УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.04

Я.Содбаатар: О хувийн хүүтэй, урт хугацаатай зээл авахыг дэмжиж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.

Энэхүү 40 сая еврогийн хэлэлцээрийн нөхцөл нь хөнгөлөлттэй зээлийн хөнгөлөлтийн түвшинд тавигдах шаардлага (35%)-ыг хангасан, дараах нөхцөлтэй байна.

Зээлийн хүү (жилийн): 0,0%

Зээлийн хугацаа: 18 жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил

Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 40.93% байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2 жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслийг бүрэн тохиролцох шаардлагатай.

Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй; хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам; боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлнэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

"Урт хугацааны хүү багатай зээл авч, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх нь зөв гэж ойлгож байна. Австри-Германы хамтарсан компани манай улсад цэвэрлэх байгууламж, бохирын системийг сайжруулах чиглэлээр судалгаа хийсэн.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд тодорхой төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа юм. Хужирт сум бол Монгол Улсын хэмжээнд хамгийн их рашаан сувилалтай, рашаан сувиллаа дагасан аялал жуулчлал нилээн өргөжиж байна. Тиймээс уг суманд зайлшгүй цэвэрлэх байгууламж барих, цэвэр, бохир усны системийг шинэчлэх шаардлага тулгарсан. Тэнд үйл ажиллагаа явуулж буй рашаан, сувиллууд нь жижиг, дунд үйлдвэрлэлд хамаарагдаж байгаа нь рашааны үндсэн ундаргад нөлөөлөх, байгаль орчинд сөрөг нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлтүүдийг холбогдох байгууллагууд гаргасан.

Австри-Германы төслийн хүрээнд уг асуудлыг ярилцаж байгаад хоёр улсын хамтарсан компани өөрийн засаг захиргаандаа мэдэгдсэн. Монгол Улсад хэрэгжиж буй төсөлд уг асуудлыг хамруулж болно гэж уг тойргоос сонгогдсон гишүүний хувьд надад хандсан. Тиймээс Сангийн яам уг хөнгөлөлттэй зээлийг Хужирт суманд чиглүүлж өгөхийг хүсч байна.

Цаашид хөнгөлөллтэй зээлийг оруулж ирэхдээ юун дээр анхаарах, яаж зөв зарцуулах талаар анхаарах нь зүйтэй. Өнгөрсөн дөрвөн жилд арилжааны зээлд анхаарч, олон улсын шугамаар хэрэгждэг хөнгөлөлттэй зээл авахаас татгалзаж ирсэн. Одооноос олон улсын хөнгөлөлттэй зээлийг эргээд, нэн ялангуяа 0 хувийн хүүтэй, урт хугацаатай зээлүүдийг авах нь зүйтэй."