Ц.Даваасүрэн: Төсвийн зарлага ДНБ-ий 52 хувьтай тэнцлээ
2010.12.01

Ц.Даваасүрэн: Төсвийн зарлага ДНБ-ий 52 хувьтай тэнцлээ

Монгол Улсын 2011 оны нэгдсэннтөсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөв нэлээд тэлсэн байдлаар батлагдлаа. Ирэх оны төсвийг та ямар болсон гэж үзэж байгаа вэ?

-Өөрийн гэсэн онцлогтой шинэ үеийн төсвийн эхлэл тавигдаж байна гэж би ойлгож байгаа. Ер нь 2012 оноос хойш, ялангуяа уул уурхайн томоохон орд газрууд эргэлтэд ороод үйлдвэрүүд ашиглалтад орсны дараа манай эдийн засгийн орчин огт өөр болно. Энэ чиглэлийн, эдийн засгийн өсөлт, тэлэлтийг дэмжсэн чиглэлд хийсэн төсөв гэж би ойлгож байгаа. Томоохон бүтээн байгуулалтын ажил, дэд бүтцийн том том хөрөнгө оруулалтыг төсвийн хүрээнд шийдэж чадаагүй ч тал бас бий. Тухайлбал, төмөр зам, уул уурхайн дахин боловсруулах үйлдвэрүүд, коксын үйлдвэр, эрчим хүчний станц, хангамжийн асуудал зэргийг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдэхээр тавьсан. Энэ бүгдийг төсөвтөө багтааж оруулна гэсэн бол төсвийн алдагдал бүр хачин их болно оо доо. Бид их бүтээн байгуулалтын урьдчилсан бэлтгэлийг зайлшгүй хангах ёстой юм. Түүний нэг хэсгийг л төсөвт суулгалаа. Суулгасан чинь төсвийн алдагдал өндөр болчихлоо. Ингэж тайлбарлая даа.

Нөгөө талаасаа 2011 он бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн бүрэн хэрэгжих эсэхийг шийдэх цаг хугацааны хувьд гол жил. Энэ агуулгаараа зарим  хийгдэх ёстой, эдийн засгийн хөгжил, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, нийгмийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн гол гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр нь төсвийн алдагдал өсөхөд нэлээд хэмжээгээр нөлөөлсөн. Тухайлбал, Монгол мал хөтөлбөрт 27 тэрбум төгрөг, сумдад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлд Сум хөгжүүлэх сангаар дамжуулаад 17 тэрбум төгрөг нэмж гаргахаар шийдсэн. Энэ талаас харж үзвэл хөрөнгө оруулалтын маш их арга хэмжээнүүдийг төсөвт зайлшгүй тусгахаас аргагүй болсон. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр бол төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 8,6 хувьтай тэнцэхээр байсан. Хэлэлцүүлгийн явцад Монгол мал хөтөлбөр, хөдөөд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, хотын бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт өссөнөөр Дотоодын нийт бүтээгдэхүүний 1,3 хувьтай тэнцэх хэмжээгээр өмнөх хувь дээр нэмэгдэж батлагдлаа. Нийтдээ 9,9 хувийн алдагдалтай гарсан гэсэн үг.

-Нийтдээ 600 гаруй тэр­бум төгрөгөөр хэмжигдэх энэ алдагдлыг ямар эх үүсвэрээс голлож нөхөх бол?

-Манай улсын зээлжих зэрэглэл өссөн. В нэмэх болсон. Энэ бол маш их бололцоог бидэнд олгож байгаа юм. Янз бүрийн хэлбэрээр олон улсын санхүүгийн зах зээл дээрээс мөнгө босгох боломж бидэнд бий болсон гэсэн үг. Гэхдээ бид өр зээл тавихаасаа илүү уул уурхайн баялгаа түшиглээд бий болгож байгаа төслүүдийн оператор компаниудаас татварын урьдчилгаа байдлаар тодорхой хэмжээний хөрөнгө босгохоор төлөвлөөд байгаа. Жишээ нь, Хүний хөгжлийн сан 500-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан. Үүнийг Тавантолгойн томоохон төслүүдийн урьдчилгаа хэлбэрээр авахаар тооцсон.

-Хүний хөгжлийн санд алдагдал гарсны шалтгаан юу байсан бэ. Иргэдэд өгөх 21 мянган төгрөг үү?

