Л.Гантөмөр: Өөрийгөө өөрчилж чадах чадвар манай намд бий
БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр
2016.11.10

Л.Гантөмөр: Өөрийгөө өөрчилж чадах чадвар манай намд бий

“Ардчилсан намыг шинэчлэх шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр “Пума империал” зочид буудлын хурлын танхимд болсон юм. Уг хэлэлцүүлгийг БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр зохион байгуулж явуулсан. 

АН эв нэгдэлтэй нам болохын тулд фракц, бүлэглэлүүдээс бүрэн татгалзаж, намыг хамтын шийдвэр гаргадаг удирдлагын баг буюу Удирдах зөвлөл удирдах ёстой гэнэ.

Мөн намын дарга нь Удирдах зөвлөлийн шийдвэрийг нийгэмд илэрхийлэгч байх бөгөөд ҮЗХ болон бусад хороодын хуралд залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн квоттой болох юм байна. Энэ мэтээр намаа хэрхэн яаж шинэчлэх тухай төлөвлөгөөгөө танилцуулсан самбаруудыг хэлэлцүүлгийн танхимд байрлуулсан байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр БСШУ-ы сайд асан Л.Гантөмөртэй цөөн хором ярилцсан юм.

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго юу вэ?

Бидэнд намаа шинэчлэх шаардлага байна уу, үгүй юу. Хэрвээ тийм шаардлага байна гэвэл яаж шинэчлэх вэ. Дүрэмдээ өөрчлөлт оруулах юм уу, үзэл баримтлал нь өөрчлөгдөх юм уу. Бүтэц нь өөрчлөгдөх үү. Үйл ажиллагаа нь өөрчлөгдөх үү гээд олон асуудал байна л даа.

Тэр болгоны шийдлийг гаргахад АН-ын гишүүд цөмөөрөө л оролцох хэрэгтэй. АН-ын үйл хэрэгт АН-ын гишүүд л санаа тавихгүй бол болохгүй шүү дээ. Тэр утгаараа орон даяар хэлэлцүүлэг явуулна гэсэн бодолтой байгаа юм. Эхний алхмаа хийхдээ хүмүүсээсээ саналыг нь аваад бодож байгаа санаж байгаагаа хүмүүстэй хуваалцъя л гэсэн юм.

-АН-ын шинэчлэлийг голдуу залуу гишүүд нь ярьж, оройлоод байна уу даа гэж харагдаад байгаа?

Настай гишүүд илүү санаа зовж байгаа гэдэгт би итгэж байгаа. Илэрхийлэхийн хувьд залуучууд нь илүү урд нь гараад өөрсдийнхөө санаа бодлыг гаргаад байгаа ийм зүйл анзаарагдаж байна. Тэгэхээр намынхаа үйл хэрэгт санаа зовохгүй байх нэг ч хүн байхгүй байх.

Нам бидэнд юу хийж өгөх вэ гэдгээсээ илүү намаа яаж олон түмний итгэл хүлээсэн нам болгохын төлөө ажиллах вэ гэдэг ийм асуултууд зайлшгүй тавигдаж байгаа. Аль болох олон гишүүнийг хамарсан хэлэлцүүлэг хийх нь миний хийж чадах ажил болов уу гэж бодож байна.

-26 жил гэдэг нь тооны хувьд бага ч улс төрийн намын төлөвшлийн хувьд урт хугацаа. Танай намыг 26 жилийн настай шинэ нам гэдэг. Шинэ намыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна уу?

Ямар ч улс төрийн хүчин, ямар ч байгууллага өөрийгөө байнга л шинэчилж, тухайн цаг үетэйгээ нийцэж амьдардаг биз дээ. Аль нэг салбарын мэргэжилтэн хүртэл байнга л өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлдэг. Тэрэн шиг АН өөрөө өөрийгөө сайжруулаад аваад явчихаж чадах чадалтай нам. Төлөвшил талаасаа өөрийгөө өөрчилж чадах чадвар манай намд байгаа.

Нам маань өөрөө төлөвшчихсөн үү гэвэл 26 жилийн дараа тэр чадвараа олчихсон гэж хэлнэ. Яагаад вэ гэвэл АН-ын үйл хэрэгт санаа зовдог мянга мянган хүн байна шүү дээ. Хаяад явдаг хүн цөөн. Тэр талаасаа намынхаа хувьд төлөвшсөн нь ойлгомжтой. Тэгэхдээ энэ цаг үедээ, хөгжлийнхөө шатанд өөрөө өөрийгөө сайжруулаад явах гарцаагүй шаардлага байна уу даа гэж жишээ нь миний хувьд зүгээр хараад суугаад байж чадахгүй байна.

-АН 2020 оны сонгуульд ялахын тулд шинэчлэх нэрээр өөрийгөө бэлдэж байна гэж ойлгож болох уу?

2020 оноор хязгаарлагдахгүй. Цаашаа үргэлжлээд явах ёстой. Монголчуудын эрх чөлөөн дээр суурилсан тусгаар тогтнол, Монголын хөгжил, энэ бүгд иргэдээс хамаарна гэсэн ийм цогц ойлголт байна аа гэвэл нам өөрөө өөрийгөө сайжруулаад явах нь зүйн хэрэг болов уу.

Бид сонгуульд ялсан ч гэсэн үйл ажиллагаагаа сайжруулаад л явах ёстой. Ялсан намын гишүүд төрийн хэрэгт илүүтэй санаа тавьдаг шүү дээ. Харин ялагдсан нам нь өөрийнхөө хэрэгт их санаа тавьдаг. Тэр процесс л явж байна.