Аврагчид тав тухтай орон сууцанд амьдарна
Алба хаагчдын орон сууцны нээлт боллоо.
2016.11.01

Аврагчид тав тухтай орон сууцанд амьдарна

Онцгой байдлын ерөнхий газар дунд хугацааны хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтан албан хаагчиддаа зориулж барьсан анхны орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.

Улс орны аюулгүй байдал, хүн ардынхаа төлөө халуун амиа зориулан тэмцэж байдаг Онцгой байдлын албаны ажил хүнд хэцүү. Амаргүй гэсэн бүхнийг даван туулж чаддаг аврагчдын дийлэнх нь өнөөдөр гэр хороолол, нийтийн байр, түрээсийн орон сууцанд амьдардаг байна.

Аливаа гамшиг, осол, аврах үйл ажиллагаанд оролцдог аврагчдын нийгмийн асуудал шийдэгдчихвэл ар гэртээ санаа зовох зүйлгүй үүрэгт ажлаа урамтай биелүүлнэ. Иймд ОБЕГ-аас дээрх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтан албан хаагчдадаа зориулсан анхны 72 айлын орон сууцыг Буянт-Ухаад барьж ашиглалтад орууллаа. Энэхүү тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон байгууллагын удирдлагууд, барилгын гүйцэтгэгч “Монгол Алтай Гоулд” компанийн хамт олон оролцлоо.

9X1A0450

Арга хэмжээг нээж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд төр засгаас явуулж байгаа бодлогын хүрээнд Онцгой байдлын албаны боловсон хүчин болон техник хэрэгслийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Онцгой байдлын алба анх байгуулагдаж байсан тэр цаг үеэ бодвол өнөөдөр хүчин чадал өсөн нэмэгдсэн. Онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал буюу бололцоо нөхцөл 55 хувьд хүрсэн нь өнгөрсөн цаг хугацаанд манай албаны хийж хэрэгжүүлсэн ажлын нэг гэж дотроо боддог юм.

9X1A0497

Саяхан Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудаар ажиллаж Онцгой байдлын албаныхаа ажил байдалтай танилцлаа. Манай албанд томоохон өөрчлөлт, дэвшил гарч байгаад сэтгэл өндөр явдаг юм. Өнөөдөр бас сайхан орон сууц ашиглалтад оруулж байна.

Улс орон эдийн засгийн хүндрэл нөхцөлтэй байгаа энэ хүнд үед зах зээлийн үнээс хямдаар энэ барилгыг барьж өгсөн “Монгол Алтай Гоулд” компанид онцгой байдлын салбарын өмнөөс талархал илэрхийлье. Мөн энэ ажлыг гүйцэтгэхэд албаныхаа хамт олны амьдралыг бодож, сэтгэл зориг гаргаж ажилласан ОБЕГ-ын удирдлагуудад талархал дэвшүүлье” гэв.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 72 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан “Монгол Алтай Гоулд” компанийн ажилтнуудад шагнал гардуулсан юм.

107390

Тус компанийн захирал Г.Ганхуягийг ОБЕГ-ын Жуух бичгээр, инженер Б.Хүдэрчулууныг Онцгой байдлын албаны төлөө нэгдүгээр зэргийн тэмдгээр, мөн инженер Б.Амарсанаа, хамгаалалтын ажилтан Т.Батзориг нарыг тус тус шагналаа.

Үүний дараа будаг нь ханхалсан шинэ байранд гал голомтоо бадрааж буй албан хаагчдад Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагууд сайн сайхны дээдийг хүсэн ерөөж, өргөө гэрийнх нь түлхүүрийг гардуулан өглөө. Энэхүү байранд орж байгаа залуу алба хаагчийн нэг бол ахлах дэслэгч Буяннэмэх юм.

9X1A0623

Тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас шат дараатай олон арга хэмжээнүүдийг авч байгаагийн илрэл боллоо.

Цаашид над шиг олон албан хаагч шинэ байрныхаа түлхүүрийг авч, гал голомтоо бадраагаасай гэж хүсье” гэв. Ийнхүү Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй удирдлагууд орон сууцны дотоод зохион байгуулалттай танилцахын зэрэгцээ зарим албан хаагчийнхаар зочлов. Тэдний нэг нь Онцгой байдлын албанд олон жил зүтгэсэн П.Чулуунбат гуайнх. Урьд нь хашаа байшинд амьдарч байсан тэднийх гурван өрөө байр сонгожээ.

107391

Өрхийн тэргүүн саруулхан, дулаахан тохилог орон сууцанд амьдрах болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд онцгой байдлын албаныхан зах зээлийн ханшаас харьцангуй хямд үнээр тав тухтай орон сууцанд амьдрах нөхцөл бололцоо ийнхүү бүрдэж байна.

Тодруулбал, нэг метр квадратыг нь нэг сая төгрөгөөр тооцсон. Өнөө жил 250 айлын орон сууц ашиглалтад орж байгаа юм. Энэ хөтөлбөр зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч хэрэгжиж байна. Тодруулбал, Булган аймагт 20, Завханд 30, Архангайд 35, Төв аймагт 26 Говьсүмбэрт найман айлын орон сууцыг барьж, алба хаагчдын амьдралд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

Мөн Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшлийн газарт 300 айлын “Онцгой” хотхоны орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна. Харин ирэх онд 450 айлын орон сууц бэлэн болох юм.