Ж.Энхбаяр: Төр инновацийн сан байгуулах ёстой
УИX- ын гишүүн Ж.Энхбаяр
2016.11.01

Ж.Энхбаяр: Төр инновацийн сан байгуулах ёстой

УИX- ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-УИХ-аар д өрвөн салбарын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Таны хувьд мэдээллийн технологийн салбарыг хамруулах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байгаа?

Монгол Улс өнөөдөр нийгэм, эдийн засгийн амаргүй сорилтыг даван туулах болоод байна. Эдийн засаг гүн гүнзгий хямралтай байгаа. Эдийн засгийнхаа уналтыг зогсоох, тогтворжуулж өсөлтийг бий болгохгүй бол улс төрийн хямралт байдал руу орж магадгүй.

Засгийн газар 2017 оны төсвийг өргөн барих хүрээндээ зарим салбаруудын татварыг хөнгөлөх санал оруулж ирлээ. Миний хувьд мэдээллийн технологи, программ хангамжиин үйлдвэрлэл, интернэт худалдааны салбарыг уг хөнгөлөлтөд оруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.

-Яагаад заавал энэ салбар гэж. Үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд дөрвөн салбарыг Засгаас оруулсан юм биш үү?

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, 70 сая мал, газар тариалан, худалдаа үйлчилгээ гээд бүх салбар нийлээд манай орон 10 тэрбум ам.долларын ДНБ-тэй. Энэ нь уламжлалт салбар гэсэн үг. Дэлхийн эдийн засагт нэг өөрчлөлт орж байгаа нь программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа. Дэлхийг бүхэлд нь хэрсэн интернэт гэдэг зүйл дээр суурилсан бизнес хүчээ авч эхэлсэн.

Ийм дэд бүтэц дээр суурилсан шинэ бизнесүүд улс орнуудын эдийн засгийг өөрчилж эхэлж байна. Ингэснээрээ бүтцийн томоохон өөрчлөлтийг бий болгож байгаа. Энэ нь дэлхий ертөнцийн ирээдүй болчихлоо. Би танд хэдэн жишээ харьцуулж хэлмээр байна л даа.

Тухайлбал, нэг ширхэг ч таксигүй компани зөвхөн ухаалаг гар утсанд зориулсан такси дууддаг аппликейшн бүтээснээр уламжлалт автомашины томоохон компани болох Форд, Женерал моторсоос илүү үнэлэгдэж эхэллээ. Нэг ч зочид буудалгүй компани зочид буудалд захиалга өгдөг программыг зохион бүтээснээр дэлхийн хамгийн их сүлжээ зочид буудалтай компаниас илүү үнэ цэнэтэй болж эхэлсэн.

Мөн бидний хамгийн сайн мэдэх зүгээр л цаг нөхцөөх зориулалттай энгийн “Кэнди крашш” тоглоом манай “Эрдэнэт”-ийн 49 хувиас 10 дахин илүү үнэтэй зарагдаж байна гээд бод. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Бид нэг талдаа уламжлалт эдийн засгийн бүтцээсээ ирээдүйг чиглэсэн орон зай руу гарах хэрэгтэй.

Манай орны хувьд бизнес эрхлэх нөхцөл хүнд. Хоёр их гүрний дунд, дэд бүтэц муу, нэмэх, хасах 40 хэмтэй, бизнес эрхлэх суурь зардал өндөр, боловсон хүчний чадвар дутмаг, уул уурхай дээр суурилсан өрөөсгөл эдийн засгийн бүтэцтэй ийм л улс. Тиймээс нөгөө талдаа бид дэлхий нийтэд хөгжиж байгаа энэ боломжуудыг ашиглах ёстой.

-Хэр хүлээж авах юм бол?

Энэ зах зээл рүү нь монголчууд орох шаардлага зайлшгүй болсон. Үүнд хил хязгаар байхгүй. Хамгийн хэцүү гэгддэг дэд бүтцийг биднээс шаардахгүй. Бодлого гаргаж, анхаарч, хөгжүүлэх л хэрэгтэй. Монгол залуусын IQ буюу оюуны итгэлцүүрийн түвшин дэлхийд үнэлэгддэг.

Залуус маань оюун ухааны чиглэлийн олон улсын тэмцээн, уралдаанд байнга түрүүлж байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Залуучууд маань дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан мэдээлэл технологийн томоохон компаниудын удирдлага, программ хангамжийн түвшинд гараад ирлээ.

