Нямбаатар.Х 2016.11.10 | Сонин: Өдрийн сонин

Х.Нямбаатар: Эдийн засгийн хямрал бол улстөржих сэдэв биш

Х.Нямбаатар: Эдийн засгийн хямрал бол улстөржих сэдэв биш
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгээс уг төсөлд санал, дүгнэлт боловсруулахаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

-Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэр чамбай болсон хэмээн дүгнэж байгаа вэ?

Миний хувьд Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр хэмээн нэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь олон улсын банк санхүүгийн байгууллага болон эдийн засагчид Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгааг тодотгоод буй.

Тухайлбал, Монгол Улс гадаад валютын нөөцийн хомсдолд орсон гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлачихлаа. Монголбанкаас төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг огцом бууруулах арга хэмжээ авах боломжгүй гэдгээ ч мэдэгдсэн. Энэ утгаараа эдийн засгийн хүндрэл нь хямрал болсныг илтгэж байгаа тул хөтөлбөрийн нэрэнд өөрчлөлт оруулах ёстой хэмээн үзэж байгаа.

Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хямралаас гарах гарц
-Хөтөлбөрт тусгасан 60 гаруй арга хэмжээг авч хэрэг- жүүлснээр эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч чадна хэмээн үзэж байгаа юу?

Хөтөлбөрт тусгасан 60 гаруй арга хэмжээний үр дүнг хэмжих хэмжүүрийг оруулаагүй байсан. Иймд УИХ дахь МАН- ын бүлгээс санал, дүгнэлт боловсруулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг дэд хэсгүүдэд хуваагдаж буй.

Дэд хэсгүүд нь хөтөлбөрт тусгасан 60 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэх салбарын төлөөлөл болон яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлыг нь тусгахаар ажиллаж байна.

Тухайлбал, Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар барилгын салбарын төлөөлөлтэй уулзсан бол Г.Тэмүүлэн уул уурхайн салбарынхантай уулзахаар төлөвлөсөн. Харин миний хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзах хуваарьтай.

Уулзалтаар хөтөлбөрт тусгасан 60 гаруй арга хэмжээний хэрэгжих үндэслэл болон эдийн засгийн тооцооллыг нь гаргаж, санал, дүгнэлтээ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулна.

-Уг хөтөлбөрт ямар арга хэмжээ авахаар тусгасан байгаа вэ?

Нэгдүгээрт, төсвийн алдагд- лыг бууруулах чиглэлд тодорхой бодлого баримтлахаар тусгасан. Мөн төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлд ч анхаарна. Сүүлийн жилүүдэд улсын төсөв батлахдаа алдагдлын хувь хэмжээг нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, оны эцэст төсөвт тусгасан ажлын гүйцэтгэл хангалтгүй байдаг. Ингэснээр төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэл хоорондын зай холдсон.

Хоёрдугаарт, Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгосон ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. 2011 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол энэ оны байдлаар 138 сая ам.доллараар тасалбар болох нь.

Гуравдугаарт, хөрш орнуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачааны эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч онцгой анхаарна. Иймд казино болон морин тойруулгын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн.

Дөрөвдүгээрт, стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хямралаас гарах гарц хэмээн тодорхойлсон. Энэ бол хөтөлбөрийн амин сүнс нь хэмээн үзэж байгаа. Тавдугаарт, төсвийн сахилга батыг сайжруулах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн сахилга батыг яаж алдагдуулдаг гэдгийг яруу тодоор харуулсан. Үүнтэй зэрэгцэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр болон бусад орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах асуудлыг хөндөж байна. Үүнийг би хувьдаа дэмжинэ. Ялангуяа, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой.

Магадгүй эдийн засгийн хямралаас гарсны дараа улстөрчид нөгөө л популизм руу орох байх. Байгалийн баялгаас олсон хуримтлалаа зөв зүйлд зарцуулахаас илүүтэйгээр 76 тойрогтоо хүртээх гэсэн сэтгэлдээ автаж, популизм руу ханцуй шамлан орох байх гэж бодож байна.

Тиймээс ОУВС- гийн “Стэнд бай” хөтөлбөрөөр дамжуулан төсвийн сахилга батаа сайжруулах ёстой. Гэхдээ хямралыг боломж хэмээн харах ёстой. Эдийн засгийн хямрал бол улстөржих сэдэв биш гэдгийг онцлох хэрэгтэй. Хэн нэгэнд буруу, зөвийг нялзаахаас илүүтэйгээр хямралаас гарахын тулд хамтран ажиллах ёстой.

-Зарим УИХ-ын гишүүн энэхүү хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, эдийн засгийн тооцоолол нь тааруу, хямралаас гарах бодит гарцыг тодорхойлоогүй хэмээн шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

Засгийн газар богино хугацаанд чамбай ажилласан. Тиймээс хэн нэгэн хүний хувийн үзэл бодлоор асуудалд хандмааргүй байна. Учир нь энэхүү хөтөлбөр улс орны ирээдүйтэй шууд холбоотой шүү дээ. Магадгүй шүүмжлэлтэй хандах зүйл байхыг үгүйсгэхгүй.

-Монгол Улсад эдийн засгийн уналтыг зогсоох нь нэн тэргүүний зорилт болоод байна. Үүний дараа эдийн зас- гийг тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Энэ талаар та юу хэлэх вэ?

Эдийн засгийн хямралыг зогсоохгүйгээр, гэтлэн давахгүйгээр цаашид оршин тогтнох боломжгүйд хүрнэ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулахын зэрэгцээ өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн итгэж байгаа.

Нөгөөтэйгүүр, ямар тохиолдолд эдийн засгийн хямралыг зогсоосон, тогтворжуулсан болон өсөлтийг нэмэгдүүлсэн гэж үзэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг л хөтөлбөрт тусгах ёстой. Хөтөлбөрийг заавал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.

-Хямралыг гэтлэхийн тулд казино болон морин тойруулга байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасан байгаа. Эдийн засгийн тооцооллыг нь хийсэн үү?

Эрх зүйн орчныг бий болгосны дараа эдийн засгийн тооцооллыг нь хийх боломжтой болно. Миний хувьд дээрх саналыг дэмжиж байгаа. Тухайлбал, Хонконг улс найман сая орчим хүн амтай. Гэтэл хоёрхон төрлийн орлогоос улсынх нь төсөв бүрддэг. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь үнэгүй бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд багтаж байна.

Төсвийн орлогын эх үүсвэрийг судлахаар боомт болон морин тойруулгаас татвар авдаг. Тиймээс манай улс энэхүү боломжийг тодорхой хэмжээнд ашиглах хэрэгтэй. Манай улсын зарим иргэн морин тойруулгын спортод багагүй амжилт үзүүлээд байгаа шүү дээ. Гаднынхан ч манай улсыг сонирхож байна. Сөрөг тал гэхээсээ илүүтэйгээр эерэг талаас нь хараад үзэх нь чухал. Харин монгол хүн донтох аюулаас нь сэргийлэх ёстой.

» Магадгүй эдийн засгийн хямралаас гарсны дараа улстөрчид нөгөөл популизм руу орох байх.

» Хэн нэгэнд буруу, зөвийг ' нялзаахаас илүүтэйгээр хямралаас гарахын тулд хамтран ажиллах ёстой.

» Хөтөлбөрийг заавал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.