Болд.Л Нямбаатар.Х Учрал.Н 2016.11.11 | Телевиз: Парламентын суваг

Л.Болд, Х.Нямбаатар, Н.Учрал нар оффшор бүсийн талаар ингэж хэлэв

УИХ-ын өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй хэд хэдэн гишүүд үг хэллээ. 

Л.Болд: Энэ хуулийн төслөө татаад авчих

"Уг нэмэлт, өөрчлөлтийг хараад байхад өмнө нь Монгол Улсад оффшор дансыг хориглосон хууль тогтоомж байхгүй байсан юм шиг ойлгогдоод байна. Хэрэв нийгэмд ингэж ойлгуулах юм бол маш эрсдэлтэй. Оффшор данстай, данстай байсан хүн бүр түүнийгээ тайлбарлах ёстой.

Хувь хүн, компани гэлтгүй бүгд л оффшор бүсэд данстай бол түүнийгээ мэдүүлэх хэрэгтэй. Энэ хууль гарахаас өмнөх асуудлыг тооцохгүй, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаас хойш оффшор данс нээлгэсэн бол хариуцлага тооцно, хориглоно гэвэл маш буруу тайлбар болно. Хэрэв ийм үзэл баримтлал, үндэслэлээр батлах гэж байгаа бол энэ хууль гарах ёсгүй.

Оффшор данс бол Монголын эдийн засгийг боомилж байна. Намаас үл хамаарсан шударга, тунгалаг санхүүгийн системтэй байх нь чухал. Энэ хууль гарснаар өмнөх бүх оффшорчид хуулийн хариуцлагаас мултрах юм бол нийгэмд шударгаар амьдрах боломжгүй, шаардлагагүй юм байна гэсэн ойлголт төрнө. Тиймээс хуулийн төслөө эргүүлэн татаж аваасай гэж хүсч байна.

Хууран мэхэлдэг, залилдаг, авлига өгдөг хүнд хариуцлага тооцдог хуулиуд Монгол Улсад байгаа шүү дээ. Олон улсын туршлагаас харахад, оффшор данстай хүн өөрөө сайн дураараа энэ тухайгаа мэдүүлсэн тохиолдолд өршөөдөг тогтолцоо байна.

Манай парламентад нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгосон тохиолдолд өршөөж, далд эдийн засгийг бууруулж байсан жишээ бий. Энэ жишгээр оффшор дансаа нийтэд ил зарласан тохиолдолд өршөөж, зохих ёсны татвараа төлөөд авдаг зарчмыг ч нэвтрүүлж болно шүү дээ.

Ингэснээр нийгэмд шударга ёс тогтож, улс орон хохиролгүй болно. Үүнээс биш энэ хууль гарахаас өмнөх бүх оффшор дансыг өршөөж байна гэвэл маш буруу хууль гарах гээд байна."

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүний зөвлөх, туслахыг энэ асуудалд хамааруулах хэрэг байна уу?

"Хуулийн төслийг дэмжиж үг хэлж байна. Миний бие УИХ-ын гишүүн болсныхоо дараа УИХ-ын даргын газар хүсэлт тавьж, оффшор бүсэд компани байгуулах, хөрөнгө эзэмшихтэй холбоотой харилцааг гадаад улс орнуудад ямар байдлаар зохицуулдаг талаар захиалга өгч, судлуулсан.

Европын өндөр хөгжилтэй орнуудад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулиар зохицуулдаг юм байна. Жишээлбэл, 2013 он гэхэд Франц улсад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулиар зохицуулалт хийсэн байна.

Оффшор дансыг хориглосон, хаасан тохиолдол төрт ёсны уламжлалд байдаггүй. 2013 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалт гаргаж, уг жагсаалтад багтсан төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсад оффшор данс эзэмших, бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. 2014, 2015 онуудад ОХУ-ын Авлигын тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлиг нь нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр орсон байх жишээтэй.

Энэ асуудалд ямар ч улстөржилт хэрэггүй. “Оффшор” гэж яг юу болохоо нарийн сайн мэдэж байх шаардлагатай. Хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөөр “оффшор” гэдгийг тусгайлан хуулчьлах олон улсын эрх зүйн ямар ч боломж байхгүй.

Тиймээс хууль санаачлагчийн зүгээс Монголын төрд зүтгэж байгаа бол гадаад улсын аль нэг банкинд данс нээхгүй, эзэмшихгүй байх гэдэг зохицуулалт оруулж ирж байна.

