УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.11.05

Ө.Энхтүвшин: Яг үүнтэй адилхан нэр, агуулгатай хөтөлбөр 2 жилийн өмнө батлагдсан, гэхдээ хэрэгжээгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэд хэдэн санал дэвшүүллээ. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

"Яг үүнтэй адилхан нэр, агуулгатай хөтөлбөр 2 жилийн өмнө батлагдсан. Гэхдээ хэрэгжээгүй. Казино, морин уралдаан зэрэг нь уг хөтөлбөрт бас тусгагдсан байсан. Тавантолгой Оюутолгойн төслийг хөдөлгөнө гэж тэр үед ч бас ярьж л байсан. 2 жилийн өмнөх хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?

2 жилийн өмнөхөөс эдийн засгийн нөхцөл байдал өөр болсон. Эдийн засгийн онцгой байдлын үед онцгой хөтөлбөр, онцгой дэглэм үйлчилж, стандарт бус арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлийг даван туулна гэж бодож байна.

Хэдэн зүйлд анхаарах нь зүйтэй гэж бодоод байна.

- Өрийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь тэргүүлэх асуудал байх. Ирэх онд гэхэд л 6,6 их наяд төгрөгийн өр төлөх ёстой. Энэ өрийг яаж төлөх вэ?

- Валютын урсгалыг яаж дотогш чиглүүлэх вэ? Гадаадын хөрөнгө оруулалт татах талаар яриад байгаа боловч ямар арга замаар хөрөнгө оруулалт татах нь тодорхойгүй байна.

- Валютын ханшийг яаж барих вэ? Бодлогын хүүг 15 хувьд хэдий хүртэл хадгалах вэ?

- Орлого нэмэгдүүлэх ямар ямар боломж байна? Ямар эх үүсвэрээс ойролцоогоор хичнээн төгрөгийн орлого олох боломжтой вэ? Нүүрсээ угааж нэмүү өртөг шингээх юм уу?

- Хөрөнгө түгжсэн асуудал. Жишээлбэл, 35 мянган айлын орон сууцыг эргэлтэд яаж оруулах вэ? Орон сууцанд амьдрах хүсэлтэй олон мянган хүн байна.  

- Царцсан орон сууцны асуудлаа шийдэж чадаагүй байж гангийн үйлдвэр, нүүрс гүн боловсруулах үйлдвэр, угсармал барилгын үйлдвэр, барилгын дулаалгын үйлдвэрлэл, баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулна гэх зэргээр үйлдвэржүүлэх бодлого баримталж байна.

- Иргэдээ яаж ажилтай байлгах уу? Ажлын байрыг яаж хадгалах уу? Компаниудаа яаж дэмжих вэ гэдэг асуудал чухал байна.

- Үрэлгэн зардлыг танах, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх гэсэн асуудлууд байна."

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"2 жилийн өмнө баталсан хөтөлбөрт дотоодын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төсөл хөтөлбөрөө санхүүжүүлнэ гэсэн тооцоо гаргасан. Уг хөтөлбөр бүхлээрээ муу болсон гэж хэлэхгүй. Хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүйн улмаас өнөөдрийн хүндрэл үүссэн.

Онцгой дэглэм тогтоох, стандарт бус арга хэмжээ авах тухайд, танд тодорхой санал байвал тантай хамтарч ажиллахад бэлэн байна.

Гадаад өр төлбөрөө яаж төлөх вэ гэдэг дээр Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж байна. Өрийн тогтвортой байдлыг хангах үүднээс Сангийн яам, Монголбанкинд нилээд олон цогц арга хэмжээ авахаар болсон. Ирэх долоо хоногт Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал тус олон улсын байгууллагаас ямар шаардлага тавих талаар танилцуулга хийх болно.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж байж валютын дотогш урсгалыг нэмж чадна. Монгол Улсад улирлын шинжтэй бүтээн байгуулалт өрнөдөг учраас Засгийн газар, Монголбанк хамтраад дэд бүтцийн салбарт тодорхой төслүүдийг маш зоригтойгоор эхлүүлэхээр ярьж байна.

Валютын ханшийн тухайд богино хугацаанд эдийн засгийн том төслүүдийг хэрэгжүүлснээр эхний нэг, хоёр жилд бидэнд шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэр байхгүй учраас хөнгөлөлттэй эх үүсвэр оруулж ирнэ.

8 хувийн ипотекийн зээлийг Засгийн газраас үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, орон сууцны талбайн хэмжээг 100 м.кв болгосон. Монголбанк уг хөтөлбөрийг он дуустал санхүүжүүлнэ. Шинэ оны эхнээс уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сангийн яам, Монголбанк хамтарсан шийдэлд хүрэхээр ажиллаж байна. Гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлэхгүй юм бол өмнөх хэлбэрээр үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн. Мөнгө хэвлэж хэрэгжүүлэх юм бол нэг  ам.долларын ханш 3000 төгрөгт хүрэх магадлалтай. Хэлэлцээр хийж байна. Үр дүн нь хараахан гараагүй байгаа учраас энэ удаад ярих боломжгүй байна. Ойрын хугацаанд хэлэлцээрийг дуусгах болно.

Ажлын байрыг хадгалах тухайд Засгийн газрын хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 60 гаруй төсөлд 50 гаруй мянган хүн ажиллах болно. Ингэснээр ажилгүйдлийн түвшинг 8 хувьд хүргэх боломжтой гэж харж байна."

Ажлын хэсэг:

"Төлбөрийн тэнцэл, ваншид үзүүлэх дарамтыг сулруулах бодлого барьж байна. Засгийн газрын өргөн барьсан хөтөлбөрт энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Мөнгөний бодлогын  үр дүнд төсвийн гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүнд эерэг өөрчлөлт гарч байна."