Содбаатар.Я 2016.11.11 | Телевиз: Парламентын суваг

Я.Содбаатар: Малчдыг дэмжсэн томоохон төрийн бодлого гэж ойлгож байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар танилцууллаа.

Уг хуулийн төсөл нь МАН -ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна” гэж заасантай болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй бүрэн нийцэж байгааг УИХ-ын гишүүн С.Чинзориг онцолж байлаа.

Илтгэл, танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар 

"Малчид байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл аж төрж байна. Тиймээс өмнөх парламентад малчдын ажилласан жилийг нэмж тооцох тухай хуулийн төсөлд тухайн үед УИХ дахь МАН-ын бүлэг ихээхэн анхаарал хандуулж, энэ оны 1 дүгээр сард 1,2 жилээр нэмж тооцохоор болсон.

Жилдээ 13 өдөр тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг тохиолдуулан амарч байна. Ажилчид бүр жилд нэг удаа 14 ба түүнээс дээш хоног амралтаа авдаг. Бямба, Ням гарагаа тооцоолбол хөдөлмөрийн насны ажилтан хүн ам жилд 100 гаруй өдөр амардаг. Тиймээс жилийн 365 хоног, өдөр, шөнөгүй ажилладаг малчдад 1,2 жил нэмж тооцохоор болсон.

Одоо 1,5 жилээр тооцдог бол, малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл нь малчдын нийгмийн асуудлыг шийдэж байгаа гэж ойлгож болно. Тиймээс ямар болзлоор уг хуульд хамаарах вэ гэдгийг тодруулах нь зүйтэй.

Нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15 жилд малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 настайдаа, нийт 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарах нөхцөл уг хууль батлагдсанаар гарах болно. Энэ нь малчдыг дэмжсэн томоохон төрийн шийдвэр болох юм.

Нийт малчдын дунд ахмад малчид их байгаа бол залуу малчид харьцангуй цөөн байна. Тиймээс уг хууль гарснаар малчнаар ажиллах хүсэлтэй залуусын тоо өснө гэсэн хүлээлт байна. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж байгаатай холбогдуулан санхүүгийн тооцоо хийсэн үү? Хэрэв хийсэн бол танилцуулаач гэж хүсч байна." 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

"Энэ жилийн хувьд 1800 малчин тэтгэвэрт гарна. Хэрэв тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулбал 2018 онд 19000 малчин тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Ингэснээр 280 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт орно. 

Улсын төсөв болон, нийгмийн даатгалын санд ачаалал бага үүснэ гэж бодож байна. Харин ажил, хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлөхөөр тусгасан."