Монгол Улсын гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам тодруулбал хууль санаачлагч нь өөрийн дураар аль нэг улс, бүс нутгийг оффшор бүс гэж тодорхойлох, нэрлэх боломж байхгүй. Тиймээс хуулийн төслийн гол агуулга нь хуульд хамаарах 38 900 хүн

Монголын төрд зүтгэж л байгаа бол гадаадын банкинд данс эзэмшиж болохгүй, данс нээлгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалт оруулж ирж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг, сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон. Төрийн байгууллагад ажилладаг хүнийг төрийн албан хаагч гэж томъёолдог мөртлөө уг хуулиар нийтийн алба гэсэн нэр томъёог оруулж ирсэн. Тиймээс 2016, 2017 оны эрх зүйн шинэтгэлийн хүрээнд нэр томъёоны хувьд ч өөрчлөх ёстой гэж үзэж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг, сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хамаарах 38 900 гэсэн тоог бодож үзэх ёстой.

УИХ-ын гишүүний зөвлөх, туслах зэргийг хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай юу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яаманд 38 900 хүний жагсаалтыг шинэчлэх эрх нь байгаа.

Хэрэв оффшор данстай бол гурван сарын дотор холбогдох арга хэмжээ авна гэж байна. "Холбогдох арга хэмжээ" гэдгийг яаж авах юм бэ?

Жишээлбэл, Нидерландад сурч байхдаа нээлгэсэн дансаа одоо тус улсад очиж хаалгах уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох ёстой. Оюутан байхдаа гадаадад сурч, 10 еврогийн данс нээлгэсний төлөө оффшор данстай гэж хавтгайруулан хэлэгдэж байна уу, үгүй юу гэдгийг ялгаж салгах ёстой.

БНХАУ-ын хувьд, гадаадад данс эзэмших, мөнгөө байршуулахыг хориглосон тодорхой зүйл заалт байдаг. Өршөөл үзүүлэх зохицуулалтыг манай өмнөд, хойд хөршийн аль аль хийж өгсөн.

Өндөр хөгжилтэй орнуудад та бизнес хийж болно. Гагцхүү ил тод байх ёстой гэсэн зарчим баримталж байна."

Н.Учрал: Гадаадад данстай бол "оффшор" гэж ойлгоод байна

"Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд ийм хуулийн төсөл оруулж ирсэнд баяртай байна. Энэ бол яг цаг үеэ олсон хууль. Гэхдээ хуулийн төслийн зохицуулалтад анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна. Тийм учраас ажлын хэсгийн гишүүд олон улсын туршлагыг судалж, тодорхой зохицуулалт тусгасан байна гэж үзэж байна.

2006 оноос ОХУ оффшор данстай тэмцэж эхэлсэн. Англи улс ч Хувь хүний орлого, санхүүгийн тайлангийн ил тод байдлыг хангах тухай хууль гаргаж, оффшор бүсэд данстай компаниуд, төрийн өндөр албан тушаалтнуудтай тэмцсэн байдаг.

Эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгож, дорвитой өөрчлөлт хийх цаг болсон. Хуулийн төсөлд хувь хүн, бизнесийн байгууллага оффшор бүсэд данс нээх, эзэмших тухай биш хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтнууд хамааралтай гэдгийг нийгэмд зөв ойлгуулах шаардлагатай.

Хувийн бизнес эрхлэгчдийн эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Аж ахуй нэгж эрхлэх эрх хүн бүрт хуулиар олгогдсон.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд тодорхой шаардлагын улмаас зарим нэг эрхээ хязгаарлуулах ёстой. Ёс зүйн хувьд ч тэр зүй зохистой зохицуулалт учраас дэмжиж байна.

Гэхдээ гадаадад данстай байх, оффшор бүсэд данстай байх гэдэг бол хоёр өөр асуудал. ХМХ-ээр гадаадад данстай л бол оффшор гэнэ гэсэн ойлголт яваад байна. Тиймээс энэ хоёр өөр ойлголтыг ялгаж, салгах хэрэгтэй.

Хуулийн төсөлд тусгаснаар, ...гурван сарын дотор зохих арга хэмжээ авч...гэдгийг илүү тодруулах шаардлагатай. Зохих арга хэмжээ авна гэдэг нь хэт ерөнхий, тодорхой бус байна.

Хариуцлага тооцох тухайд, ... нийтийн албанаас халах... гэж тусгасан байна. Нийтийн албанаас хална гэхээр уг хуулийн үйлчлэлд хамаарч буй төрийн албан тушаалтнууд дотор сонгогддог албан тушаалтнууд ч гэсэн байгаа шүү дээ. Тиймээс ажлын хэсэг найруулга дээр анхаарах нь зүйтэй.

Хуульд зөвхөн оффшор данстай холбоотой зохицуулалт хийхээс гадна ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах талын зүйл, заалтуудыг эргэж харах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага цаг үеэ дагаж бий болоод байна."