Ц.Даваасүрэн: “Монгол мал” хөтөлбөрийг эхлүүлэхээр 10 тэрбум төгрөг төсөвлөсөн
2010.05.27

Ц.Даваасүрэн: “Монгол мал” хөтөлбөрийг эхлүүлэхээр 10 тэрбум төгрөг төсөвлөсөн

УИХ-ын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-УИХ-аас малчдад хамааралтай томоохон хөтөлбөрийг баталлаа. "Монгол мал" хөтөлбөрийг 30 гаруй гишүүн санаачилсны нэг нь та. Энэ хөтөлбөрийн зорилго, чиглэлийн талаар эхлээд тодруулна уу?

-Өнгөрсөн жил УИХ-аас "Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичиг"-ийг батласан. "Монгол мал" хөтөлбөр үүний үргэлжлэл. Тодруулбал, энэхүү бодлогыг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлж өгч байгаагаараа ач холбогдолтой. Хөтөлбөрийн гол зорилго нь биднийг хэдэн зуу, мянган жил тэжээж ирсэн уламжлалт мал аж ахуйгаа шинжлэх ухааны ололт, технологиор баяжуулан бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжсэнээр өндөр ашиг шимтэй, эрүүл мал, махаа экспортлох, түүхий эд, бүтээгдхүүний гарц, чанарыг сайжруулах, дэлхийн төвшинд хүргэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ.

-Хотоос алслагдсан, зах зээлээс хол малчдад энэ хөтөлбөр ямар ашиг тустай вэ?

-Хөтөлбөрт туссан арга хэмжээнд малчин өрхүүд хаана байгаасаа үл хамааран бүгд хамрагдана. Ач холбогдлоор нь онцолбол, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээг сумын төвшинд бий болно. Ингэснээр хөдөөд дан ганц хувийн мал эмнэлэгт мал эрүүлжүүлэх асуудлыг даатгаад орхисон өмнөх алдаагаа залруулна гэсэн хэрэг л дээ. Түүнчлэн малын мах, түүхий эд бэлтгэл, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгосноор төв суурингаас алслагдсан малчин өрхүүд биржийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг тогтолцоо бүрдэнэ гэх мэт олон чухал арга хэмжээ хөтөлбөрт туссан.

-Хөтөлбөрийн хүрээнд малчдад ямар дэмжлэг туслалцаа, урамшуулал олгохоор тусгасан бэ?

-Хэн малаа сайжруулан бүтээмжийг нь нэмэгдүүлэх санаачлага, идэвх зүтгэл гаргана тэр хүнд урамшуулал төрөөс үзүүлэхээр тусгасан. Тухайлбал, хадлан тэжээл бэлтгэх, усан хангамжийг нэмэгдүүлэх,стандартын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн гаргах, малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй эрхлэх чиглэлээр санаачлага гаргаж үр дүнд хүрсэн малчдын бүлэг, малчин өрхөд төрөөс сан-хүүгийн дэмжлэг үзүүлж байхаар болсон.

-Энэ хөтөлбөрийг хавтас болгож хадгалахгүйн тулд эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн хэлж байсан. "Монгол мал" хөтөлбөрийг хэдий хугацаанд хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Хөтөлбөр сейфэнд цаас болон хэвтэхгүй, хэрэгжихийн нэг үндсэн нөхцөл нь шаардагдах эх үүсвэрийг тодорхой зааж, тухайн жилийн төсвийн орлогын гурван хувиас доошгүй хөрөнгө тусгаж байхаар хуульчилж өгсөн гэдгийг хэлэх байна. 2010-2015 он, 2016-2021 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний үед, мал эрүүлжүүлэх, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоог бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын өөрчлөлттэй зохицон амьдрах чиглэлийн ажлууд хийгдэнэ. Энэ жилийн хувьд сумдад мал эмнэлгийн нэгдсэн удирлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгжүүд байгуулагдана. Хоёр дахь шатанд, бүх малаа эрүүлжүүлж, бүртгэлжүүлэн, эрүүл мэндийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, экспортлох боломжийг бүрэн төгс хэрэгжүүлсэн байх юм.

-Манай улсын эдийн засгийн тулгуур салбар бол мал аж ахуй. Тэгэхээр малын гаралтай түүхий эдийг экспортод гаргах, мах, сүүний үйлдвэр байгуулахад юу хийх вэ?

- Мал аж ахуй бол манай улсын дотоодын нийт бүтээгдхүүний хорь орчим хувийг бүтээдэг эдийн засгийн нэг гол салбар л даа. Экспортын орлогын 10 гаруй хувийг оруулдаг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх бололцоо бий. Нэг жишээ татъя. Өндөр хөгжилтэй орнуудад 500 кг жинтэй үхрээс 12 мянган ам.долларын ашиг олдог. Гэтэл манайд 3000 орчим ам.доллар ч хүрдэггүй. Үүнээс мал "аж ахуйн салбарт эдийн засгийн ямар боломж байгааг харж болно. Бид мал, махаа экспортлох тухай олон жил ярьлаа, үр дүнд хүрсэнгүй. Манай малд эрүүл гэх гарал үүслийн гэрчилгээ, баталгаа байдаггүй. Үүнийг бий болгох тогтолцоо байхгүйгээс гадныхны итгэлийг төрүүлдэггүй.Үүнийг шийдэх арга замуудыг тусгаж өгсөнд хөтөлбөрииг гол ач холбогдол байгаа юм. 2015 оноос зарим төрлийн малаа экспортлох эрүүл ахуйн шаардлагыг хангаж эхэлнэ. Тухайлбал, 2015 он гэхэд үхэр, тэмээг бурцеллёз өвчнөөс эрүүлжүүлсэн байхаар төлөвлөсөн. Түүнчлэн малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн аргаар мах, сүү боловсруулах ажлыг жилээс жилд нэмэгдүүлнэ. Тухайлбал, сум бүрт нядалгааны цех байгуулах бөгөөд 2012 онд 15.1 мянган тонн мах, 16.5 мянган тонн сүү, 2021 он гэхэд 157 мянган тонн мах, 125 мянган тонн сүүг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг болно.

-Малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйн талаар ямар зорилт тусгасан бол?

-Бүх суманд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих төрийн үйлчилгээний нэгж энэ жилээс байгуулагдаж эхлэх талаар өмнө ярьсан. Ийм бүтэц бий болсноор сумын төвшинд малыг эрүүлжүүлэх, бүртгэх, мэдээллийн сан байгуулах, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох суурь тавигдана. Малын удмын сангийн хувьд үндэсний цогцолбор бий болгож, малын генийн санг хамгаалах, хадгалах, малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлэх юм. Уламжлалт бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөгжүүлэх зорилт тавьж байгаа. Тодруулбал, бэлчээрийн монгол малыг манай орны байгаль цаг уурын онцлогт зохицож, шалгарлыг давж ирсэн ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омог, хэвшлийн цөм сүргийн малаар сайжруулах чиглэлийг эрхэмлэх юм.

-Хөтөлбөрийг хэдэн төгрөгөөр хэрэгжүүлэх вэ. Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх бол?

-Жил бүр хөтөлбөрийн санхүүжилтэд улсын нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төсөвт тусган хэрэгжүүлж байх юм. Энэ жил "Монгол мал" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд зориулж 10 тэрбум төгрөгийг 2010 оны төсөвт тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улс, орон нутгийн төсвөөс гадна иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, ашигт малтмалын орлого, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бүрдүүлж байхаар хөтөлбөрт тусгасан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.