Ц.Даваасүрэн: Эдийн засгийн хуулийн орчныг өөрчлөхөөс аргагүй боллоо
2010.11.18

Ц.Даваасүрэн: Эдийн засгийн хуулийн орчныг өөрчлөхөөс аргагүй боллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг шинэчлэн өргөн барилаа. Шинэ төслөөр төсвийн алдагдал нэлээд нэмэгджээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувь байсан алдагдлыг 8,1 хувь болгож оруулж ирсэн байна. Үүний шалтгаан юу байв?

-Төсвийн алдагдал муудаж орж ирсэн. Алдагдлын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувьтай тэнцэхээр байсан алдагдлыг 8,1 хувь болгож өсгөсөн. Үүний шалтгаан гол нь хөрөнгө оруулалт өссөнд байгаа юм. Хөрөнгө оруулалтын зардлыг 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.  Орлого тал 220-иод тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хоёрын зөрүүн дээр алдагдал өссөн. Эдийн засаг тэлж, том бүтээн байгуулалт хийж байгаа энэ цагт хөрөнгө оруулалт дээр анхаарахгүй байж үнэхээр болохгүй байна. Нөгөө талаасаа хамтарсан Засгийн газрын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн гол суурь жил нь 2011 он. Ирэх жилээс хойш хугацаа байхгүй. Нэгэнт намууд томоохон бүтээн байгуулалт, сум орны хөгжлийг дэмжсэн  арга хэмжээнүүдийг сонгуулиар амлачихсанаас хойш түүнийг хэрэгжүүлэхээс өөр арга замгүй болж байгаа юм. Тэдгээрийг хэрэгжүүлэхээр төсөвт тусгаснаас болж хөрөнгө оруулалтын зардал  өндөр гарч байна. Өмнөх төслөөр 76 тэрбум төгрөг байсан хөрөнгө оруулалт одоо 600 тэрбум болж орж ирж байна. Энэ үзүүлэлт төсвийн алдагдлыг өсгөх гол хүчин зүйл болж байгаа юм.

-Гол ямар ямар хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж байгаа вэ?

-Тийм ийм хөрөнгө оруулалт гэхээсээ илүү өмнөх төсөлд хөрөнгө оруулалтад нийтэд нь бага мөнгө тусгаад байсан юм. Жишээ нь, нэг тэрбум төгрөгөөр байгуулах объект байлаа гэхэд 20-30 сая төгрөг л тавьчихсан. Түүгээр юу ч хийж чадахгүй учраас үнийн дүнг доод тал нь 30 хувиар өсгөж тусгасан. Нэрийн хувьд барьж байгуулах объектууд өөрчлөгдөөгүй. Аль болохоор 2012 он гэхэд объектуудыг ашиглалтад оруулсан байхаар тооцсон.

-Өнөөгийн зах зээлийн үнэд ойртуулж нэмсэн гэсэн үг үү?

-Анхнаасаа бага хэмжэний мөнгө тавьчихсан байсан. Зөвхөн объект эхлүүлэх төдий. Түүнийг л объектын 30-50 хувийг хийх хэмжээний мөнгө болгож өсгөсөн гэсэн үг.

-Шинэ төсөл орлого, зарлагын хувьд ямар болж орж ирсэн бэ?

-Орлогыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зарлагын хувьд хөрөнгө оруулалтыг гэхэд 523 тэрбум төгрөгөөр, урсгал зардлыг 130 гаруй тэрбум төгрөгөөр, үндсэндээ 670 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн учраас орлого, зарлага дээр 476 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болсон.

-Төсвийн төслийг цаг хугацааны хувьд арай өмнө буцааж болоогүй юм уу. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд батлагдсан байх ёстой хууль шүү дээ?

-Тийм байсан байж болох юм. Нэгэнт буцааж татах шаардлагатай гэж үзсэн бол арай өмнө буцаагаад хэлэлцүүлгийн хугацааг сунгах бололцоо байсныг үгүйсгэхгүй.

-Яг ямар шалтгаанаар Засгийн газар төсвийн төслийг татахаар болсон билээ?

