Эрдэнэбат.Ж 2016.11.16 | Сайт: Vip76.mn

Засгийн газрын 16 сайдын 11-ийнх нь төсөв зарцуулах эрх нэмэгдэж, 5 нь төсвөө танууллаа

Засгийн газрын 16 сайдын 11-ийнх нь төсөв зарцуулах эрх нэмэгдэж, 5 нь төсвөө танууллаа
Засгийн газрын зарим сайд нар

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл өнгөрөгч долоо хоногт батлагдсан. Энэхүү батлагдсан төсөв 9 дүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн төслөөсөө хэр өөрчлөгдсөн талаар манай сайт хөндөж байна. 

Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлого, зарцуулах эрх хуулийн төсөлд хэдэн сая төгрөг гэж оруулж ирсэн хийгээд гурван хэлэлцүүлгийн шатанд хэр өөрчлөгдөж, эцсийн бүлэгт тэдний төвлөрүүлэх орлого, зарцуулах эрх хэд болсныг хүснэгтээр харьцуулан харуулж байна. 

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд:
- Төсөв зарцуулах эрх нь 4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн 

Хүснэгт1: УИХ-ын даргын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Хүснэгт1-ээс харцгаая. Засгийн газраас УИХ-д 9 дүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 төсвийн тухай хуулийн төсөлд УИХ-ын даргын төвлөрүүлэх орлого гэж дурдаагүй байсан бол хэлэлцүүлгийн эцэст нэмж тусгасан бололтой.

Хуулийн төслийн эцсийн найруулгаар 2 тэрбум 570 сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Харин хуулийн төсөлд төсөв зарцуулах эрх нь 23,6 орчим тэрбум төгрөг байсан бол энэ тоо 4 тэрбумаар нэмэгдэж, 27,6 тэрбум төгрөг 2017 онд зарцуулахаар болж байна.

Уг хүснэгтээс нэг зүйлийг харж болно. Юу гэвэл УИХ-ын даргын төсөвт төвлөрүүлэх орлого нь 2,5 тэрбум төгрөг байтал зарцуулах эрх нь 27 тэрбум төгрөг буюу даруй 25 тэрбумаар илүү зарлага гаргах нь. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
- Орлогоо нэмэх үүрэг хүлээж, төсвөө танасан

Хүснэгт2: Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Тэрээр 2017 онд багагүй ачаа үүрсэн гэж болно. Хүснэгтээс харахад 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгахдаа, 2017 онд Ерөнхий сайд улсын төсөвт 141 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж байсан бол 201 болгож, 59 тэрбум төгрөг нэмж олохоор болж байна. Зөвхөн нэмж орлого төвлөрүүлээд зогсохгүй зарцуулах төсвөө 35 тэрбум төгрөгөөр танажээ. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
- Төсөв зарцуулах эрх нь 197 саяар нэмэгдсэн

Хүснэгт3: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Өмнөх хоёр төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайд ирэх оны төсөвт төвлөрүүлэх орлого нь тэрбумаар хэмжигдэж байсан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 975,8 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Энэ нь анх хуулийн төсөлд тусгагдсанаас 44,7 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 

Хуулийн төсөлд 20,4 тэрбум төгрөг зарцуулах эрх өгсөн ч хууль батлагдах мөчид 20,6 болж 197 сая төгрөгөөр нэмэгджээ. Төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх хоёрын хооронд 19 тэрбум төгрөгийн зөрүү байгааг уншигч та Хүснэгт3-аас харж болно. 

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх
- Төсөв зарцуулах эрх нь төвлөрүүлэх орлогоосоо 8 дахин их

Хүснэгт4: Монгол Улсын шадар сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Монгол Улсын шадар сайдын төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрхийн аль аль нь хуулийн төсөлд тусгаснаас нэмэгдсэн байна.

Тодруулбал, төсөвт төвлөрүүлэх орлого нь 307 сая төгрөгөөр нэмэгдэж, 14,8 тэрбум төгрөг болсон бол төсөв зарцуулах эрх нь анх байснаас 144 сая төгрөгөөр нэмэгдэж, 122,8 тэрбум төгрөгт хүрчээ. Шадар сайдын төсөв зарцуулах эрх нь төсөвт төвлөрүүлэх орлогоосоо 8,2 дахин их байна.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
- Төсөвт төвлөрүүлэх орлогоо 2 тэрбум төгрөгөөр нэмэх үүрэг хүлээсэн

Хүснэгт5: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Хуулийн төсөлд анх тусгагдсан төсөвт төвлөрүүлэх орлого нь хууль батлагдах үеэр 2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 22,2 тэрбум төгрөг болжээ. 

