undefined 2016.11.11 | Телевиз: Парламентын суваг

Ц.Даваасүрэн: Хуулийг дагаж гарах журмыг яаралтай боловсруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулсан.

Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх ёстой. Засгийн газрын зүгээс “Монгол мал”, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах нь зүйтэй.

Хуулийн төсөл батлагдсаны дараа нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг яаралтай гаргах хэрэгтэй. Нөхөн төлүүлэх чиглэлээр ямар тодорхой хөнгөлөлт байж болох уу гэдэг дээр Засгийн газар ажиллах ёстой. 2018 оноос эхэлж хэрэгжинэ гээд журмаа гаргахгүй байсаар хугацааг нь тулгачихвал зарим малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ойлгомжгүй байдал үүсч, төлж чадахгүйд хүрч магадгүй.