Ж.Эрдэнэбат: Төмөр зам болон Таван толгойн асуудлыг цогцоор нь шийднэ
Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат
2016.10.28

Ж.Эрдэнэбат: Төмөр зам болон Таван толгойн асуудлыг цогцоор нь шийднэ

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ажиллаад 100 дахь хоногтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд юу хийж амжуулав, цаашдаа ямар. Бодлого баримтлах талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Уг хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатаас гадна кабинетын бүх гишүүн оролцсон юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын 100 хоног Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарч байгааг бэлгэшээж байгаа. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэний тоо 3.104.201 хүрсэн байна. Засгийн газрын зуу хоногийн хугацаанд 28938 хүүхэд шинээр мэндэлжээ.

Монголын үрс маш олон болтугай. Хүн амынхаа тоог нэмэгдүүлэх бодлогын. хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байна. Цалинтай ээж, хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. 0-3 нас хүртэлх хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдэд цалин олгоно. Мөн ажилласан жилийг батэлгаажуулж тэднийхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг байя.

Өрх толгойлсон гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй аав, ээж,ид улирал бүр цалингийн доод жишигтэй тэнцүү хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байх шийдвэр гаргасан. Монголчууд бид олуулаа байх тусмаа хүчтэй байдаг зарчмыг манай Засгийн газар барьж байгаа гэдгийг хэлье. Манай Засгийн газар түүхэндээ хамгийн хүндхэн нөхцөлтэй эдийн засгийг хүлээж авсан.

Бид статистик судалгаа гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаад тулгуурлан бодлого боловсруулж ажиллах щаардлага тулгарлаа. Ийм үеэс маш түргэн хугацаанд гаргаж ард иргэдээ ажилтай, орлоготой, тайван амьдрах нөхцөл боломжоор хангах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын арга хэмжээг маш түргэн хугацаанд боловсруулж бодлогын бичиг баримт болгох ёстой гэх зорилтыг тавьсан.

Тиймээс 2016 оны төсвийн тодотголыг богино хугацаанд өргөн барьж хэлэлцэх ёстой журмаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг хуулийн хугацаанд өргөн барьж хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах богино хугацааны хөтөлбөрийг боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсний эцэст УИХ-д өргөн барилаа.

Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч гэсэн маш тулгуу хугацаанд боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Цаашлаад биднийг хүлээх хугацаа байхгүй учраас хурдтай, бүтээлч ажиллахыг эрхэм зорилгоо болгоно. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд Засгийн газрын зүгээс худалдан авах гэрээ хуулийн хүрээнд байсан уу үгүй юу гэдгийг шалгаж тогтоох зорилгоор хууль, хяналтын байгууллагад хандчихсан байгаа.

Засгийн газар хууль зөрчсөн байж магадгүй гэх үндэслэлийг гаргасан. Хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг Засгийн газар гаргадаггүй. Тиймээс Үндсэн хууль болон бусад хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байх магадлалтай учраас шалгаж тогтоож өгнө үү гэх хүсэлтээ холбогдох хууль хяналтын байгууллагад гаргасан. Хоёрдугаарт, тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж ямар нэгэн хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож өгөх талаар хуулийн байгууллагад мөн хандсан.

Дүгнэлт хараахан ирээгүй байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 51 хувийн төлөөллийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр ТУЗ- өө байгуулж байна. Засгийн газрын зүгээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, 49 хувийг эзэмшдэг талаас гурван хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ байгуулах шийдвэр гаргасан. Өнөө, маргаашгүй “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг томилно” гэв. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 51 хувийг Монголын төр эзэмшиж, 49 хувийг нь урд хөршийн Шинхауд зарахаар яригдаж байна. Монголын төр төмөр зам барих санхүүжилтээ хэрхэн босгохоор төлөвлөж байна вэ?

Таван толгой төслийн хувьд өмнө нь Засгийн газрын зүгээс тендэр, сонгон шалгаруулалт зарлаад, консорциумыг нь шалгаруулаад явсан. Одоогийн Засгийн газрын хувьд хурдтай ажиллах шаардлагатайг ард иргэдийн зүгээс ч тавьж байгаа.

Тиймээс өмнөх хэлэлцээр дээр байсан алдаануудыг залруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх зарчмыг барьж ажиллаж байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн зарим заалтыг оруулж, санал болгосон. Нөгөө тал зөвшөөрсөн тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн явна. Зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ рүү орно гэсэн бодолтой байгаа.

Төмөр замын эх  үүсвэрийг босгох чиглэлээр дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн банк санхүүгийн байгууллага байгаа. Улс орнууд ч бий. Тийм учраас хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий. Төмөр зам гэдэг бол үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа орлого олох бололцоотой салбар.

Орлогоо олоод, зээлээ төлөх бүрэн боломж бий гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа төмөр зам болон Таван толгойн ордыг цогцолбороор нь шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр бид нэг бол төмөр за-м эсвэл Таван толгойн уурхайг ашигтай ажиллуулах байнгын борлуулалттай байх бололцоог нь хаах нөхцөл үүсэх юм. Хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байж оролцоно. Гаргасан хөрөнгөө нөхөж авахын тулд үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Тиймээс энэ хоёрыг цогцолбор байдлаар явуулах нь зүйтэй.

-Ипотекийн зээл олгогдох эсэх нь тодорхойгүй зогсчихоод байна. Энэ зээл үргэлжлэх үү?

