Даваасүрэн.Ц 2016.10.27 | Сайт: Vip76.mn

Л.Болд, З.Нарантуяа нарын санал Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэнгүй

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар /2016.10.27/ хэлэлцэх эхний асуудал бол "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх байлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооны санал дүгнэлт гарсан. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.

УИХ-д 2016 оны 9 дүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг хэт өргөжүүлж болохгүй, энэ удаад хуулийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр дэмжээд гарах үр дагаврыг тодорхой хугацаанд харсан нь зүйтэй. Тиймээс УИХ-ын гишүүдийн гаргасан хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх талаар заримын зөүүтэй саналаар санал хураалгах шаардлагагүй” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Хуулиар хориглосноос бусад чиглэлээр алслагдсан аймагт үйл ажиллагаа эрхэлж буй зарим аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар УИХ-аас өмнө нь гаргасан шийдвэрийг энэ төсөлд хүчингүй болгохоор тусгасныг дэмжих боломжгүй тул төслийн 2 дугаар зүйлийг хасах, мөн төслийн зарим зүйл заалтыг хүчин төгөлдөр мөрдөж буй бусад хуультай нийцүүлэх талаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Татварын хөнгөлөлтөд зарим салбарыг нэмж хамруулах талаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан санал болон УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нарын гаргасан салбараар ангилах шаардлагагүй, татвар ногдох жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй ААН-үүдийг бүхэлд нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Барилгын материалын үндсэн нэр төрөл болох модон хийц, модон эдлэлийг татварын хөнгөлөлтөд хамрагдахааргүй байгаа тул өргөн барьсан төслийн хүрэнд барилгын материалын үйлдвэрлэл гэсэн салбарт мод, модон эдлэл, хийц, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа гэсэн салбарт эсгий үйлдвэрлэл гэж нэмэх саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн, дэмжээгүйгээр ангилан та бүхэнд хүргүүллээ.