Тэгвэл төсөв зарцуулах эрх нь анх 70,9 тэрбум төгрөг гэж байсан бол 718 сая төгрөгөөр нэмэгдээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хувьд төсөв зарцуулах эрх нь төсөвт төвлөрүүлэх орлогоосоо 3,2 дахин их буюу 49,4 тэрбум төгрөгөөр илүү байна. 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
- Төсөвт төвлөрүүлэх орлогоо 10 саяар хасуулсан

Хүснэгт6: Гадаад харилцааны сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Түүний төсөвт төвлөрүүлэх орлого нь хуулийн төсөл анх оруулж ирж байсан үетэй харьцуулахад 10 сая төгрөгөөр хасагдаж. Харин төсөв зарцуулах эрх нь 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж. Төсөв зарцуулах эрх нь төсөвт төвлөрүүлэх орлогоосоо 5 дахин их байна. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн
- Төсөв зарцуулах эрх нь 7 их наяд, төсөвт төвлөрүүлэх орлого нь 3 их наяд төгрөг 

Хүснэгт7: Сангийн сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Сангийн сайд бусад сайдаас маш давуу орлого төвлөрүүлж, төсөв зарцуулах эрхтэй гэдгийг та Хүснэгт7-оос харж байна. Хуулийн төсөлд тусгагдсан төсөвт төвлөрүүлэх орлогоо 84 тэрбум төгрөгөөр нэмж, ирэх онд 3,6 их наяд төгрөгийн орлого олох даалгавар авлаа.

Тэгвэл төсөв зарцуулах эрх нь орлогоосоо бараг 2 дахин их байгаа нь төсвийн алдагдалд томоохон жин дарж байна. Түүний төсөв зарцуулах эрх нь хуулийн төсөлд анх тусгагдсанаасаа 94,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь төсөв танах бодлогоос зөрж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
- Төсөвт төвлөрүүлэх орлого нь 1 тэрбумаар хасагдаж, төсөв зарцуулах эрх нь 3 тэрбумаар нэмэгдсэн

Хүснэгт8: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Түүний төсөвт төвлөрүүлэх орлого анх оруулж ирснээс 1 тэрбум төгрөгөөр хасагджээ. Харин төсөв зарцуулах эрх нь 3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Ирэх онд төсөв зарцуулах эрх нь төсөвт төвлөрүүлэх орлогоос 7,6 дахин их байгааг Хүснэгт8-аас хараарай. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат

- Төсөв зарцуулах эрх нь орлогоосоо 2 дахин их байна

Хүснэгт9: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

2017 оны төсвийн тухай хуулийн төслийг анх оруулж ирсэнтэй харьцуулахад түүний төсөвт төвлөрүүлэх орлого ч, төсөв зарцуулах эрх ч нэмэгдсэн. 

Тодруулбал, төсөвт төвлөрүүлэх орлого нь 13,7 тэрбум, төсөв зарцуулах эрх нь 17 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь Засгийн газрын төсөв хэмнэх бодлогын бас л эсрэг үзүүлэлт болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын төсөв зарцуулах эрх нь төсөвт төвлөрүүлэх орлогоосоо ойролцоогоор 2 дахин их байна. 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
- Төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх нь 146 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна

Хүснэгт10: Батлан хамгаалахын сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Батлан хамгаалахын сайд анх 50,3 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байсан бол энэ тоо 9,6 тэрбумаар, 201 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байсан бол 5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төсөв зарцуулах эрх, төсөвт төвлөрүүлэх орлого хоёрын хооронд 146 тэрбум төгрөгийн зөрүү байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
- Төсөв зарцуулах эрх нь 4 тэрбум төгрөгөөр хумигдаж 1,3 их наядад хүрсэн

Хүснэгт11: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Сангийн сайдын дараа орох, хамгийн их төсөв зарцуулах 4 сайдын нэг. Түүний төсөвт төвлөрүүлэх орлого нь харьцангуй бага гэж болно. Хуулийн төсөлд анх 35,7 тэрбум гэж туссан байсан бол 2 тэрбум төгрөгөөр орлогоо нэмж, 37,8 тэрбум төгрөгт хүргэх хэрэгтэй болж байна. 

