УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.17

О.Баасанхүү: 26 жил төр барихдаа хоёр удаа олонх болж чадаагүй АН-д битгий буруугаа өг

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Н.Энхбаяртайгаа хариуцлагаа ярь

"65 гишүүн дотор дэмжихгүй гэдгээ хэлсэн ч гэсэн эцсийн шийдвэрийг та бүхэн бөөнөөрөө, бүгдээрээ, бүлгээрээ, дарангуйллаараа шийдэх болохоор миний хэлсэн үг далайд хийсэн чулуутай адилхан сонсогдох байх. Гэхдээ ард түмэн байгаа учраас хэлэхээс өөр арга алга.

Юу ярих, юу ярихгүйгээ УИХ-ын гишүүн хэнээр ч заалгахгүй.

Ялангуяа хямралтай холбоотой асуудлыг ярина. Өнөөдөр гудамжинд өлсгөлөн зогсохгүй байна. Наад зах нь тэтгэврийн хүүг бууруулна гэх зэргээр нэг ч амлалтандаа хүрээгүй учраас би яриад байна.

Системчлэгдсэн хуулийг бичигдсэн хууль гэж ярьдаг. Ром-Германы эрх зүйн тогтолцоо нь 1924 онд анх орж ирсэн болохоор хэлсэн юм. Би энд онолын маргаан яриагүй байна. Үнэн үү, худал уу гэж яриагүй.

1911 онд тусгаар тогтнолоо зарлахад гамингийн Засгийн газар хүрч ирээд бидний тусгаар тогтнолыг байхгүй болгосон гэж түүхийн номон дээр бичигдсэн байдаг. Гамин гэдэг нь гоо буюу улс, мин буюу ард,  до буюу нам гэсэн утгатай.

Өөрөөр хэлбэл "гаминдоо" гэдэг үгээс татгалзаж, системчлэгдсэн хуульдаа орохдоо нэг намын тогтолцоогоо авч үлдэж, олон намын тогтолцооноос татгалзъя гэсэн. 1990 оны өнцгөөс харахад ухралт хийсэн байж болно.

Түүх бол түүх. Үнэн бол үнэн. 1964 онд МАХН гэсэн нэрээрээ явж байсан. Ю.Цэдэнбал гэдэг хүн амьд биш учраас Ё.Баатарбилэг бид хоёр чанга ярьж байж болох юм.

МАХН гэсэн нэрээр олон түүх бичигдсэн, энэ түүхээрээ бахархдаг.

Энэ нэрийг та нарыг ав гэж гуйгаагүй. Энэ нэрийг авах сонирхолтой хүмүүс нь аваад явж байна. Ард түмэн үнэний талд зогсоно. 80 оноос өмнөх үеийнхэн бүгд л МАХН-ынхан байгаа шүү дээ. Тийм учраас 1996 он хүртэл ийм зүйл яваад байсан. Буриадын музейд МАХН-ын түүх бодитоор хадгалагдаж байна.

Ч.Далай гэдэг алдартай түүхч насан өөд болсноос хойш түүхийн дорвитой ном гарсангүй. Түүхч, академич Ж.Болдбаатарыг хүндэлдэг байсан боловч Үндсэн хуулийн цэц дээр очоод МАХН-ын түүхийн номыг бичихдээ хүртэл улстөржсөн. Тиймээс улс төрийн зорилгоор ямар нэгэн хууль өргөн барьж байвал болохгүй шүү.

Харин системчлэгдсэн хуулийнхаа үндсийг үргэлжлүүлж авч явъя гэвэл дэмжих ёстой. Тэрнээс биш МАН, АН хамтдаа сууж байгаад Чингис хааны мэндэлсэн өдрийг 22-ны өдөр мөн, биш гэж маргалдаж байхад энэ асуудлыг ганцаараа би эсэргүүцэж байсан. Тухайн үед өөрсдөө 12 дугаар сарын 29-нийг болгоё гээд болгосон. Яагаад гэвэл МАН-тай их ойрхон байсан.

1924 оноос татгалздаг байсан бол түүхийн үнэнд гүйцэгдэж, хууль батлагдаад явж байгаа нь сайн юм.

Бодит зүйлийг бодитой ярих хэрэгтэй. С.Жавхлангийн хэлдэг зөв. Тэр мэтгэлцээнд нь оролц л доо. Хүний олон хүнээ барьдаггүй. Ард түмэн үнэхээр ядарч байна. Сонгинохайрхан дүүрэгт очоод үзээрэй. Би энэ амьдралтай нүүр тулж байсан. 26 жил төр барихдаа хоёр удаа олонх болж чадаагүй АН-д битгий буруугаа өг.

МАХН зүгээр тайван явж байх үед МАН орж ирээд авлигач, алуурчин, хулгайч гэдэг нэрийдлээр Н.Энхбаяр гэдэг хүнийг айлгаснаас болж өнөөдөр тэр хүн энэ намыг зарж байна. Тэр хүнтэйгээ л хариуцлагаа ярь."