Залуусыг маань дэлхийүнэлээд эхэллээ.Монголын компаниуд түрүүчээсээ гадаад зах зээлд  программ хангамж, контент нийлүүлжбайна. Энэ нь Монгол Улсад маш том боломж. Монголын төр үүнд анхаарал тавих ёстой. Тиймээс программ хангамжийн үйлдвэрлэл, интернэтэд суурилсан бизнест бид татварын бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг л хэлээд байгаа хэрэг.

-Манай оронд хэр хөгжиж байгаа юм бэ. Цаашдын орон зайг та хэрхэн харж байна вэ?

Үр хөврөл бүрэлдэх анхны элементүүд бий болж байна. Төр үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн энэ хямралаас бид сургамж авах ёстой. Хэт уул уурхай түшиглэсэн өрөөсгөл бүтэц, гурван сая хүний дотоодын зах зээл дээр тулгуурласан худалдаа. үйлчилгээний бизнес хол явахгүй гэдгийг харууллаа.

Одоо бид дэлхий рүү гарах хэрэгтэй. Дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум гаруй хүнд хүний хэрэглээн дээр гарах шаардлагатай. Хэрэглээ гэдэг заавал супер зүйлийг хэлэхээ больчихсон. Түрүүний хэлдэг “Кэнди крашш” чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом. Ийм тоглоом бүтээх хэрэгтэй байна.

“Старт ап” буюу ажил эхэлж байгаа сайн санаачилгуудыг дэмжих цаг болсон. Эндээс бид шинэ манлайлагчдыг төрүүлж, шинэ мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй болж байна л даа. Энэ том орон зай руу монголчууд орох ёстой. Монголын хүн амын 80 хувь залуучууд. Залуу хүнд уурхай, лиценз, үл хөдлөх хөрөнгө, уламжлалт салбарт орох бололцоо байхгүй.

-Яагаад?

Үндсэндээ хуваагдаад дуусчихсан юм. Тиймээс бид шинэ үедээ шинэ бизнест гарч ирэх боломжийг нь өгөх хэрэгтэй. бодлогоор дэмжиж төр инновацийн санг байгуулах ёстой. Энэ чиглэлээр ажил эрхэлж буй байгууллагуудыг бид бойжуулах шаардлагатай.

Нэг жишээ хэлье. 2009 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн орон бол Эстони улс. Тэд яг энэ чиглэлд бодлогын алхам хийж чадсанаар эстони залуучууд ганцхан аппликейшн хийсэн. Тэр нь бидний мэдэх скайп юм. Залуучууд нь үүнийг хийснээрээ Эстонийн эдийн засгийг бүхлээр нь өөрчилж чадсан.

Тэр утгаараа энэ чиглэлд бид ажил хийх ёстой гэсэн санаачилга гаргасан ч Төсвийн байнгын хороон дээр дэмжлэг авч чадалгүй унасан. Харин чуулганы хуралдаан дээр үүнийг тайлбарлаж ойлгуулснаар гишүүд маань дэмжлээ.

-Гэхдээ чуулган дээр гишүүдийн хэлж буй үгийг сонсоход өөрсдийн хөрөнгө оруулсан ч байдаг юм уу ямар нэгэн байдлаар ашиг сонирхол нь холбоотой салбаруудаа хөнгөлөлтөд хамруулахаар зүтгээд байна. Ингэж байхаар бүх салбараа хөнгөлчихөж болдоггүй юм уу?

Туйлширсан зүйл анзаарагдсан. Гэхдээ миний дээр хэлсэн санаачилгыг битгий тэдэнтэй холиосой гэж хүсч байна. Учир нь манайд мэдээлэл технологийн салбар гэж үндсэндээ байхгүй. Эндээс улсын төсөвт ордог татвар, орлого гэж ч байхгүй.

Харин Монголын төр энэ салбарыг бодлогоороо дэмжиж байна гэж олон улсад, бизнесийн салбарт зарлаж буй хэрэг юм. Үүнийг дагаад бодитой хөрөнгө оруулалтууд орж ирнэ гэж найдаж байгаа. Залуучууд, үндэсний компаниуд маань үүнд анхаарч хөрөнгө оруулалтаа хийгээсэй.

Энэ чинь маш том экспорт. Олон тэрбум ам.долларын бизнес гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Дахин хэлье, бид зүтгээд зүтгээд уламжлалт эдийн засаг маань 10 тэрбум ам.долларт л эргэж байгаа. Гар утасны ганц аппликейшн үүнтэй дүйцэхүйцээр гарч ирлээ.