-Тийм. Иргэн бүрт ирэх жилээс сар болгон 21 мянган төгрөг олгоход 703 тэрбум төгрөг бэлнээр өгнө. Дээр нь оюутан бүрт олгох 500 мянган төгрөгтэйгээ нийлээд 800 тэрбум төгрөг давчихаж байгаа. Түүнээс 300 гаруй тэрбум нь Хүний хөгжлийн санд туссан нөөцийн төлбөр, ногдол ашиг хэлбэрээр ороод ирнэ. Цаадах 503 тэрбум төгрөг нь алдагдалтай байгаа. Үүнийг уул уурхайн салбарын урьдчилгаа байдлаар хөрөнгө оруу­лагчдаас авна гэж тооцсон.

-Тэр 21 мянган төгрөгийг заавал бэлнээр тараах биш, өөр хэлбэрээр ч олгож болно гэж шийдсэн бил үү?

-Тэгнэ. Хоёр намын бүлгийн ажлын хэсэг энэ тал дээр зөв­шилцсөн.  Иргэд бүлэг, хоршоо хэл­бэ­рээр зохион байгуулалтад ороод тодорхой ажлын байр бий болгохоор төсөл хэрэгжүүлэх юм бол 21 мянган төгрөгийн тодорхой хэсэг буюу 252 мянган төгрөгийг нэг удаа бэлнээр олгох боломж нээж өгсөн. Гэхдээ энэ мөнгөний эцсийн үр дүн нэг их сайн харагдахгүй байгаа. Үүнийг авлаа гээд иргэдийн амьдрал шийдэгдэхгүй шүү дээ. Эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл иргэдэд сар болгон олгох 21 мянган төгрөг бол асар их мөнгө. Найман зуу гаруй тэрбум төгрөг болж байгаа. Түүний зөвхөн тал нь хөдөө очино гэж бодъё. Дөрвөн зуун тэрбум төгрөг очино. Тэгвэл сум бүрт нэг тэрбум төгрөгийн үйлдвэр барих мөнгө болно биз дээ. Тийм үйлдвэр баривал сумдын асуудал ажлын байртай, юутай хээтэйгээ шийдэгдэнэ. Гэвч бид тэгж чадахгүй зүгээр л идээд, хувцас болгож салхинд гандаагаад өнгөрөх гэж байна.

-Намуудын буруу амлал­тын балаг, тийм биз?

-Үнэхээр улс төрийн буруу амлалт байсан. Цаашдаа огт ингэж болохгүй. Үүнийг хязгаарлахын тулд төсвийн хуулиудад өөрчлөлт хийж эхэлж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хийлээ. Эдийн засгийн зардлыг өсөлт Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдсан байна гэж үзэхээр боллоо. Цаашдаа улсын эдийн засгийн боломжоос давсан амлалт өгсөн улс төрийн намуудыг сонгуульд бүртгэж авахгүй байх хэлбэр рүү явахгүй бол мөнгийг ингэж шатааж байгаа юм шиг салхинд хийсгэж таарахгүй. Найман зуун тэрбум төгрөг бол асар их бүтээн байгуулалт. Зуун мегаВаттын хоёр том усан цахилгаан станц барих мөнгө байхгүй юү. Бид 1995 оны үед Эгийн голын усан цахилгаан станцыг барих гэж 100 тэрбум төгрөг олох гээд чаддаггүй байлаа шүү дээ. Одоо ганц санал хураалтаар ийм хэмжээний мөнгийг тараадаг болчихоод байна. Найм дахин их мөнгийг бэлнээр зүгээр өгөх гэж байна. Харамсалтай мөнгө шүү.

-Төсвийн орлого тал хаа­наас бүрдэж байгаа вэ?

-Орлого талын дутагдал 600 гаруй тэрбум төгрөг болчихлоо. Үүний дийлэнх хэсгийг Хүний хөгжлийн сангийн 503 тэрбум төгрөг эзэлж байна. Яахав, уул уурхайн салбарын урьдчилгаа байдлаар нөхөхөөр төлөвлөж байгаа. Бизнесийн үйл ажиллагаа идэвхжээд, манай улсын орлогын төлөвлөгөөний биелэлт сайжирч байна. Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харахад тийм  байдал ажиглагдаж байгаа. Ер нь бололцооны орлого төлөвлөсөн гэж үзэж байгаа. Гэнэтийн ашгийн татвараар авч байсан 311 тэрбум төгрөгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс авахгүй. Тэгвэл тийм хэмжээний мөнгө биз­несийн салбарт үлдэж байна шүү дээ.

-Тэр хэмжээгээр төсөв онгойно гэсэн үг биз дээ?