-Түрүүн хэлсэн хөрөнгө оруулалтын зардлууд. Өнгөрсөн жил 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгаж байсан. Гэтэл ирэх жилийнхийг болохоор 76 тэрбум төгрөг гэж оруулж ирсэн. Яав ч худлаа байгаа биз дээ. Тэгээд хөрөнгө оруулалтыг 2010 оныхоос багагүй байлгах шаардлага гарсан. Үүн дээр гишүүд ч их шүүмжилсэн. Яагаад өндөр үнийн дүнтэй, 2-3 тэрбум төгрөгийн  объект дээр 10-20-хон сая төгрөг тавьсан юм бэ гэж шүүмжилсэн. Түүнийг зайлшгүй өсгөх шаардлага байсан.

-Тэмдэгтийн хураамжийн,  автомашин, өөрөө явагч хэрэгслийн гээд янз бүрийн татварууд төсвийг дагаж орж ирж байна. Төсвийн алдагдлаа иргэдийн нуруун дээр тохож төсвийн алдгдлаа нөхөх вий гэсэн болгоомжлол бас төрж байна л даа?

-Төсвийн алдагдлыг эдгээрээр нөхөх боломжгүй. Яагаад гэвэл төсвийн орлого талд татварын өөрчлөлтүүдийг тооцоод нэмэгдүүлчихсэн. Үндсэндээ татвар хураамж, бусад төлбөрийг 300 гаруй тэрбум төгрөгөөр энэ оныхоос өсгөсөн. Үүн дотор тэмдэгтийн хураамж, автомашин, өөрөө явагч хэрэгслийн татвар бүгд орсон. Хамгийн гол нь өсөн нэмэгдэх рояльтийн 200 гаруй тэрбум төгрөг байна. Үлдсэн зуугаад  тэрбум төгрөг нь тэмдэгтийн хураамж, автомашины онцгой албан татвар гэсэн татваруудаас нэмэгдэж орж ирж байгаа. Энд бас шүүмжлэлтэй хандах хэд хэдэн зүйл бий.

Зарим талаараа монополийг дэмжсэн байх жишээтэй. Тухайлбал, шинээр спиртийн үйлдвэр барихад маш хүндрэлтэй болсон. Одоо байгаа үйлдвэрүүдээ л аваад явъя. Бусад бизнес эрхлэгчдэд энэ чиглэлийн бизнес эрхлэхийг хязгаарлая гэсэн байдалтай харагдахаар байгаа. Нөгөө талаасаа том аж ахуйн нэгж бага ачаалалтай, харин жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд дарамт болохоор байдал бас харагдаж: байна гэж гишүүд шүүмжилж байна. Үнэхээр тийм зүйл байх шиг байна. Өөр дутуу тооцсон зүйл нь сайн нарийн нягтлаагүй хураамжууд байсан. Эрчим хүчний эх үүсвэрийн зөвшөөрөл авахад 10 хувийн хураамж авна гэдэг харьцангуй ойлголт болчихож байгаа юм. Нэлээд том, 200 тэрбум төгрөгийн зөвшөөрөлд 20 тэрбумыг төлөх үү. Гэтэл 20-30 тэрбумын жижиг эх үүсвэр, станц барилаа гэхэд 200 сая төгрөг байх уу гээд харьцангуй ойлголт гарч ирж байгаа юм. Тэгэхээр хувь тавих үндэслэл алга. Хүчин чадал, объём, цар хүрээтэй нь уялдсан, амьдралд бодитой нийцсэн тийм татвар хураамж байх ёстой гэж гишүүд хэлээд байгааг зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан.

-Ирэх жилээс хэрэгжих суудлын автомашины онцгой татвараас болоод одооноос машины үнэ өсөөд эхэллээ. Ингэж болох уу?

- Машины насжилтаас шалтгаалж, жил нь өндөрсөх тутам татвар нэмэгдэж байгаа. Арван жилээс дээш насжилттай машин авах бололцоог үндсэндээ байхгүй болгосон. Дөрвөн саяас 24 сая төгрөг хүртэл нэмэгдэж байгаа. Тийм татвар төлж хуучин машин авна гэж байхгүй. Долоогоос есөн жилд хоёр дахин өсгөсөн байх жишээтэй. Ингэж тодорхой хэмжээгээр хуучин машин оруулж ирэхийг хязгаарлаж байгаа юм. Харин үүнээс болж машины үнийг одоо өсгөнө гэдэг буруу л даа.

-Оюутолгой, Тавантолгойгоос хэр зэрэг хөрөнгө орж ирэх вэ?

-163 тэрбум төгрөг орж ирнэ. Үүнийг харьцангуй бага байна гэсэн яриа гишүүдийн дунд гарсан. Би үүн дээр бодитой шалтгаан байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт нь гэрээ ярьж байх үеийн дөрвөн тэрбум биш, бүр зургаан тэрбум гараад явчихсан гэж байгаа шүү дээ. Тэгвэл ТЭЗҮ дээр байсан 2011 оны татварын 163 тэрбум төгрөг чинь бас тэр хэмжээгээр өсөх ёстой. Хэрэв хөрөнгө оруулалт өсөөд ажил нь сайн явж байгаа юм бол хилээр орж ирэх гааль, НӨАТ тэр хэмжээгээр өсөх ёстой. Тэгэхээр 163 тэрбум төгрөгийг эргэж харах ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа.

-Хэрэв тэгвэл хэр зэрэг мөнгө нэмэгдэх бол?

-Шууд хэлэхэд хэцүү. Ер нь анхны хөрөнгө оруулалт 50 хувь нэмэгдчихсэн байна. Тэгвэл татвараа мөн 50 хувиар өсгөнө гэж бодвол механикаар бодоход 80 тэрбумаар өсөхөөр байна.

-Хүний хөгжлийн сангаас ирэх жилээс хүн бүрт сар болгон  21 мянган төгрөг олгохоор боллоо. Мөнгөний бодлогоор 8-9 хувьд барина гэсэн инфляцид энэ нөлөөлөх болов уу?

-Ямар ч гэсэн энэ мөнгийг сар бүрээр өгөх нь зөв. Улирлаар гээд 70 мянгаар өгснөөс болж инфляцид шууд нөлөөлж байсан. Өмнө нь арав арван мянгаар өгөхөд гайгүй байсан юм чинь 21 мянгаа өгөөд, нийлүүлэлт талаа анхаараад явахад гайгүй болов уу. Гол нь нийлүүлэлт хоцрох юм бол үнэ өснө. Хүний гар дээр очих мөнгө өсөх учир импортын хэрэглээ өсч магадгүй. Гэтэл хилээр бараа нэвтрүүлэх чадвар удаашраад вагон саатаад эхэлбэл үнэ өсчихнө. Тэгэхээр тээвэрлэлт, нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлаа зайлшгүй нэмэгдүүлэх ёстой. Тэгж байж эдийн засгийн тэлэлтийг дагасан төсөвтэй болно. Төсвийн алдагдал өндөр байх нь буруу биш. Яагаад гэвэл эдийн засаг өөрөө тэлж байгаа болохоор түүнийг дагасан бусад салбараа хөгжүүлэхээс аргагүй. Дэд бүтэц, үйлдэрлэл, үйлчилгээний салбар гээд эдийн засгаа дагаж хөгжих бүх чиглэл рүү хөрөнгө оруулах ёстой. Гэхдээ зөвхөн улсын төсвөөр хийхгүй. Хөгжлийн банк байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын өөр арга замыг хэлэлцэж байгаа.

-Оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг олгоно гэсэн. Энэ нь төсөв дээр дарамт болох уу. Хүний хөгжлийн сан гээд тусдаа явах уу?

-Хүний хөгжлийн сангийн мөнгөнөөс гарна. Нийт 80 гаруй тэрбум төгрөг гарна. Нэгэнт 2008 оны сонгуулиар 1,5 сая төгрөгийг иргэддээ өгнө гээд амлачихсан юм чинь энэ мөнгийг босгож өгөх ёстой. Би бол бололцоо байгаа гэж бодож байна. Оюутолгойн урьдчилгааны 250 сая ам.долларын үлдэгдэл орж ирнэ. Тавантолгойтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, оператор шалгаруулах ажил гарч ирнэ. Тэндээс мөнгө босгох бололцоо бас бий. Мөнгө босгох нь хүнд ажил биш болсон гэж би бодож байна. Харин ямар замаар босгож, яаж зарцуулах вэ гэдэг чухал асуудал. Түүнд л анхаарах ёстой.

