энэ сарын 22-ноос намуудын бүлэг, байнгын хороодын хурал эхэлнэ. Төсвийн байнгын хороогоор нэн тэргүүнд ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?

-Манай байнгын хороогоор хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарсан. Төсвийн хүрээний шинэтгэлтэй холбоотой хуулиуд, Төсвийн тодотголын асуудал эхний ээлжинд яригдана.

-Энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагууд үүслээ. Зэс, алтны үнэ өөрчлөгдсөн нь тодотгол хийхэд нөлөөлөх байх?

-Монгол Улсын 2010, оны төсөвт тодотгол хийх хэд хэдэн хүчин зүйл, шалтгаан байна. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудлыг шийдэж, эхчүүдийн төрөх эмнэлэг барихад 20 тэрбум төгрөг шаардлагатай. Өвөлжилт хүндэрсэн, цас зуд нүүрлэсэн. Цагийн байдал наашлах болоогүй байхад өвсний нөөц дуусч, тэжээлийн хэмжээ багаслаа. Засгийн газрын нөөц шавхагдсан энэ үед зайлшгүй авах арга хэмжээ бий. Засгийн газрын нөөцийг нэмэгдүүлж цаг үеийн хүндрэлийг давахад бас л тодорхой хэмжээний хөрөнгө шаардана. Зэс, алтны үнэ төлөвлөсөн хэмжээнээс өндөр гарсан учраас төсвийн тодотголын үеэр энэ тухай ярилцана. Зэсийн үнийг төсөвт 5800 ам.доллараар авсныг эргэж харах хэрэгтэй байх. Манай нөхцөлд зуны гурван сард ид ажил өрнөдөг. Одоохондоо гэнэтийн ашгийн татвар авч байгаа учраас эндээс орох орлогыг бүтээн байгуулалтад чиглүүлж болно.


-Төсвийн тодотголын үеэр УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан тэрбум төгрөгийн зарцуулалтын чиглэл зөв эсэхийг дахин нягтлаад зураг төсөлгүй барилга объектэд хөрөнгө хуваарилсан бол эргэж харах юм байна. Төсвийн байнгын хорооны даргын тань хувьд Таны байр суурийг сонирхъё?

-УИХ-ын гишүүний тэрбум төгрөг гэж яримааргүй байгаа юм. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл учраас сонгогдсон тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх л учиртай. Хуралдааны үед УИХ-ын гишүүний хураалгасан санал бол ард түмнээс л гарсан, биднээр дамжуулан хэлдэг асуудал шүү дээ. УИХ-ын гишүүний тэрбум төгрөг гэсэн яриа сонгуульд ялагдсан, 2012 оны сонгуульд өрсөлдөөд үзэх юмсан гэсэн хүмүүсийн л улстөржүүлсэн ярианаас цаашгүй зүйл. УИХ-ын гишүүд ард түмэндээ таалагдах вий гэхээс айж байна. Бид яагаад ард түмэндээ таалагдаж болохгүй гэж. Сайн ажиллаж тойргийнхоо сонгогчдын тулгамдсан асуудлыг шийдсэнээр улс орны хөгжил урагшилж ард түмний амьдрал сайжирна биз дээ. Ямар ч ажил хийхгүй, санал ч гаргахгүй дөрвөн жил УИХ-ын танхимд дуугүй сууж болохгүй. Тойргийнх нь сонгогчдоос тавьсан УИХ-ын гишүүдийн төсөв батлах үед хураалгасан саналын хөрөнгө оруулалтын хэмжээ 270 тэрбум төгрөгт хүрсэн.
Тэр хэвээр батална гэвэл төсөвт хүндрэл учруулах учраас 92 тэрбум төгрөг болтол нь бууруулсан. Яг үнэндээ 76 гишүүнд хуваабал тэрбумаас их төгрөг гарах байх. Үүнийг улстөржүүлээд 2012 онд УИХ-д сулхан 76 хүн оруулах гээд янз бүрээр гишүүдийг хэлж байна. Тойрогтоо ажил хийх гэсэн хүмүүсийг ингэх хэрэггүй. Яахав гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт хийлгэхээр хуваарилсан тэрбумын хуваарилалт дунд ганц нэг буруу зөрүү, алдаатай зүйл орсон байхыг үгүйсгэхгүй. Үүнд гишүүд анхаарах ёстой. Бид тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, саяхан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сургуулийн дотуур байр шатсан. Нөхцөл байдлыг хэлж, тойргоос сонгогдсон гишүүний хувиар санал хураалгаж шийдвэрлүүлэх эрхтэй. Тойргийнхоо тулгамдсан асуудлыг сонгогдсон гишүүн нь хөөцөлдөж шийдвэрлүүлэх үүргийг хуулиар ч олгочихсон.