-Өмнөхөөсөө тэр хэмжээгээр дут­на л даа.

-Түүнийг юугаар нөхөх вэ?

-Өсөн нэмэгдэх роялтийн тат­вараар нөхнө. Тэндээс 207 тэр­бум төгрөг олж авна. Хэдийгээр 600 гаруй тэрбум төгрөгийн алдаг­далтай байгаа ч гэсэн энэ жил Тогтворжилтын сандаа 183 тэрбум төгрөг хуримтлуулна. Алдагдлын гурав­ны нэгтэй тэнцэх хэмжээний мөн­гийг хуримтлал байдлаар аваад үлдэж байна гэсэн үг.

-Төсвийн гуравны нэгийг халамжид зарцууллаа гээд байгаа…

-Нөгөө бэлнээр тараах 703 тэр­бум төгрөгтэй л холбоотой. Тийм ч учраас төсвийн зарлага Дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувьтай тэнцчихлээ шүү дээ. Бэлэн мөнгөний амлалт эдийн засагт асар сөрөг нөлөө үзүүлж байна.

-Бэлэн мөнгөний тараалт инф­ляцид яаж нөлөөлөх бол?

-Бол­гоомжлох ёстой. Гэхдээ хүү­хэд бүрт 10 мянган төгрөг өгч байхад айхтар инфляц болоогүй. Түүн шиг  хүн бүрт сар сард 21 мянгыг зөв тараагаад, шинээр бий болох эрэлтийг нийлүүлэлтээр зохистой хангаад байхад инфляци болохгүй гэж бодож байна. Минийхээр инфляцид нөлөөлж болзошгүй гэж үзэх болгоомжлол бол гурилын үнэ. Яагаад гэвэл дэлхийн зах зээлд гурил, будааны үнэ өсчихлөө. Энэ нөлөөлөл манайд ирчихвэл инфляцид хамаатай байж магадгүй. Тэрнээс биш нийлүүлт дагасан инфляцийг гаргахгүй байх бололцоотой. Энэ бол зөвхөн зохион байгуулалтын л асуудал. Нэвтрүүлэх, тээвэрлэх хүчин чадлаа л нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Эцсийн байдлаар Үнд­сэн чиглэлтэйгээ хэр уялдсан төсөв болов?

-Учир дутагдал бол бий. Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй төдийлөн сайн уялдахгүй байгаа учраас УИХ дээр хэлэлцүүлгийн явцад асар их шүүмжлэл дагуулсан. Цаашдаа төсвийн төлөвлөлтийг сайн болгоё гэх юм бол шилжилтийн үеийнх шиг асуудал шийдсэн төсөв биш, хөтөлбөр, төлөвлөлт, бодлогод суурилсан төсөв гаргах хэрэгтэй. Тэгвэл үр дүн нь тодорхой болно. Мөнгийг бодлогогүй, үр ашиг нь тодорхой бусаар цацдаг байдал хумигдана. Энэ чиглэл рүү л явах хэрэгтэй.

-Гишүүдийн тойргийн мөн­гийг энэ жил яасан бэ?

-Тийм зүйл огт тусгаагүй. Түүнд санаа зовохгүй байж болно.

-Ирэх жил төсөв хэрэг­жүүлэхэд ямар хүндрэл гарах бол?

-Орлогын тал дээр Тавантолгой төсөлтэй холбоотой үйл ажиллагаа цаашдаа хэрхэн өрнөх вэ гэсэн нөлөөлөл байж болзошгүй. Гэрээг хурдан хийгээд урьдчилгаа мөнгө шийдэгдээд явчихвал айхтар том хүндрэл гарна гэж харахгүй бай­на. Зохион байгуулалт, төсвийн хэрэгжилт тал дээр анхаарах ёстой. Анх удаа асар их хэмжээний мөнгө зарцуулах тухай асуудал гарч ирж байна шүү дээ. Хэдхэн жилийн өмнө, 2000 онд улсын төсөв 10 дахин бага байсан бол одоо урьд өмнө хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй тийм том хэмжээний төсөв батлагдлаа. 2000 оны эхээр улсын нийт хөрөнгө оруулалт  гучин хэдэн тэрбум төгрөг байсан. Одоо 20 дахин өсөөд байна. Манай бүтээн байгуулалт улирлын шинж чанартай. Хавар, зуны хугацааг ашиглаж шингээх асуудал маш их зохион байгуулалтыг шаардах нь ойлгомжтой. Тэгж чадвал хүндрэл бэрхшээл үүсэхгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.