Сонирхолтой нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зарцуулах төсөв анх оруулж ирснээсээ 4 тэрбум төгрөгөөр хумигджээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
- Төсөвт төвлөрүүлэх орлого нь зарцуулах эрхээсээ 12 дахин их байх үүрэг хүлээсэн

Хүснэгт12: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх нь бусад сайдаас урвуу хамааралтай. Учир нь бусад сайдын тухайд төсөв зарцуулах эрх нь орлогоосоо хэд дахин их байсан бол Ц.Дашдорж их орлого олох үүрэгтэй, бага төсөв зарцуулах эрхтэй.

Тодруулбал, төсөвт төвлөрүүлэх орлого нь зарцуулах эрхээсээ 12 дахин их байна. Энэ нь Монгол Улс уул уурхайгаас хамааралтай гэдгийг илтгэх нэг жишээ байж болно. Гэхдээ энэ салбараас хамааралтай гэхэд сайдын төсөвт төвлөрүүлэх орлого нь бага ч юм шиг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн
- 76 тэрбум төгрөгөөр зарцуулах эрхээ тануулсан

Хүснэгт13: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсөв нь анх оруулж ирснээсээ танагдаж орж ирсэн цөөхөн сайд байгаагийн нэг нь П.Сэргэлэн. Түүний төсөв зарцуулах эрх нь хуулийн төсөлд анх тусгагдсанаасаа 76,8 тэрбум төгрөгөөр хасагджээ. Харин төсөвт төвлөрүүлэх орлогоо 357 сая төгрөгөөр нэмж, 131 тэрбум төгрөгт хүрэх даалгавар авчээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр
- Төсөв зарцуулах эрх нь төвлөрүүлэх орлогоосоо 14 дахин их буюу 1 их наяд 73 тэрбум төгрөг

Хүснэгт14: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Бид өмнө нь хамгийн их төсөв зарцуулах эрхтэй 4 сайдын талаар мэдээлж байсан. Тэдний нэг нь Н.Номтойбаяр юм. 2017 оны төсвийн тухай Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслөөс харахад түүний төсөв зарцуулах эрх нь 1 их наяд 63 тэрбум төгрөг байсан бол 1 их наяд 73 болж, 9 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Тэгвэл түүний төвлөрүүлэх орлого нь зарцуулалтаасаа 14 дахин бага байна. Хуулийн төсөлд анх тусгагдсанаар төсөвт төвлөрүүлэх орлого нь 78,6 тэрбум төгрөг байсан бол энэ тоо 778,9 саяар нэмэгдэж, 79,3 тэрбум төгрөгийн орлого олох үүрэг хүлээж байна. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг
- Төсөв зарцуулах эрх нь 418 тэрбумаар нэмэгдсэн

Хүснэгт15: Эрүүл мэндийн сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Хамгийн их төсөв зарцуулах эрх бүхий 4 дэх сайдаар өмнө ч тэр, одоо ч тэр А.Цогцэцэгийг нэрлэж болно. Учир нь 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд анх тусгагдсанаар түүний төсөв зарцуулах эрх нь 654,9 тэрбум төгрөг байсан бол даруй 418,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1 их наяд 73 тэрбум төгрөгт хүрээд байна. 

Төсөв зарцуулах эрх нь ингэж нэмэгдсэн байхад төсөвт төвлөрүүлэх орлогод нь нэг их өөрчлөлт ороогүй буюу 238,6 саяар нэмэгдүүлж, 213,6 тэрбум төгрөгийн орлого олохоор байна. 

Эрчим хүчний сайд П.Ганхүү
- Төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээгээгүй бололтой 

Хүснэгт16: Эрчим хүчний сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Хуулийн төсөл болон хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл дотор Эрчим хүчний сайдад төсөвт төвлөрүүлэх орлого тусгагдаагүй байна. Харин түүнд төсөв зарцуулах эрх бий. 

Тодруулбал, 111,4 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд 2017 онд зарцуулах ёстой. Хуулийн төсөлд анх тусгагдсанаар энэ тоо 116 байсан бол 4 тэрбум төгрөгөөр багассанаар төсвөө тануулсан цөөхөн сайдын нэгд тооцогдлоо. 

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр
- Төсөв зарцуулах эрхээ 332 сая төгрөгөөр тануулсан

Хүснэгт17: Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх орлого, төсөв зарцуулах эрх

Барилга, хот байгуулалтын сайдын төсөвт төвлөрүүлэх орлого ч тэр, төсөв зарцуулах эрх ч бусад төсвийн ерөнхийлөн захирагчтай харьцуулахад бага. Г.Мөнхбаяр төсөв зарцуулах эрхээ анх байснаасаа 332,7 сая төгрөгөөр хасуулжээ. Харин төсөвт төвлөрүүлэх орлогоо 46,7 саяар нэмж, 2,5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх хэрэгтэй болж байна.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn