Тэлмэний бүтээн байгуулалтыг эхлүүлэв
2016.10.27

Тэлмэний бүтээн байгуулалтыг эхлүүлэв

Тэлмэний зуун мегаваттын дулааны цахилгаан станц, үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Энэ бол үндэстний баруун бүсийн хөгжлийн түлхүүр төсөл юм. Шинэ Ази групп компани уг ажлыг төслийн хэмжээнд боловсруулах, эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах амаргүй замыг он жил туулан зүтгэж ийнхүү эхлүүлж байгаа юм.

Төслийн ач холбогдол, үр өгөөжийг Засгийн газар, эрчим хүчний салбарынхан тооцож, нэн түрүүнд уг салбарт хэрэгжүүлэх Улаанбаатар дулааны цахилгаан III станцын 250 мегаватт өргөтгөл, Дорнодын 50 мегаваттын цахилгаан станц, Таван толгойн станц, энэхүү Тэлмэний 100 мегаваттын цахилгаан станцын зэрэг дөрвөн төслийн нэгээр шалгаруулан тал талаас дэмжин ажиллах болсныг  Эрчим хүчний салбарын манлай ажилтан, салбарын Сайдын зөвлөх Ц.Баярбаатар хэлж байгаа нь тун таатай хэрэг байлаа.

Нэн чухал, нэн түрүүнд хүлээгдэж байгаа төсөл болохын тухайд ийнхүү хэлж буй нь ойлгомжтой. Эх орны баруун бүс хөгжлөөс хоцрогдмол, нэн ялангуяа Говь-Алтай, Завханы ард түмэн байнгын эрчим хүчний гачаалд байж, тухайн бүсэд томоохон үйлдвэрлэл эрхлэх боломжгүй он цагийг туулсаар ирсэн нь үнэн. Бүтээн байгуулалтын дээр ерөнхийлөгч Л.Төрбаяр “Монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд харьцангуй цөөхөн жил болжээ.

Энэ хугацаанд бодитой бүтээн байгуулалтын ажил, олон улсын томоохон төсөл дээр ажилласан туршлага, ойлголт, дадал бизнесийнхэнд ч, төр засгийнханд ч учир дутагдалтай явж ирснийг бид өөрсдөө амьдрал, ажил үйлс дээрээ үзэж байна. Анх энэ төслийг эхлүүлж байхдаа нэг, хоёрхон жилийн дотор л барьчихна, бүтээн босгочихно гэсэн зорилготой байлаа. Төр засгийн зүгээс ч энэ хугацаанд амжуулах ёстой гэсэн заалттай.

Үнэндээ бол олон улсын төсөл хэрэгждэг, биежин төгөлдөрждөг зарчим , жишиг огт өөр зүйл байдгийг өдгөө л ойлгож байна. Мега төсөл бол хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч, даатгагч, гүйцэтгэгч зэрэг олон цогц үйл хэрэг, хичээнгүй хөдөлмөр, хамтын ажиллагааны нийлбэр юм. Нэг үгээр хэлбэл, энэ олон талын эрх ашиг, сонирхол нэг шугамд зангидагдаж төсөл жинхэнэ утгаараа хөдөлж байна гэсэн үг.

Хэрэгжсэн адил төстэй том төслүүдийн түүх, үйл явцыг үзэхэд дунджаар арван жилийн нүүр үзсэн байх жишээтэй. Энэ жишгээр, манай баг, хамт олон, хамтрагчид өнгөрөгч долоон жилийн хугацаанд нэн уйгагүй хөдөлмөрлөж, үлэмж хөрөнгө мөнгө зарцуулж, шантармаар, няцмаар, ухармаар олон бэрхшээл саадыг давлаа. Ингэсний үр дүнд өнөөдөр төслийнхөө нийт ажлын тавин хувийг гүйцэтгэж, бэлтгэл хангаад ийнхүү бүтээн байгуулалтаа эхлүүлж байна” гэсэн юм. Энэ үгэнд маргаан үгүй.

Хөгжиж буй оронд ийм төслийг хэрэгжүүлэх гэдэг туйлын амаргүйг манай ард түмэн ойлгох биз ээ. Олон улсын стандартын төсөл бичих өндөр шаардлагатай ажил. Энэ өөрөө мөнгө. Тодорхой шалгуур. Үүнийгээ хангаад санхүүжүүлэгчийн эрэлд гарна. Хоёр, гурван зуун тэрбум төгрөг олж төсөл санхүүжүүлэх амар байх уу. Бодоод үзэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө өгөх санхүүжүүлэх оруулагч байлаа гэхэд оруулсан мөнгийг нь даатгах гэдэг онцгой асуудал гарна. Мөнгөө оруулсан хүн уг төслийн биежиж төгөлдөржихийг гагцхүү даатгалын компаниар даатгуулж байж мөнгөө өгнө. Даатгахын тулд төслийг олон улсын хөндлөнгийн шинжээч, хүлээн зөвшөөрөгдсөн компаниудаар дүгнэлт гаргуулна.

Энэ бүх үйл явц эцэс төгсгөлгүй уулзалт, зөвшилцөл, эрлийн үр дүнд бий болно. Дунд нь үй түмэн бэрхшээл зовлон бий. Энэ бүх үйл явц өөрөө мөнгө. Тэрбум тэрбумаар нь зарцуулна. Олон улсад нисч хүмүүстэй уулзана, гадаадаас зочид урина. Хөрөнгө оруулагч тодорхой болоод барих гүйцэтгэх компаниа сонгоно. Тоочсон бүх үйл явцуудад олон улсын шалгуур хангасан гэрээнүүд хийгдэнэ.

Энэ бүхэн бүгд өөрөө валютаар тооцогддог үйлчилгээ байдаг. Төсөл хэрэгжүүлэгч Л.Төрбаярын өгүүлснээс үүдэн ийм олон, нэн хэцүү замыг туулж байж сая энэхүү төсөл ажлаа эхлүүлж байгааг ялимгүй задаллаа. Үүний зэрэгцээ, дотоодын улс төр, “эх орончдын” ааш аяг, орон нутгийнхны хандлага, соёл, үндэсний үзэлтэй холбоотой олон ээдрээ маргааныг тоочилтгүй.

Хамгийн гол нь энэ бүхэн гадаадад монголчуудыг сайнаар харагдуулахгүйгээр үл барам улсын зээлжих зэрэглэл өнгөрөгч жилүүдэд байнга унаж, манайд итгэх гадныхны хандлага туйлын доошилж, хөрөнгө оруулалт бараг зогссон үед энэхүү төслийнхөө бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь онцгой бахархалтай үйл хэрэг мөн. Нөгөөтэйгүүр энэ төсөлд дотоодын ямар нэгэн бонд, зээл, төсөл хөтөлбөрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй бөгөөд эдүгээ хүртэл энэ он жилүүдэд зөвхөн хувийн хэвшил бие дааж үйл ажиллагаагаа санхүүжүүлж ирснийг зайлшгүй тэмдэглэх ёстой.

Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд УИХ, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оройлон оролцсон юм. Тэрбээр энэхүү бүтээн байгуулалтыг “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг дагаж бий болсон өнөөдрийн үндэсний шилдэг хот Эрдэнэттэй зүйрлэн өгүүлсэн нь тун оносон хэрэг.

Тус хот ч өнөөдрийн Тэлмэнийх шиг эзгүй талд анхлан босч, эдүгээ Монголын саалийн ганц үнээ байсаар байгааг онцлоод, Улаанбаатараас мянган километрийн алсад бүтээн байгуулалт сэдэж, хөрөнгө оруулалт татаад, станц барьж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох энэ ажлыг эхлүүлэлцэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм.

Хатагтай Д.Оюунхорол баруун бүсийн ард түмний төлөөлөл болж УИХ-д удаа дараа сууж, төрийг түшилцэхдээ энэхүү төслийн үйл хэрэгт үргэлж санаа тавьж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэж ирснийг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Энэ нь ард түмний эрх ашиг, эдийн засгийг бэхжүүлэх гэсэн тэмцэл, идэвх зүтгэл хэмээх агуулгаар тайлбарлагдана.

Тэрбээр “Шинэ Ази групп’’ энэ амаргүй цаг үед ийм ажлыг эхлүүлж, хувийн хэвшлийнхэнд зориг, итгэл урмын жишээ болж байгаад талархал илэрхийлж, Засгийн газраас дэвшүүлсэн хөдөө аж ахуйн салбарын хөгжүүлэх бодлогод байнга багтаж, үргэлж дэмжигдэж байгаа, ингэх ч ёстойг Засгийн газраа төлөөлж өгүүлсэн юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд төслийг хэрэгжүүлэхийн төлөөх идэвх зүтгэлийг чинад эрмэлзэж ирсэн төрийн түшээ, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер А.Тлейхан гуай оролцсон юм.

Тэрбээр “Тэлмэний станц, түүнийг дагалдсан үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт Шинэ Азийн хамт олны нөр хичээл зүтгэлийн үрээр ажлаа эхлүүлж байна. Монгол орны хөгжлийн үндсэн зам болох эрчим хүчийг үйлдвэрлэж, түүнийгээ түшиглэн мах, махан бүтээгдэхүүний халал технологи, арьс шир, ноос ноолуур, сүү, сүүн сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнийх гээд хөдөө аж ахуйн сонгодог бүтээгдэхүүнийг энэ үйлдвэрлэлээс бий болгож, дотоодод хийгээд олон улсад гаргаж валютын бодит урсгалыг бий болгох юм.

Монгол оронд, тэр дундаа баруун бүс нутагт онцгой чухал бүтээн байгуулалт эхэлж байна” хэмээн өгүүлсэн юм. Тэлмэний станц бол Концөссын эрх зүйн бичиг баримт УИХ- аар батлагдсанаар Монголд хамгийн анх биежиж, зам гаргасан төсөл гэдгийг энд дурдах учиртай. Энэ утгаараа уг хуулийн үрээр хэрэгжиж буй анхны төслийн хувиар учирч буй төвөг бэрхшээл, ололт, хэтэд анхаарах, засч залруулах, нэмж хасах олон зүйлийг агуулж, зам гаргаж байгаагаараа онцгой чухаг төсөл юм.

Концессын салбарынхны чухал анхаарах, эх барин бойжуулах учиртай төсөл билээ. Энэ ч үүднээсээ ажил эхлүүлэх ажиллагаанд уг бодлогыг баригч Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Г.Жаргалсайхан оролцсон нь таатай явдал байлаа. “Цэвэр гадны хөрөнгө оруулалтаар станц барьж, ашиглалтад оруулаад, хорин жил ашиглаад төрд шилжүүлэх нөхцөлтэйгөөр (ВОТ) хэрэгжиж байгаа төсөл. Энэ бол хөрөнгө оруулалтын сайн үлгэр жишээ” гэж тодорхой дүгнэлт хэлсэн .

Хоёр том төсөлд нийтдээ 500- 600 сая доллар үе шаттайгаар зарцуулагдах юм. Энэхүү сайн хөрөнгө оруулалт бол мэдээж амаргүй замыг туулж бий болж байгаа юм. Тэлмэний дулааны станц, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч Хонгконгийн “Вlue Осean Соrроrаtе servises- limited' компани. Тус компанийн захирал Юүфэн Лиан “Тэлмэний станцын төсөл бол ихээхэн сонирхолтой, үр ашигтай төсөл.

Хөрөнгө оруулагчдад бизнесийн хөгжлийг илэрхийлсэн төсөл л сонирхол татдаг. Энэ зэлүүд хөндийд орчин үеийн нэн шинэ суурин хот байгуулагдана. Үйлдвэрлэлийн өндөр  технологид суурилсан үр ашиг бүхий суурин бий болно. Тэрхүү үр ашиг бүхий шинэ суурингийн төлөө хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна” хэмээх үгийг хэлсэн нь  нэгийг бодогдуулна.

Түүний энэ үг Д.Оюунхорол сайдын Эрдэнэтээр жишсэн үгийн үргэлжлэл тодотгол байлаа. Станцын бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “SЕРСО” компани барих юм. Тус корпорацийн тэргүүн дэд захирал Ван Шаокү нээлтэд сайхан үг хэллээ. Манай компани дэлхийн 50 гаруй  оронд томоохон төслүүд дээр хамтран ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил бол хариуцлагатай, амаргүй нэр төртэй сайхан үйлс.

Тэлмэний дулааны цахилгаан станцыг бид 18-30 сард буюу хугацаанд нь чанартай барьж түлхүүр хүлээлгэн өгөх болно. Энэ чухал ажлыг бид нэр төрийн хэрэг болгон гүйцэлдүүлнэ" гэж хэллээ. БНХАУ-ын тэргүүлэх эл компанийн удирдлагуудтай өнгөрөгч долдугаар сард ажил гүйцэтгэх гэрээг Шинэ Ази компанийн ерөнхийлөгч Л.Төрбаяр Монгол Улсын Бээжин дахь Элчин сайдын яамнаа Элчин сайд Ц.Сүхбаатарыг байлцуулан үзэглэсэн билээ.

Ийнхүү нэн амаргүй долоон жилийг туулж, уйгагүй хичээл зүтгэлийн үрээр Тэлмэний дулааны цахилгаан станц, үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхэллээ. Цэвэр бизнесийн зарчмаар, олон улсын санхүүгийн зах зээлийн зарчмаар хөрөнгө босгон ажиллаж байгаа энэ төслийн хэрэгжилтэд төр засаг, орон нутаг, ард түмэн, малчид хөдөлмөрчид гээд олон талын ойлголцол, соёлт харилцаа онцгой чухал аа.

Бид бүхний ойлголцол төгс байснаар эх орон, ард түмэн, баруун бүс нутаг, тэр дундаа Завхан, Тэлмэний ард түмэнд гэгээн гэрлийн илч түгж, эд баялгийн уурхай болсон мал сүргийнхээ жинхэнэ эдийн засгийг олон улсад үнэлүүлэх боломж нээгдэх цаг хугацаа ойртож эхэллээ. Төсөл хэрэгжих бүхий л үйл явцад ойр тойрны сумын ард иргэдэд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлтүүд гарна. Мах сүү нийлүүлэх, туслах ажилд орохоос эхлээд нэн  олон.

Хамгиин гол нь бүтээлч соёлтой харьцаа, жудаг ёс, хүндэтгэл чухал. Онцгой чухал нь нутгийн ард түмэн төслийг хэрэгжих үе шатад өөрсдөө тэнд хаана нь ашигтай, хэрхэн тэнцсэн хэн байх вэ гэдэгтээ л ихээхэн анхаарах учиртай. Энгийнээр хэлэхэд тэнд би юу хийж чадах билээ гэдэг сэтгэл сэтгэхүйгээсээ эхлэх учиртай. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгаа хэрэглэгч аймаг болохоос үйлдвэрлэгч, бүтээгч биш байгааг өгүүлж байна лээ.

Тэгвэл Завханы үүд болсон Тэлмэнээс станц, паркийг бүтээн үйлдвэрлэгч болох зам айсуйг нийт олондоо сонордуулж байна лээ. Тэлмэн сумын иргэн, Улсын сайн малчин Ц.Агваандаш гуай ч “Энэ их сайхан, их аугаа үйлс юм. Монголын мал сүрэг арвин. Сүүлийн он жилүүдэд ч бүр их өслөө.

Гэвч бидний энэ арвин баялаг маань гадаад зах зээлд хүрч чаддаггүй бэрхшээл байдаг. Энэ хэрээр үнэгүй. Эрүүлжүүлэх гэж лут чухал ажил байдаг шиг байна. Эндээс бүх зүйл эхтэй байна. Үйлдвэрлэл технологийн парк гэдэг чинь үүнийг л шийдэх газар гэдгийг ойлгож баярлаж байна. Түргэн ашиглалтад ороосой доо гэж бодож байна’’ гэлээ.

"Шинэ Ази"-ийн Ерөнхийлөгч Л.Төрбаяр “Манай улс уул уурхайг түшиглэсэн нэг тулгуурт эдийн засгийн бодлого явуулснаас амаргүй байдалтай боллоо.

Монголын хөдөө аж ахуй бол жинхэнэ төгс баялаг. "Шинэ Ази" компани үргэлж нөхөн сэргээгдэх энэ баялгаа ирээдүйн үргэлжийн үүц мөнийн тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Засгийн газраас тогтоол гаргуулж, тусгай зөвшөөрлөө авч ажилласан нь Дулааны станцынхаа үр өгөөжийг бүрэн хангах утга учрыг агуулж байгаа юм” хэмээн өгүүлж байна билээ.

Аж үйлдвэрийн парк л шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн, шинэ суурьшлын жишиг бүсийг бий болгодог байна. Аливаа мега, үндэсний хэмжээний том төсөл тодорхой цаг хугацаа туулж, бэрх амаргүйг гэтэлж байж сая биежиж эхэлдгийн нэгэн жишээг эндээс үзэж болох юм аа.