ШУ-ны академийн ерөнхийлөгчийг батламжлав
2016.11.03

ШУ-ны академийн ерөнхийлөгчийг батламжлав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Дүгэрийн Рэгдэлийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөр батламжилсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулан өглөө. 

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.

Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.