Болд.Л 2016.11.03 | Сайт: Монцаме

Л.Болд: Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэнэ

Л.Болд: Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороон дахь "Нэг Ардчилал" фракцийг татан буулгаж байгааг өнөөдөр мэдэгдсэн. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодруулав.

-Танай намын "Нэг ардчилал" фракц татан буугдсан шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?

Манай намын дүрэмд фракц гэсэн албан ёсны нэгж, зохион байгуулалт байхгүй. Тийм учраас татан буулгах, шинээр байгуулах гэсэн албан ёсны шийдвэр байхгүй. Гишүүд өөрсдөө ойлголцоод л хамтарч ажиллаад явдаг.

Ер нь цаашдаа эрх ашиг, албан тушаал, эд хөрөнгө дагасан бүлэглэлүүд биежиж, намыг уруу татаж, хүнд байдалд оруулж байгааг үгүй болгох уриалга гэж ойлгож байна. Намын дарга ч фракцгүй нам боллоо гэж зарлаж байсан.

Гэхдээ фракцууд одоо ч байсаар, ажилласаар л яваа. Тийм учраас нам хуралдаж, дотоод ардчиллаа бий болгож байж буруу зорилгоор бүлэглэл бий болж, бүлэглэлд намын эрх мэдэл шилждэггүй байх нөхцөл бүрдүүлнэ. Энэ үйл ажиллагаа хэрэгжиж байгаа нэг алхам гэж харж байна.

-Өчигдөр танай намын Гүйцэтгэх зөвлөлөөр ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

Намын Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 16-нд хуралдуулах тов гарсан. Өөр асуудал хэлэлцээгүй. 

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

Таван асуудал хэлэлцэнэ. Намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг, намын Үндсэн дүрмийг шинэчлэн найруулах төслийн ажлын хэсгийг сонсож, хэлэлцэнэ. Мөн өмнө нь Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ.

-Намын даргын сунгаа хэзээ эхлэх вэ?

Сунгаа явах байх. Гэхдээ Үндэсний зөвлөлдөх хороогоор намын даргыг хэрхэн сонгох, ямар шалгуур тавих зэрэг асуудлыг шийднэ.

-Нэг зүйлийг тодруулахад "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар Г.Алтанг томилно гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар байнгын хорооны хуралдаанаар яригдав уу? 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй гэж хариулсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайд Монгол Улс өөрөө 100 хувь асуудлаа шийднэ. Энэ үйлдвэрийг дэлхийн хэмжээнд авч явах чадвартай, мэргэжлийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүмүүсийг ил тод, нээлттэй шалгаруулалтаар сонгох ёстой.