Болд.Л 2016.10.27 | Сайт: Vip76.mn

Л.Болд: Намын шийдвэр эцсийн шийдвэр байх ёстой гэж үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар /2016.10.27/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд сөрөг хүчний байр сууринаас өөрийн саналаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Ард түмнээс сонгогдон гишүүдийг намын бүлэг дээр ярьсан зүйлийн эсрэг кноп дарлаа гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлээд байх юм. Тэгвэл УИХ-ын чуулганд М.Энхболд, Ц.Нямдорж хоёр эзэн суугаад хуралд л даа. МАН-аас сонгогдсон бусад гишүүд, цөөнхийн хэрэг алга. Монголын парламент юу болж хувирч байна? Төрийн дээр нам гэдэг ойлголт утгаараа хэрэгжиж байна.

1992 онд батлагдсан Үндсэн хууль бол намын дээр төр байна гэсэн агуулгыг багтаасан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хаах эрх хэнд ч байхгүй. Намын бүлэг дээр ярьж, шийдвэр гаргаж болно. Гэтэл тэр нь Монгол төрийн эцсийн шийдвэр болдог бол Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээг өргөжүүлж, бүгд өөрийн салбараа ямар нэгэн хэлбэрээр багтаах гэж оролдож байна. Бүх ААН-ийг хамруулах юм бол авлига, хээл хахууль яригдахгүй. Одоо ярьж байгаагаар гишүүд өөрийн эрх ашигт нийцсэн салбарыг хамруулахаар зүтгэж байна. Монголын парламент олонх, цөөнхийн зөвшилцлөөр шийдэж болно шүү дээ. Хоорондоо зөвшилцөж байгаад энэ хуулиа зөв гаргая. Босгыг нь 500 сая, 1 тэрбум төгрөг болгож болно. Бүх ААН-үүдээ хамруулах нь зүйтэй. Зорилгодоо хүрсэн зөв хууль гаргахыг дэмжихэд бэлэн байна."