Өмнөх хэрэгжүүлсэн хувилбараараа цаашаа явах бол Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Одоо найман хувийн зээл бүр мөсөн зогсчихоогүй байна. Зээлийн сангийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжих байдлаар ипотекийн зээл олгогдож байгаа.

Тэгэхээр бид барилгын салбараа өнөөдрийн хямралт байдлаас гаргахын тулд эргэн төлөлтийн сан дээр тодорхой хэмжээний эх үүсвэр нэмж олох шаардлагатай. Энэ эх үүсвэрийн хүү нь дөрвөн хувиас доошгүй байх шаардлага үүснэ. Ингэж байж, сангийн үйл ажиллагаа цааш үргэлжилнэ.

-Урд хөршөөс зээл хүссэн гэж яриад байгаа. Эх үүсвэрийн асуудлаар тусламж хүссэн нь үнэн үү?

Зээлийн эх үүсвэр ганцхан урд хөршөөс хамаарахгүй. Энэ асуудал дээр хэд хэдэн улс орон, банк санхүүгийн байгууллагад хандсан байгаа. Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна.

Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Гадны банк оруулж ирэх асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

Би ажлаа авсныхаа дараа бүх салбарын байгууллагын төлөөллүүдтэй уулзсан. Тухайн салбарт ямар бэрхшээлтэй асуудал байна, эрхзүйн орчноос шалтгаалсан ямар асуудал байна гэхчилэн ярилцаж байж, бид ажлаа төлөвлөсөн байгаа. Хууль, эрхзүйн орчноо тодорхой салбарууд дээр сайжруулах, журмуудаа цэгцлэх зэргээр олон санал санаачилгыг хувийн хэвшлийнхэн гаргасан.

Бүх салбарын уулзалтууд дээр гадны банкны оруулж ирүүлэх санаа яригдлаа. Гэхдээ бид энэ асуудлыг бодож үзэх хэрэгтэй. Ямар байдлаар оруулж ирэх ёстой вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Монголдоо үйл ажиллагаа явуулж буй 13 банк шиг шууд явуулчихаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, эрхзүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах ёстой. Энэ чиглэлд ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэж, Засгийн газраас шийдвэрээ гаргаад явна.

-Засгийн газраас ирэх жилүүдэд шинээр төрийн өмчит компани байгуулах уу?

Ирэх жилүүдэд төрийн өмчийн компани байгуулахгүй гэх үндэслэлгүй. Шаардлага үүсвэл байгуулна. Ер нь төр бизнесийн үйл ажиллагаа руу хэтэрхий хутгалдах хэрэггүй. Ингэвэл өөрөө төрийнхөө үндсэн чиг үүргээсээ гажих нөхцөл үүсгэдэг. Тиймээс миний хувьд цаашдаа төр бизнесийн үйл ажиллагаанд оролцоод байх шаардлагагүй гэж үздэг.

-Төрийн өмчит компаниудын үр ашиггүй ажиллаж буй байдлыг хэрхэн бууруулахаар төлөвлөж байна вэ?

Төрийн өмчит компаниудын өрийн асуудал дангаараа ийм өндөр дүнд хүрчихсэн юм биш. Монголын нийт үндэсний үйлдвэрлэгчдийн өр төлбөрийн асуудал хүнд байдалд орсон. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан үзэгдэл.

Цаашдаа төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах менежмэнт, удирдлагын асуудлыг сайжруулах шаардлагатай байгаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаад байгаа мөртлөө захирал нь маш өндөр цалинтай. Бид ажил авсныхаа дараа төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах чиглэлд судалгаа хийсэн.

Судалгаанд үндэслэж, захирлуудынх нь цалинг 30- 60 хувиар бууруулчихаад байгаа. Эхний байдлаар зардлын хэмнэлт дээр ийм арга хэмжээ авсан. Ер нь цаашдаа үр ашиггүй үйл ажиллагаа явуулж төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогыг хэрэгжүүлнэ.

-Монгол Улс цаашдаа эрчим хүч экспортлох асуудалд Засгийн газраас ямар чиг барьж ажиллах вэ?

Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл явагдаж байгаа. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10- 15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой.

Цаашдаа хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад явна. Мөн эрчим хүчний нүүрсээ өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан байгаа.

Ингэснээр эрчим хүчний нүүрсээ ашиглаад хуванцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм. Дэлхий дээд асар өндөр эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг байгаа нөөц, бололцоондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж байгаа гэж үзсэн.

-Засгийн газрын ажлын үр дүн орлогогүй, ажилгүй, ядуу өрхүүдэд хэзээ, хэрхэн хүрэх вэ?

Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө гэсэн уриатай МАН сонгуульд орсон. Эдийн засгийн хүндрэл гаранд орсон өргөснийг аваад хаячихаж байгаа юм шиг гэнэт зүгээр болчихгүй. Би Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн хүндрэлээс гарахын тулд хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэж хэлж байсан.

Өнөөдөр бид төсвийн алдагдлыг шууд байдлаар бууруулах замаар бусдад таалагдах шийдвэр гаргаж болно. Ингэх юм бол эдийн засаг бүр хямарна. Тиймээс хүндрэлээс аажим аажмаар гарах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа. Хямралаас гарах хугацааг богино байлгах асуудал дээр Засгийн газар ажиллаж байна. Гэр хорооллын иргэдийг бүтэн талх авдаг болгохын төлөө ажиллаж байна. Манай Засгийн газар хамгийн богино хугацаанд асуудлаа боловсруулж, шийдвэрээ гаргаж байгаа гэж үзэж байна.