Сарангэрэл.Д Энх-Амгалан.Б Бат-эрдэнэ.Ж Л.Элдэв-Очир 2016.11.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ, Телевиз: TV5

УИХ-ын зарим гишүүд "Хөнгөн үйлдвэрлэлийн холбоо"-ны төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын зарим гишүүд "Хөнгөн үйлдвэрлэлийн холбоо"-ны төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа нарын гишүүд

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа нарын гишүүд өнөөдөр /2016.11.08/ хөнгөн үйлдвэрлэлийн холбоодын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа.

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан уг тогтоолын төслийг судлан, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхныг нэг дор цуглуулан уулзалт хийж байгаа нь салбараа маш сайн мэдэх та бүхний саналыг сонсож, үйлдвэрлэлийн энэ салбараа хөгжүүлэх зөв бодлого гаргахад чиглэж байгаа юм” хэмээн онцлов.

Уулзалтад арьс шир, ноос, ноолуур, мах, оёдол, ээрмэл, нэхмэл, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллүүд оролцож, энэ салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, өнөөгийн нөхцөлд байдал, цаашид төр, засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар дор бүрнээ саналаа хэллээ. Тухайлбал, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож дотоодын зах зээлийг хамгаалах хуультай болох, ченж компаниудыг болиулах, боловсон хүчнийг чадавхижуулах, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр төр, засгаас үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих шаардлагатай байгааг санал болгож байлаа.

Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүдтэй санал бодлоо хуваалцаж, тэдний зарим асуултад хариулт өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчдийн хэлсэн саналыг ажил хэрэг болгох ажлын хэсгийг холбоодын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулж, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Засгийн газар, яам, агентлагийн түвшинд хөөцөлдөн ажил хэрэг болгохоор тохирлоо.