АН-ын ҮЗХ-ны хуралдаан юу болж өндөрлөв?
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан
2016.11.17

АН-ын ҮЗХ-ны хуралдаан юу болж өндөрлөв?

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ хэмээж байсан ч заримыг нь хаалганы гадна үлдээв. Харин ирэх сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрмийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийг байгуулаад л хуралдаан өндөрлөсөн байна.

Учир нь тус хуралдаанд АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар ирээгүй юм. Харин хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор. Р.Амаржаргал. Н.Батбаяр, Х.Тэмүүжин. Г.Баярсайхан. Д.Зоригт, Д.Ганбат. Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд А.Бакей, Ш.Түвдэндорж нарын тэргүүтэй ҮЗХ- ны гишүүд иржээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн фракцынхан болох МоАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг гаргасан аж. Тэдний энэхүү саналыг намын зарим гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж “Тухайн үедээ хариуцлага тооцоогүй байж одоо энэ асуудлыг ярилцах шаардлагагүй.

Хэрвээ уг асуудлыг хэлэлцвэл нам дотор хагарал үүсгэж мэднэ. Хариуцлага тооцох байсан бол тухайн үед нь хэлэлцэх байсан. Тэгэхээр намын их хурал болох гэж байгаа учраас дүрмээ шинэчлэх болон их хурлыг зохион байгуулах ажлын хэсгүүдээ байгуулъя. Намын дүрмийг шинэчлэх асуудлаа цаг алдалгүй шийдвэрлье” гэсэн санал гарсан нь олонхийн дэмжлэгийг авч, энэ асуудлыг хэлэлцээгүй байна.

Мөн энэ удаа намын даргын асуудлыг хэлэлцэнэ хэмээгдэж байсан ч мөн л хойшлуулжээ. Энэ талаар Э.Бат-Үүл “Одоогийн намын дарга дараагийн намын дарга сонгогдтол ажлаа хийх ёстой”гэсэн санал гаргасныг ҮЗХ-ны гишүүд санал нэгтэй дэмжсэн байна. Харин ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү “ҮЗХ-ны хурал болж байхад З.Энхболд дарга алга байна. Хаана явна вэ” хэмээн намын даргаа сурагласан гэнэ.

Харин З.Энхболд даргын гэргий БНСУ-д эмчилгээтэй яваа тул энэ удаагийн хуралд ирэх боломжгүй байгааг намынхан нь хэлсэн байна. Тус намын гишүүдийн зүгээс нэг сарын хугацаатай намын дарга сонгож болох ч ҮЗХ дээр давуу талыг бий болгоно гэж үзжээ. Тиймээс одоогийн намын дарга дараагийн намын даргыг сонгогдтол албан ёсоор ажлаа хийх нь зөв гэсэн санал дээр нэгдсэн байна. Харин намын даргыг сунгаагаар сонгож батлах нь зүйтэй юм гэдэгт гишүүд санал нэгджээ.

Харин хурал төлөвлөсөн ёсоороо хоёр ажлын хэсгийг байгуулжээ. Тодруулбал, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийг томилжээ. Уг ажлын хэсэг нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

Ингээд дүрмийн шинэчлэлийг ирэх сард болох намын их хурлаараа хэлэлцүүлж батлуулахаар болсонбайна. Харин ирэх сард болох намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулахаар болжээ. Уг ажлын хэсэг нийт 20 гаруй хүнтэй аж. Ийнхүү дээрх асуудлыг хэлэлцснээр АН-ын ҮЗХ-ны худалдаан нам гүмхэн болж өндөрлөв.

Тэгвэл ҮЗХ-ны хуралдааны үеэр зарим гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

Я.Санжмятав: Намын даргын сунгаа нэгдүгээр сарын 20-ны үед болох байх

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хоёр комисс байгуулъя гэж ярьсан. Их хуралд бэлтгэх комисс, намын үзэл баримтлал, дүрмийн шинэчлэлийг бэлтгэн Их хуралд танилцуулах ажлын хэсгийг батлахаар шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, баталлаа. Дүрмийн хар зураг гарсан. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох нь буруу юм.

Тиймээс Их хурлаас сонгоно. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн хүрээнд намын даргад нэр дэвшиж байгаа хүн Их хурал дээр нэр дэвшээд хөтөлбөрөө танилцуулаад гардаг биш, орон нутгаар явж намын гишүүдээсээ санал аваад сунгаа зохион байгуулаад өндөр санал авсан хүнийг Их хурлаар оруулж баталгаажуулъя гэсэн бодлоготой байна.

Сунгаанд нэр дэвших нээлттэй. Ардчилсан намын даргаар сонгогдож байгаа хүн дараагийн Ерөнхийлөгчийг АН-аас гаргана гэж очихоос биш би дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн зүйл байхгүй байх. Намын даргын сунгаа нэгдүгээр сарын 20 хавьцаа болох байх.

Д.Ганхуяг: Намын даргыг сунгаагаар сонгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн

ҮЗХ-ны хурал өмнө нь хуралдчихсан байсан. Бид бүхэн нэгдүгээрт, намын дүрмээ шинэчлэх, хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа арванхоёрдугаар сарын 6-наас дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил эхэлнэ. Ер нь бүгд ярилцаад намын дарга болох хүн олон түмэн, намын гишүүд дээрээ очиж, сунгаагаар сонгогдох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Тэгэхээр намын дүрмийн шинэчлэх төсөл бэлтгэх ажлын хэсэг байгуулна. Мөн намын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. 

Хэн ч гэсэн нэр дэвшихээ чөлөөтэй зарлаж болно. Гол нь төрийн сонгууль Сонгуулийн тухай хуулийнхаа дагуу явагдах ёстой.  Хувь хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж болно. Намаас бол шийдвэр гараагүй.  Тэр асуудал яригдах байх. Тухайн үед Засгийн газрыг огцруулах эсэхээр ҮЗХ ямар нэгэн шийдвэр гаргаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж Үндсэн хуульд заасан асуудал байдаг. Хүн ч,  байгууллага ч байнга шинэчлэгдэж л байвал сайн шүү дээ. Улс орны хөгжилд ч хэрэгтэй.

Р.Амаржаргал: Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу гэдгийг харуулах байх

Миний хувьд хамгийн чухал асуудал бол намын дотоод ардчилал. Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчиллыг бэхжүүлж өгөх нь үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй юм.

Л.Эрхэмбаяр: Намын даргыг их хурлаасаа сонгодог байсныг нийт гишүүдээсээ сонгодог болгох санал гаргасан 

Ардчилсан намын даргаа ҮЗХ-ноос болон Их хурлаасаа сонгодог. Энэ удаад ихэнх гишүүд нийт намынхаа гишүүдийн дундаас сунгаагаар намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Намын үндсэн дүрэмд ҮЗХ- ны гишүүдийг дүүрэг, аймгийн намын хорооноос сонгодог байсныг тухайн тойргийн нийт гишүүдээс сонгодог байх санал гарсан. Мөн даргыг Их хурлаасаа сонгодог байсныг нийт гишүүдээсээ сонгох санал гараад байна.