Даваасүрэн.Ц 2016.11.11 | Телевиз: Парламентын суваг

Ц.Даваасүрэн: Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан мөнгөө малчдыг малжуулахад зориулах байсан

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн саналаа хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Цаашид малчдын тоог яаж бууруулахгүй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Залуу малчдын халаа үнэхээр учир дутагдалтай байна. Тиймээс энэ асуудалд уг хуулийн төсөл тодорхой дэмжлэг болно гэж үзэж байна.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах мөнгийг малчдыг малжуулахад зарцуулсан бол илүү үр дүн гарах байсан. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг асуудлыг шийдэх, тэтгэврийн насыг урагшуулах бол үр нөлөөтэй байна гэж найдаж байна.

Хөдөө, орон нутгийн иргэдийн ярьж байгаагаар залуу малчдыг тогтвортой байлгахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг болох хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?

Тухайн жилийн төсөвт нэмэлт эх үүсвэр шаардсан бол уг хуулийг дараа жил нь хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Уг заалтын дагуу малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах нь 2018 оноос эхэлнэ гэж ойлгож байна."

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж тусгасан ч Засгийн газар зарчмын хувьд дэмжиж байгаа ч хугацааг хойшлуулах санал тавьсан. Засгийн газрын саналыг хүндэтгээд хуулийн хэрэгжих хугацааг 2018 он болгосон. "