2010.05.17

Ц.Даваасүрэн: Намайг гүтгэж, нутгийнхнаас минь хөндийрүүлнэ гэж бодох хэрэггүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Нэмүт констракшн"ы нэрээр "Зоос" банкнаас 625 сая төгрөг зээлсэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг аавынхаа хаус руу цэвэр усны шугам тат гэж аймгийн Засаг даргад үүрэг өгсөн гэх мэдээлэл манай сонинд нийтлэгдсэн билээ, Энэ мэдээлэлтэй холбогдуулан Ц.Даваасүрэн гишүүн тайлбар шаардсан албан тоот ирүүлсний дагуу өөрөөс нь дараахь тодруулгыг авлаа.

Таныг "Зоос" банкнаас мөнгө зувчуулсан гэх мэдээлэлд тайлбар өгөхгүй юү?

Хөвсгөл рүү, тойрог уруугаа олон удаа явж нэр хүндээ өсгөж байна гэж уурлаад санаанд оромгүй гүтгэсэн л байна билээ. Ер нь бол нэр хүндийг нь бууруулчих юмсан гэсэн санаа л даа. Тийм аргаар намайг сонгогчид, нутгийнхнаас минь хөндийрүүлчихнэ гээд бодоод байх шиг. Манайхан намайг сайн (мэднэ, ийм зүйлд итгэхгүй дээ. Ийм арга зам хол явахгүй.

Танд хугацаа хэтэрсэн өр бий юү?

Миний нэр дээр "Зоос" банкинд хугацаа хэтэрсэн нэг ч төгрөгийн өр байхгүй. Хугацаандаа төлөөд явдаг, удаан жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй 100аад сая төгрөгийн орон сууцны зээл бол бий. Түүнийгээ херөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн шүү дээ.

"Нэмүт констракшн" гэдэг компани танд бий юү?

Миний болоод манай гэр бүлийн хэн нэг хүний оролцоотой "Нэмүт констракшн" гэдэг компани байхгүй. Тийм компанийн огт холбогдолгүй 600 гаруй сая төгрөгийн зээлийг надтай холбосон байна билээ. Арай хэтэрсэн хэрэг. Миний хувьцаа эзэмшдэг компанийн нэртэй ижил төстэй болгоныг холбоод, гүтгээд байж болмооргүй санагдана.

Сүүлийн үед хэвлэлээр Ц.Даваасүрэн гишүүн аавынхаа хаус руу цэвэр усны шугам тат гэсэн үүргийг Хөвсгөлийн Засаг даргадөгсөн гэх мэдээлэл гарсан. Тийм зүйл болсон юм уу?

Би сонгуульд оролцохдоо гэр хорооллын айлууд намайг бага байх үеийн 30 жилийн өмнөх амьдралаараа худгаас усаа зөөж байгаа нь хөгжихгүй байгаагийн нэг тод жишээ гээд хэлчихсэн хүн. Өөрөөр хэлбэл, сонгогдвол үүнийг шийдэх талаар би ажиллана гэж нутгийнхандаа амласан. Тиймээс энэ жилийн улсын төсөвт гэр хорооллын айлуудад худгаас ус татаж оруулах төсөл хэрэгжүүлж эхлэхээр 300 сая төгрөг суулгасныг манай сонгогчид их дэмжсэн. Үүнд л зарим нэг хүн эгдүүцээд, олонд таалагдсан ажил болох нь гээд байх шиг. Миний аав, ээж хоёр гэж 70 нас хол гарсан нутгийнхандаа нэр хүндтэй хөгшид нутагтаа гэр хорооллын дүнзэн байшиндаа амьдарч байгаа. Ямар юмных нь хаус байх вэ дээ. Чи сонирхвол зургийг нь сониндоо тавьсан ч болно шүү. Хотын өндөр байшинд бүгчим байна, даралт ихэслээ гээд манайд ирэхээрээ тухтай ч хэд хонодоггүй яараад буцчихдаг хөгшид маань нутагтаа тааваараа амьдарч байг л дээ. Захиалаад байгаа нөхөрт өчүүхэн ч хор хүргэхгүй улс шүү дээ. Манийгаа оролдох гээд байгаа юм бол надтай л үзэлцэнэ биз. Би жийрхээд байхгүй. Хэн гуай ард нь суугаад байгааг би нэг муу гадарлахтайгаа.

УИХ-ын гишүүний гэж нэрлээд байгаа тэрбум төгрөгөөр аймагтаа ямар хөрөнгө оруулалт хийж байгаа вэ?

2010 оны улсын төсөвт миний зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Мөрөн хотод Дулааны станц барьж эхлэх, Хатгал Ханхын 80 км хатуу хучилттай авто зам тавих, аймгийн төвд Багш, хүүхдийн ордон барих, Аймгийн төв талбайг шинэчлэн боржин чулуугаар өнгөлөх, Хүүхэд, залуучуудын парк, аймгийн Гандан орчмыг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулах, дээр хэлсэн гэр хорооллын айлуудын усан хангамжийг сайжруулах, сумдад багийн хөгжлийг дэмжих гээд санал хураалгаж шийдүүлсэн хөрөнгийн дүнг хэлбэл юун нэг тэрбум, түүнээс хол давна. Нэг тэрбум гэдэг чинь 2012 онд сонгуульд үзэх гэсэн санаатай хүмүүсийн зүгээс явуулж буй улс төр шүү дээ. Сонгогдсон тойргийн хөгжлийн асуудал гэдэг гишүүнтэй салшгүй холбоотой, сонгогчдын шаардаж байдаг зүйл юм. Тойргийнхоо асуудлыг шийдээд байвал сонгогчиддоо таалагдчихна гэсэн санаагаар л нэг тэрбум гэсэн улс төр гарч ирсэн гэвэл хилсдэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.