УИХ-ын гишүүн Л.Болд
2016.11.03

Л.Болд: Хөрш айлуудыг хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох тухай өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Хийж буй өөрчлөлт нь Хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” гэж нэрлэсэн байна. Эхлээд мөнгөн тэтгэмж гэж байсан бол дараа нь алтан тэтгэмж олгох юм байна л даа.

Хөрш айлууд хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж хүүхдийн мөнгө олгох гээд байна. Тухайн үед өрхийн орлого, амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа хийсэн байж болно. Энэ судалгаагаа ашиглаад хүүхдэд ов мэх хэрэглэх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаваргүй олгоход маш бага мөнгө шаардлагатай.

УИХ-ын чуулган завсарлах үеэр 5 аймаг, 10 гаруй сумдаар орлоо. Маш олон иргэдтэй уулзлаа.

Ахмадууд, бизнесүүд, цэцэрлэгүүд, төрийн албан хаагч зэргээр бүгдийг ялгаварлаж байна. Хүүхдийг ялгаварлах хэрэггүй.

Монгол Улсын 400 гаруй мянган хүүхдийг битгий ялгаварлаач. Энэ том бодлогоосоо битгий татгалз. Эдийн засгийн хүндрэлээс бид давж чадна. Эдийн засгийн асуудалд улстөржих хэрэггүй. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаа, оноотой шийдвэр та биднийх. Ганцхан зүйл гуйж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоё."