Бат-эрдэнэ.Ж 2016.11.15 | Сонин: Монголын үнэн

Ж.Бат-Эрдэнэ: УИХ хүнд үед чамбай төсөв баталлаа

Ж.Бат-Эрдэнэ: УИХ хүнд үед чамбай төсөв баталлаа
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-аар 2017 оны төсвийг баталлаа. Эдийн засгийн амаргүй цаг үе таарсан учраас багагүй хэмжээний алдагдалтай төсөв болох шиг боллоо. Та хувьдаа хэр төсөв болсон гэж үзэж байна вэ?

Төсөв,  мөнгөний бодлого батлах үеэр бид эдийн засаг хүндэрсэн талаар хангалттай ярьсан. Ирэх онд улс эх орны эдийн засаг ямар байх вэ гэдгийг хэлэлцэх гэж байхад бодит нөхцөлөө ярихаас ч яахав. Гэтэл ингээд ярихаар биднийг гоншигонолоо гээд байх боллоо. Монгол Улсын эдийн засаг үндсэндээ маш хүнд байгаа. Засгийн газар байгуулагдаад нэлээд чамбай мөрийн хөтөлбөр батлуулсан.    

Тухайлбал, орлого нэмэгдүүлж, зарлагыг бууруулах тал дээр хатуухан дүгнэлт гаргасан. Мэдээж олон нийт бол үүнийг хүндхэн хүлээж авсан л даа. Учир нь, ард иргэд маань сонгууль дууссаны дараагаар бүх зүйл сайхан болно гэсэн итгэл найдвартай байсан шиг байгаа юм. Эдийн засгийг шууд сэргээнэ гэсэн хүлээлттэй байсан болохоор шинэ Засгийн газар гарч ирэнгүүтээ зардал бууруулна гэсэн нь хүнд туссан байх л даа. Гэхдээ тэр цаг үеийг бодвол одоо иргэд маань овоо ойлголттой болсон байх гэж бодож байна.

Хөдөө орон нутгаар явж байхад ард иргэд эдийн засгийн хүндрэлийн талаар нэлээд мэдээлэлтэй болсон нь ч харагдаж байна. Ийм хүнд үед УИХ боломжийн чамбай төсөв баталлаа гэж ойлгож байгаа. Тухайлбал, шинэ хөрөнгө оруулалтгүй төсөв болсон. Өнгөрсөн онуудад ажлыг нь эхлүүлээд дуусгаж чадаагүй буюу “царцаагдсан” обьектуудаа дуусгахаар шийдсэн.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш их хэмжээний өр тавьсан. Векселийг шинээр гаргаж ирсэн бол концессоор маш их хэмжээний хөрөнгө оруулалт    хийсэн байх жишээтэй. Тэртэй тэргүй төрийн захиалгаар ажил хийсэн компани, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг зайлшгүй дарах л ёстой болчихоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын тавьсан өрийг цэгцлэхээс аргагүй болчихоод байна. Тэгэхээр одоо хуучин хөрөнгө оруулалтаа дуусгах, өмнө нь авсан өр зээлээ төлөх гэх мэт "цэвэрлэгээний” ажил л хийж байна. Ингэснээр эргээд төсвөө зөв голдрилд нь оруулж, сахилга батыг хангах шаардлага үүсч байгаа юм. Харин үүний дараагаар эдийн засгаа шинээр босгох бодлогыг л барьж таарна.

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ам.долларын ханш өмнө байгаагүйгээр өссөн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Эрх баригчид валютын ханшийг бууруулах талаар ямар ч алхамхийхгүй байна гэх шүүмжлэл өрнөж байгаад та ямар хариулт өгөх вэ?

Ам.долларын нөөц буураад ирэхээр ханш нь өсдөг л дөө. Дээрээс нь зах зээлд ам.доллар орж ирэх бололцоо нь хаагдмал болчихоод байна. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Мөнгөний бодлогын хүрээнд ажлын хэсэг гаргаад ханшийг бууруулах талаар маш их ярьсан. Монголбанк болон Банкуудын холбоотой уулзаж ярилцсан байгаа. Эдийн засгийнхаа ном горимыг эвдээд ам.долларын өсөлтийг барина гэвэл бид өөрсдөө маш их хэмжээний ам.доллартай л байх шаардлагатай. Сүүлийн өдрүүдийн ам.долларын ханшийн өсөлт бол хөөсрөл.

Цаанаасаа гадаад худалдаа ихсээд импорт хийх шаардлага одоогоор харагдахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр хэрвээ импортын хэрэгцээ ихэсвэл ам.долларын эрэлт дагаж өсөх.ёстой. Гэтэл импорт өсч өгөхгүй байна. Энэ бол ам.доллар хөөсөөр өссөний шинж. Суурь эдийн засгийнхаа үнэлгээн дээр хараад үзэхээр ам.долларын ханшийг барих гол зүйл нь орж ирж байгаа амдоллар, нөгөө талдаа нөөц. Эдийн засгийнхаа өсөлтөөр ам.долларын ханш өсчихвөл түүнийг буулгахуйц хэмжээний нөөцтэй л байх хэрэгтэй.   

Жишээлбэл, БНХАУ бол сүүлийн хэдэн жил интервенц хийж, их хэмжээний нөөц нийлүүлж байж ханшийн өсөлтөө дарж ирсэн. Их хэмжээгээр нийлүүлээд эхлэхээр хүссэн хүсээгүй ханш нь буурдаг. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдийн өсөлтөд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, валютын чөн- жүүдэд нэлээд хяналт хий- сэн. Мөн чөнжийн зарчмаар ажиллаад байгаа банкуудын үйл ажиллагаанд ч хяналт тавьсан. Ингээд ирэхээр хиймлээр хөөрөгдөж байсан хөөс өөрийн эрхгүй дарагд- лаа шүү дээ.

-Нөгөө талдаа УИХ төсвийг батлахдаа зардлаа хангалттай хэмжээнд танаж чадсангүй гэх шүүмжлэл өрнөж байна л даа?

Төсвийг анх оруулж ирэхэд бид зардлыг нэлээд танах саналтай байсан шүү дээ. Зардлаа танаж, орлогоо өсгөх санал л чухал байлаа. Харин хэлэлцүүлгийн явцад эдгээр санал унасан. Гэхдээ яахав, бололцоотой саналуудыг буцааж харахаар болсон. Энэ хүрээнд тухайлсан хуулиудад өөрчлөлт оруулах асуудал ч багтсан байгаа.

Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн зардлыг бууруулах саналтай байгаа. Түүнчлэн төрийн өмчит болон төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийн гадаад дотоод томилолт болон ажилчдын цалин урамшууллын зардлыг ч эргэж харъя гэж байгаа юм.

Миний хувьд анхнаасаа зардал танах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Тэр бүү хэл, орлого олох тухайд архи, тамхи болон хадгаламжид байгаа мөнгөнөөс татвар авах зэргийг дэмжиж байгаа. Нөгөө талаар өнгөрсөн дөрвөн жил зардлаа маш их нэмсэн төсөв байлаа. Өөрөөр хэлбэл, дандаа орлогоосоо давсан зардалтай төсөв баталж ирсэн. Энэ нь сүүлийн жилүүддээ бүр ч замбараагаа алджээ.

Угтаа бид өөрсдөө хэдий хэмжээний орлого олж байна, тэр хэмжээнийхээ зардлыг л гаргаж байх ёстой юм. Гэтэл ийм байдал тэр чигтээ алдагдсан. Өнгөн талдаа ард түмэнд бүх зүйл сайхан байна гэж харуулах гэж л тэр шүү дээ. Харин бодит байдал дээр гаргасан зардлаа төсвөөс нөхөж чадахаа болингуут зээл аваад байсан байгаа юм. Ингэж явсаар үндсэндээ улс эх орныг хамраараа газар хатгаж унах хэмжээнд хүргэснийг хэн хүнгүй харж байгаа байх.

-Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болж байх шиг байна. Хэдийгээр хэлэлцээр дуусах шатандаа орж байгаа ч хувь гишүүний тань байр суурийг сонирхмоор байна. Хэрвээ энэ хөтөлбөрт хамрагдвал сая баталсан төсөвт тодотгол хийж таарах нь ээ?

Төсвийн сахилга батгүй байдлыг Олон улсын валютын сан хянадаг. Тэд биднийг хэт их зарлагаа бууруулахыг зөвлөж байгаа. Тэгэхээр бид “Стэнд бай" хөтөлбөрт зайлшгүй хамрагдах ёстой. Үүний хажуугаар төсөвтөө сахилга батыг бий болгох нь чухал. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад бодит нөхцөл байдлыг ард иргэддээ сайн танилцуулах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж зардлуудаа танахгүй бол буруу ойлголт түгэх магадлал өндөр шүү дээ. Харин цаашдаа валютын сангаасаа тусламж аваад явах нь зүйтэй. ЭдийН засгийг халамжийн бус эргэлтэд оруулах нь л чухал байна шүү дээ.

-Манай улс одоогийн байдлаар хэдэн улсаас хэчнээн төгрөгийн зээл,тусламж хүсээд байна вэ. Энэ хүрээнд хэчнээн төгрөг орж ирэх тооцоо гарав. Нөгөөтэйгүүр зээл авсан тохиолдолд ямар ч сонголтгүйгээр зээлээ төлнө гээд байгаа. Өөр гарцгүй болсон гэсэн үг үү?

Бусдад төлөх зээлийнхээ хэмжээнээс давсан зээл л авах хэрэгтэй байна. Үнэндээ өнөөдөр зээлгүй хүн цөөхөн болсон шүү дээ. Их, бага хэмжээгээр бүгд л өрийн сүлжээнд орчихсон нь нууц биш. Тэгэхээр та авсан зээлээрээ машин авч унаад, гэрээ тохижуулаад суугаад байвал дахиад танд хэн ч, ямар ч зээл олгохгүй шүү дээ.

Харин авсан зээлээ яг бодитой, эргээд үр өгөөжөө өгөхөөр зүйлд зарцуулсан тохиолдолд тухайн зээлдэгч дараагийн удаа танд боломж олгоно биз дээ. Ингэхгүйгээр хүнээс зээл авчихаад үрэн таран хийчихвэл хэн ч танд дахин итгэхгүй. Тэгэхээр хэрвээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод орлого зарлагаа тэнцүүлээд ирвэл адаглаад бидэнд итгэх итгэл сэргэх юм. Нэг үгээр бол, манай улсад мөнгө орж ирэх боломж бололцоо нээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжид Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь чухал болчихоод байна.

-Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа амжиж ирэх оны төсвийг баталлаа. Одоо Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах үлдэж байна. Уналтад орсон эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилготой хөтөлбөрийг дутуу боловсруулжээ. Эдийн засгийн нарийн тооцоололгүй гэх шүүмжлэл байна. Цаашид энэ хөтөлбөрийг ямар байдлаар чамбайруулах юм бэ. Ямар ч байсан яамдын саналыг сонсч байгаа гэсэн?

Бид ойрын өдрүүдэд ХХААХҮЯ, ЗТХЯ-нд очиж ажилласан. Ер нь бүх яамаар орж санал авахаар байгаа. Нэгдүгээрт, бидний өмнө нь хийж байсан ажлуудыг эдийн засагт нөлөөлөхүйц байдлаар үйл ажиллагаандаа тусгах саналыг яамдын зүгээс илэрхийлж байна. Яамдаас гарсан саналыг бүгдийг нь бус чухал хэдийг нь авч таарах байх.

Эдийн засгийн хүндрэлийг ямар байдлаар даван туулах вэ гэдэгт яам бүр саналаа ирүүлнэ. Үүний дараагаар хэлэлцэнэ. Яахав, зарим хүн энэ хөтөлбөрийг шүүмжилж байгаа. Бид одоогоор УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь л яриад байна шүү дээ. Цаашдаа хэлэлцүүлгийн явцад яам, тамгын газрын саналыг авч байж чамбайруулна. Жаахан боловсронгуй болгочихвол муугүй хөтөлбөр гэж харсан.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд 1.8 жилийн хугацаанд эдийн засгийг тогторжуулна гэсэн байна лээ. Энэ хэр боломжтой хугацаа вэ?

Эдийн засгийг сэргээнэ гэдэг тийм ч амархан хийчих ажил биш. Эхлээд эдийн засгаа чадавхжуулах хэрэгтэй болно. Үйлдвэрүүдээ хөл дээр нь босгож, аж ахуйн нэгжүүдийн чадамжийг нэмэгдүүлнэ гэх мэт олон ажил бий, Бололцоотой гэж үзвэл наад зах нь хоёр жилийн хугацаа шаардана л даа.

-Цаашилбал, казино болон бооцоот морин уралдааны тев байгуулахаар тусгасан. Түүхий төлөвлөгөө гэж шүүмжлээд байгаагийн нэг шалтгаан нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгвөгүй атлаа казино байгуулах заалт оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эхлээд казиногийнхоо хуулийг гаргаж байж, тоглоомын төв байгуулах учиртай гээд байна л даа. Үнэхээр ч тодорхой бэлтгэлгүйгээр хүндрэлийг даван туулах хөтөлбөрт дээрх заалтыг багтаасан юм шиг харагдсан?

Хуулиа зэрэгцүүлээд л оруулахаас аргагүй, Бид эхний ээлжид жагсаалтаа гаргачихаад араас нь шаардлагатай  ажлуудыг хийхээс аргагүй.   Өөрөөр хэлбэл, бидэнд цаг хугацаа богино байна шүү дээ. Жишээлбэл, мал эмнэлэг байгуулна гэхэд  хамгийн түрүүнд малаа эрүүлжүүлэх ажлыг хийхгүй бол гадагшаа мах экспортлох талаар яриад ч хэрэггүй болчихож байгаа юм.

Өөреөр хэлбэл, эрүүл ахуйн шаардлагаа бүрэн хангасан цагт гадагш нь гаргахгүй бол болохгүй. Энэ мэтчилэнгээр эхний ээлжид жагсаалтаа батлаад араас нь шаардлагатай ажлуудаа хийгээд явах юм. Бид одоогийн байдлаар цөөнгүй улс орноос зээл, тусламж хүсчихээд байгаа.

Тодорхой хэмжээний мөнгө эдийн засагт ороод ирсэн тохиолдолд 1.8 жилийг хүлээлгүйгээр эдийн засагт эерэг дохио өгч эхэлнэ. Ер нь тал талаасаа л дэмнэж явах юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр, гаднын улс орны дэмжлэг зэрэг нь нийлж байж л эдийн засагт эерэг үр дүн авчрах учиртай юм.