-Төсвийн төсөл бол дөрвөн хэлэлцүүлэгтэй хууль. Хууль батлах хугацаа дөхлөө. Баталж амжих болов уу?

-Амжина. Гол дагалдах хуулиудын хэлэлцэх эсэхийг шийдчихлээ. Энэ долоо хоногт багтаагаад эхний хэлэлцүүлгийг хийчихнэ. Төсвийн алдагдалтай холбоотой асуудлаар ажлын хэсгүүд дүгнэлт гаргана. Нэмэлт орлогын бололцоо юу байна. Зардлаа багасгах бололцоо юу байна гэдгийг судлаад явахад долоо хоног дотор бүх асуудлаа хумиад авчихна гэсэн тооцоотой байгаа.

-Гишүүдийн тойргийн мөнгө гэж хэрүүл заргатай зүйл байдаг. Тэр энэ удаагийн төсөвт орж байна уу?

-Тийм зүйл ороогүй дээ. УИХ-ын гишүүдийн тойргоос мэдээж төсөвт хөрөнгө оруулалт тусч л таарна. Түүнийг л харддаггүй юм бол. Мэдээж хэрэг би л гэхэд Хөвсгөлийн тойрогт хөрөнгө тусгуулахын тулд санал хураалгаж л таарна. Жишээ нь, баахан гүүр байгаа. Шишгэдийн голын, Цацын булангийн, Үүрийн голын гүүр, Хатгалын замыг дуусгана гээд хөрөнгө тавьчихсан. Энэ бүгдийг гишүүний мөнгө гэж хэлж болохгүй байх.

-Өнгөрсөн жил “Төсөвт гишүүний мөнгө ороогүй. Та нар олоод үзээрэй”  гэж байсан. Тараан байрлуулаад хийчихсэн 76 тэрбум төгрөг байсан нь сүүлд мэдэгдсэн шүү дээ?

-Өнгөрсөн оны төсвийн хэлэлцүүлгээр гишүүд орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 270 тэрбум төгрөгийн санал хураалгасан. Тэр үед төсвийг тэр хэмжээгээр нэмэгдүүлж чадахгүй байсан учраас 91 тэрбум төгрөг болгоод буулгачихсан. Түүнийг хуваахад зарим тойрогт нэг тэрбум, заримд нь тэрбум гаруй төгрөг ногдсон байх. Ийм эрх УИХ-ын гишүүдэд хуулийн дагуу  бий.

-“Би тойргийн мөнгөөрөө ийм тийм юм хийлээ. Усан оргилуур бүтээлээ” гээд гишүүд ярьдаг…

-Энэ өмнө нь ч яригдаж байсан зүйл. Тойрогт очихоор сонгогчид “Та манай суманд таван худаг шийдээд өг” гэдэг. Төсөвт тусгуулаад, яам тамгаар гүйгээд шийдүүлээд өгсөн болохоор “Би шийдүүллээ” гэхгүй яах юм. Хөөцөлдлөө, бүтээлээ гэж тайлагнах ёстой шүү дээ. Миний халааснаас гарсан мөнгө биш гэдгийг сонгогчид тэртэй тэргүй ойлгоно. Сонгуулийн мажоритар тогтолцоотой үед бол хөөцөлдлөө, бүтээлээ гэж ярихаас өөр арга байхгүй.

-УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг ярих гэж байна. Гишүүд холимог хувилбарыг авахаар бараг тохирсон юм шиг байна лээ. Хэрэв тэгвэл гишүүд тойрогтойгоо аж ахуйн ажлаар уяатай явдаг байдал багасах уу?