-Төсвийн тодотголын үеэр тэрбумын хуваарилалтын зарим зүйлийг өөрчилж болох уу?

-Нэгэнт л төсөв хууль болоод батлагдсан. Төсвийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргаад хураалгаж батлуулсан төсвийг тэг ингэ гэж хэлж чадахгүй. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгийг би сайн ойлгохгүй байгаа. Тэгж хэлэх эрхгүй. Харин төсвийн тодотголын төслийг Засгийн газар оруулж ирэх эрхтэй.

-Бас УИХ-ын гишүүний хууль санаачлахад зориулан мөнгө төлөвлөснийг ч эргэж харах тухай яригдсан шүү дээ?

-35 сая төгрөг гэж хариуцлагагүй тоо хэлсэн байна билээ. 15 орчим сая төгрөг хууль санаачлахад зориулж төсөвлөсөн. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга яагаад УИХ-ын гишүүддээ алергитээд байгаа юм бэ. Ингэж гишүүдийн өмнөөс ярьж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн хууль санаачлахад зориулж тодорхой хөрөнгө тавьсан. Улс орны хөгжил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө гишүүд хууль санаачлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн ганцаараа хууль бичих биш туршлагатай эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар чанартай хууль батлуулах шаардлага байна. Нэгэнт хуулийн төсөл дээр ажилласан хүмүүс ардаа амьдрал ахуйтай учраас тэднийг урамшуулах нь зүй ёсных. Ийм л зорилгоор мөнгө хуваарилсан. Бусад орны парламент ч ялгаагүй. Саяхан би Норвеги яваад ирлээ. Норвегийн парламент гишүүнийхээ гадагшаа явж хууль судлахад зориулан мөнгө төсөвлөсөн байна. Батлагдаж буй хуулийг чанартай болгоход мөнгө зайлшгүй шаардлагатай.

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас л ийм шийдвэр гарсан юм биш үү?

-Хасах танах баахан мөнгө төгрөг байгаа юм шиг л ярьсан байна лээ. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдсэн асуудлыг хамаагүй ярих эрх байсан уу, үгүй юу. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд би суусан. 35 сая төгрөгийн тухай яриагүй. Ер нь багцад байгаа мөнгөнд эргэж харах зүйл байвал ярилцъя л гэсэн. Байнгын хороод дээр яриад зарчмаа тогтсоны дараа ийм мэдээлэл гарах ёстой баймаар.

-УИХ-ын гишүүдийг чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцуулах, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх тухай бас тодорхой санал гарч байгаа юм билээ?

-Тэр бол зөв. Гэхдээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ийм ийм зүйл ярилаа гэдэг нь хэвлэлийнхний шугамаар л гарна биз. Заавал Тамгын газрын дарга нь хэлэх шаардлага байв уу. Төсөв бол хууль болоод батлагдсан учраас зөвлөлийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэх боломжгүй.

-Та тойрогтоо ажилласан. Хаваржилт хүндхэн байна уу?

-Тойрогтоо ажиллаад ирсэн, дахиад явна. Хаваржилт хүндэрч байна. Огт малгүй болсон иргэдийг малжуулах, орлогын эх үүсвэртэй болгох, ажлын байраар хангах арга хэмжээг авахаас аргагүй. Ингэхгүй бол Улаанбаатарт шилжин ирэгсдийн тоо л нэмэгдэнэ.

-Орон нутагт бүсчилж эсвэл аймгуудад Хөдөө аж ахуйн биржийг туршаад үзвэл ер нь ямар вэ?

-Малчдын хамгийн их асууж сурагладаг зүйл л дээ. Сүүлийн үед малын гаралтай түүхий эдийн үнэ унасантай ч холбоотой. Ченжүүд биднээс авсан түүхий эд, махыг дамлаж өндөр үнээр худалдаж байна гэдэг. Махны үнэ өнөөдөр кг нь 5000 төгрөгт хүрлээ гэхэд ченжүүд малчдаас энэ хэмжээнд ойртох үнээр мах худалдаж авахгүй шүү дээ. Малчдаас хэрэглэгчид хүрэх хооронд бүтээгдэхүүний ашиг хаашаа алга болоод байна вэ. Энэ бүхэнд хариулт олохрд малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг борлуулах хөдөө аж ахуйн бирж үгүйлэгдэж байгаа юм. Ойрын үед зайлшгүй шийдвэрлэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.