Экспортыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн  төслийг  өргөн барилаа
2016.10.27

Экспортыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Өнөөдөр (2016.06.27) Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн  төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

 Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийг Дэлхийн банкны 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм байна. 

Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулж эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгаа билээ. “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломжийг нээх ажээ.