Саранчимэг.Б 2016.11.03 | Сайт: Vip76.mn

Б.Саранчимэг: Насны хишгийг 65-аас дээш насны ахмадуудад олгох нь зүйтэй

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахмадуудад насны хишиг олгох тухай асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуультай хамт мэдүүлсэн 15 хуулийн төсөл дотор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ахмадуудад насны хишиг олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгааг дэмжиж байна.

70-аас дээш насны ахмадуудад 100 000-300 000 төгрөг жилд 2 удаа олгоно гэж хуулийн төсөлд тусгасан байна. Ахмадуудад насны хишиг олгохын тулд 2017 оны төсөвт хэдэн төгрөг суулгасан бэ?

Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим УИХ-ын гишүүд 65-аас дээш насны ахмадуудад насны хишиг олгох санал гаргасан нь дэмжигдсэн. Энэ саналыг УИХ-аар дэмжвэл төсөвт хэдэн төгрөг нэмж суулгах шаардлагатай вэ?

Ахмадуудтай уулзаж санал, бодлыг нь сонсоход, биднийг насаар нь ялгаварлаж байна гэсэн санал хэлж байна. Тиймээс өнөөгийн эдийн засгийн нөхцөлд ахмадууддаа дэмжих үүднээс насны хязгаарыг наашлуулах саналтай байна.

Засгийн газраас цаашид үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж байгаа учраас энэ тал дээр тодруулга хийнэ үү?

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Ач санах тухай” хуулийн төсөл орсон. Энэ хуулийн төсөлд насны хишгийн талаар орсон уу? Энэ хуулийг хэзээ өргөн барих вэ?"

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

"Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд 2 санал хураана. Засгийн газар 70-аас дээш насны ахмадуудад насны хишгийг жилд 2 удаа олгоно гэж оруулж ирснийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг нар 65-аас дээш насны ахмадуудад насны хишиг олгоё гэж өөрчлөхийг хүссэн. Энэ санал Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор тус тус дэмжигдсэн.

Засгийн газар анх насны хишгийг 70-аас дээш насны ахмадуудад олгоно гээд 21 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан. 65-аас дээш насны ахмадуудад олгосноор төсөвт мөнгө нэмж суулгах шаардлагагүй байна.

“Ач санах тухай” хуулийн төсөл Засгийн газрын хуралдаанаар яригдах байх."