Учир нь дэлхийн долоон тэрбум гаруй хүнд хүрсэндээ л байгаа юм. Монгол хүний мэдэхгүй, чадахгүй зүйл биш. Энгийн хэрэглээний программ. Гол нь бид сэтгэж, хүний шинэ хэрэглээг бий болго. Хүний амьдралыг таатай болгох арга замыг дэлхий ертөнцөд бий болсон дэд бүтцийг ашиглан хийх боломж байна.

Бүтээх чадавх нь монгол залууст бий. Түүнээс биш нэг салбарын лобби явуулаад улсын төсөвт орж байсан мөнгийг оруулахаа болиулж байгаа зүйлтэй хольж болохгүй шүү. Шинэ санаа, цоо шинэ идеа, улс орны хөгжлийн ирээдүйн чиг хандлага, ирээдүйн том экспортын орлого, энэ улсын ирээдүй гэж хараасай.

-Байнгын хорооны хурал дээр та цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг багасгах дээр нэлээдгүй ширүүн байр суурь илэрхийлсэн. Бусад төрийн албан хаагчдыг яагаад гадна нь үлдээж байгаа юм бэ?

Байнгын хорооны хурал дээр би унагасан юм. Та Энхбаяр гэж нэг юм дандаа л цэргийнхнийгээ хамгаалах юм гэж бодоод байгаа юмаа даа. Төсвийн тодотголоор цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг 36 сар байсныг багасгаж оруулж ирснийг УИХ дэмжилгүй буцаасан.

Тэгвэл саяхан Засгийн газраас оруулж ирсэн 2017 оны төсвийн төсөл дээр цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг 36 сарын тэтгэмжийг тооцохдоо үндсэн цалингаас тооцохоор орж ирсэн. Цэргийн албан хаагчдын онцлог бол цалин болон онцгой байдал, цолны, хүнд нөхцөлийн гэх мэтчилэн бусад нэмэгдлээс тооцдог байсныг зөвхөн үндсэн цалингаас тооцохоор оруулж ирсэн.

-Гэхдээ бүх төрийн албан хаагчдыг бүх цалингаас гэж тооцож байгаа юм билээ...

Бусад төрийн албан хаагчдаас цэргийн албан хаагчид юугаараа өөр байдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Цэргийн албан хаагч гэдэг хүн Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхээ эдлэх эрх зүй нь хязгаарлалттай байдаг. Тухайлбал, ямар ч төрийн албан хаагч бизнес эрхлэх эрхтэй. Гэтэл цэргийнхэн хориотой байдаг юм.

Цэргийн албан хаагч оршин суух газар, ажлын байраа өөрөө сонгох эрхгүй, тушаалаар явдаг. Гал руу ор гэхэд мэдлээ гүйцэтгэе гээд ордог. Үертэй гол руу орж хүний амь авар гэхэд мэдлээ гүйцэтгэе гээд эргэлзэх зүйлгүй ордог юм. Ямар нэгэн эрхийн асуудлаар тайлбар тавих боломжгүй ийм л алба. Төрийн цэргийн бодлогын хүрээнд байгуулалт гэж нэр томьёо орж ирсэн.

Үүнд, Онцгой байдлын байгууллага, Хилийн ба дотоодын цэрэг, зэвсэгт хүчний албан хаагчид бол Монголын төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Эдгээр албан хаагчдын асуудлыг Батлан хамгаалах салбарын багц. хуулиар зохицуулахаар болсон. Эх орондоо тангараг өргөсөн, үүрэг хүлээдэг, үндсэн эрхээ хязгаарлуулдаг, үүнийг нь дагаад гэр бүл, үр хүүхэд нь орхигддог мөрдөстэй албан хаагчдаа мартаж болохгүй.

Төр бүх талаар дэмжих ёстой. Тэтгэвэр, тэтгэмжийг хасахаар оруулж ирсэнтэй холбоотойгоор 1000 гаруй офицер, албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ албанд тохиолдлоор хэн нэгнийг тавьж болдоггүй. Шат дараалсан бэлтгэл, сургуулилт, мэргэжлийн сургууль төгсөн тухайн ажлын байрандаа ажиллаж байж ахиж, дэвшдэг дэгтэй.

Боловсон хүчний бодлогод ноцтой алдаа гарах. улс орны батлан хамгаалах эрх ашигт ноцтой хохирол учруулах, салбарын хөгжилд ноцтой хохирол учруулах зүйл орж ирсэн тул байнгын хороо хэлэлцэх боломжгүй гээд Засгийн газарт буцаасан.