Эрдэнэ.С 2016.11.17 | Сайт: Vip76.mn

С.Эрдэнэ: Сангийн сайд 20 мянган төрийн албан хаагч хална гэсэн амлалтандаа хүрч байх шиг байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Б.Чойжилсүрэн, Ц.Сандуй, С.Батболд нарын амлалт биелж байх шиг

Улсын тунхагласан түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэхийг дэмжиж байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Өнөөдөр Үндсэн хууль батлагдсан өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна. Монгол Улсын иргэнд олдсон бодит эрх, эрх чөлөө, иргэдийн халдашгүй байдлыг дархалсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн эрх зүйн чадамж дээшилсэн гэж хардаг. Харамсалтай нь төдийгөөс өдий хүртэлх түүхэн хугацаанд бий болж ирсэн иргэний эрх зүйн эрх чөлөө, иргэний дархлаа илт суларч байна.

Ялангуяа Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүрийг үзэл бодол, боловсрол мэдлэг, нийгмийн гарал, шашин шүтлэг зэрэг аливаа байдлаар ялгаварлан гадуурхана гэдэг заалтыг илт зөрчиж, энэ нь хэвийн үзэгдэл болж байна. Үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хоморголон халах нь компанит ажиллагаа болж байна. Энэ асуудлаар гомдол гаргахад шүүх, хууль хяналтын байгууллага нь ч тоохоо болилоо.

Яг л 1939, 1940 оны эхээр улс орон даяар явагдсан их хэлмэгдүүлэлт шиг хэдэн мянгаар нь хүмүүсийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж байна. төрийн албаны зөвлөл нь ажиллахаа байлаа.

Шүүх, хуулийн байгууллага нь ажиллахаа байлаа. Цагдаа, тагнуул, АТГ нь эрх баригчдын талд ажиллаж эхэллээ.

Ажлаас нь халахын тулд хүнийг шалгадаг болж. Зохиомлоор, зориудын шалтгаантай хянадаг, шалгадаг болж байна. Нийгэмд айдас хүйдэс бий болгож байна. Эрх баригчдад тэрсэлдэх юм бол цагдаа, мөрдөнгийн хаалга татдаг болсон аймшигтай дохио дэлдээд ирлээ. Хоморголон халах асуудал улс даяар хавтгайрч байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн 20 мянган төрийн албан хаагч хална гэсэн. Тэр амлалтаа хүрч байна. Ц.Сандуй, С.Батболд нарын 60 тэрбум төгрөгийн албан тушаалын наймаа арилжаа бодит байдалд биеллээ болж байгаа юм биш үү? Сүүлдээ үйлчлэгчийг хүртэл халж байна. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэж байгаа юм уу?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Таныг нэг өдөр 28 хүн зэрэг халж байсныг санаж байна

1924 онд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Энэ хуульд хүний эрхийг хангах талаар хуульчлан зааж өгснөөрөө онцлогтой. Сонгох, сонгогдох, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэх зэргээр хүний эрхийг хуульчилсан. Тиймээс Үндсэн хуулийн жишгээр Бүгд Найрамдах улс байгуулсан энэ өдрөө нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохыг дэмжиж байгаад талархаж байна.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, тэр дундаа төрийн албан хаагчдын эрх ашгийг уландаа гишгэх тухай асуудлаар С.Эрдэнэ гишүүн дуугарч байгаад харамсч байна.

Учир нь Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Бид уг хуулийн дагуу Монголын төр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоос 4 жилийн өмнө Төрийн албаны тухай хуулийг байхгүй болгож Нийтийн албаны тухай хууль гэсэн нэрээр хуульгүй мэт загнаж байсан, түүнийг оройлон гүйцэтгэж байсан гишүүн бол С.Эрдэнэ.

Хамгийн сүүлд хамтарсан Засгийн газар байгуулахад таны тушаалаар нэг өдөр 28 хүн зэрэг халагдсаныг тодхон санаж байна. Тийм учраас “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр энэ асуудлыг ингэж дуугарах хэрэггүй байх гэж нөхөрсөгөөр зөвлөж байна.

Хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах бол өнөөгийн нийгмийн үндсэн зарчим. Энэ зарчмаар ажиллаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.   

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn