Даваасүрэн.Ц 2016.11.01 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Татвар ногдох орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй гэвэл том компаниуд жижгэрнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар /2016.10.27/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 1,5 тэрбум төгрөг гэснийг жилийн борлуулалтын орлого нь 500 сая төгрөгөөс ихгүй 4 салбарт 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж оруулж ирэхийг санал болгосон. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Татвар ногдох орлого нь 1,5 тэрбум төгрөг гэж байна. Энэ нь 20 тэрбум төгрөгийн орлоготой мөртлөө 19 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой гэж тайлагнаад явна гэвэл том компаниуд ч хамрагдах болж байна. Тиймээс 4 салбарыг онцолж оруулж ирлээ гэж ойлгосон. Татварын хөнгөлөлтийг хавтгайруулах юм бол Засгийн газар, Сангийн сайд Б.Чойжилсүрэн зөвлөхөд жилийн орлого нь 500 сая төгрөгөөс ихгүй гэж өөрчилж оруулж ирэхгүй юм бол 1,5 тэрбум төгрөг гэдэг бол том компаниуд жижгэрэх нөхцөл үүснэ.

Борлуулалтын орлого нь 1,5 тэрбум биш татвар ногдох орлого нь 1,5 тэрбум төгрөг гэж байгаа учраас энэ хэмжээг 500 сая төгрөг гэж өөрчлөх хэрэгтэй. Татвар ногдох орлого гээд ирэхээр аюултай нөхцөл байдал үүсэх учраас жилийн борлуулалтын орлого нь 500 сая төгрөгөөс ихгүй гэж заавал бидний мөрийн хөтөлбөртөө тусгасан ААН-үүд бүрэн хамрагдах болно. Харин татварын хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос 1 хувь гэж тооцвол том компаниуд жижгэрэх нөхцөл бүрдэнэ. "