-Минийхээр бол пропорциональ, холимог тогтолцоог авахад хүндрэлтэй. Яагаад гэвэл “Ард түмэн төлөөллөөр дамжуулж төр барина.УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл” гээд Үндсэн хуульд заачихсан. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр холимог тогтолцоог авахад хэцүү. Ер нь пропорциональ ч бай, холимог тогтолцоо ч бай, үүнийг жалгын, сум, орон нутгийн жижиг асуудлаас хөндийрүүлье гэвэл хуулийн арга хэлбэрээр зохицуулах бүрэн бололцоотой. “Энэ ажил танайх” гэж орон нутагт даалгаад мөнгийг нь өгчих хэрэгтэй. Заавал аймаг бүр тойрог болох биш, улс даяар нэг тойрог байж бас болно. Тэгэх юм бол гишүүн бүрт бүхэл улсын ажил хамаарах болно.

-Он гармагц төсөвт тодотгол хийгээд эхэлдэг. Ирэх жилийн төсөв тодотгойлгүй явж чадах уу?

-Би бол тодотгол байж болно гэж бодож байна. Мөнгө их ороод ирвэл тодотгол хийх хэрэгтэй. Манай бүтээн байгуулалтын улирал зун, намрын хэдхэн сар л байдаг. Хэрэв мөнгө орж ирвэл энэ хугацаандаа багтаагаад хөрөнгө оруулалтын ажлаа хийх л хэрэгтэй.

-Төсвийн байнгын хороо бусад байнгын хорооны саналыг зангиддаг. Хэр үр бүтээлтэ й төсөв гарахаар харагдаж байна?

-Үр дүнтэй сайн төсөв гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл төлөвлөж байгаа хэлбэр нь шилжилтийн эдийн засагтай үеийн арга хэлбэртэй байна. Энд тэнд гал унтраах маягтай. Түүнээс биш цогц бодлого, төлөвлөлт гаргаад хийсэн, үр дүн нь тодорхой төсөв бол биш. Тийм болохоор юм мэддэг хүнд бол сайн төсөв гэж хэлэхэд инээдэмтэй.

-Үндсэн чиглэлээ хаврын чуулганаар хэлэлцээд, түүн дээрээ тулгуурлаж төсвөө намар хийж байя гэж үзээд тийм болгосон. Тэгсний үр ашиг мэдэгдэж байна уу?
-Үндсэн чиглэлд тусгасан бүхнийг төсөвт багтаах арга байхгүй. Тийм практик амьдралд хэрэгжиж байгаагүй.

-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль амьдралд нийцэхээ болилоо гэж гишүүд хэлдэг болж. Үнэхээр энэ хууль үүргээ биелүүлж дууссан уу?

-Манай эдийн засгийн хуулийн орчинг өөрчлөхөөс аргагүй боллоо. Жилийн төсөв гэхэд гурван их наяд гаруй төгрөгт яригдаж байна. Эдийн засаг асар том болчихлоо. Илүү ч томорно. Дөрөв дахин томорно гэж байгаа. Энэ хэрээр олон асуудал үүснэ. Түүнийг зохицуулах асуудал дагаад гарч ирнэ. Тэгэхээр хууль зүйн орчинг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Удирдлага, санхүүжилтийн хуульд сайн тал их бий. Одоогийн шинэ төсөв, санхүүгийн орчинд нийцэхгүй тал ч бий. Сайныг нь аваад л явах хэрэгтэй. Төсвийн орчноо сайжруулах ёстой. Тэгэхгүй бол энэ том баялгаа шавхасны дараа бид ядуугаараа үлдэх болно шүү дээ. Уул уурхайн баялаг дахиж ургахгүй. Эргээд баялаг бий болгодог тийм бүтээлч төсвийн орчин руу явах ёстой.

-Хэзээ тийм орчинтой болох бол?

-Ирэх жилээс хуулийн хүрээндээ орж эхэлнэ гэж бодож байна. 2012 оноос тийм төсөв хийж эхэлнэ.

-Намууд 2012 оны сонгуулиар халамж, бэлэн мөнгө амлахгүй байх, тийм үү?

-Хамгийн нэгдүгээрт түүнийг хаах ёстой. Эдийн засгийн цар хүрээ, боломжоос хэтэрсэн амлалт авдаг асуудлыг хуулиар зогсоох ёстой.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.